-
Гадаадын орнуудын төрийн тэргүүнийг хараад байхад улс төрөөс гажвал хүүхэн шуухан, нууц амрагийн асуудалд ороогдоод ард түмнээсээ уучлал гуйсан сураг дуулдах. Харин манайд төрийн тэргүүнүүд аюулын тэлээ чангатай, хормой хотоо хумьж явдаг сайн талтай юм. Харамсалтай нь хөршүүддээ айлчлаад ирэхдээ ашигт малтмалын ордоо л болж өгвөл тавьж туучихаад байдаг гэмтэй болчихоод байна. Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болдог тэр өвөл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар айлчлаад ирэхдээ Асгатыг бэлэглээд ирсэн хэрэгт сэрдэгдэж байсан бол энэ удаа С.Баяр эмхэлж цэгцлээгүй хуультай байж Солонгосуудад “найр тавилаа” хэмээн зэмлүүлэх хэрэг тарьчихаад ирэх нь. Энэ сарын 15-нд БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сын Сүгийн урилгаар тус улсад айлчилсан тэрбээр Монголын ашигт малтмалын томоохон нөөц бүхий орд газруудыг ашиглах хөтөлбөрт Солонгосын компаниудыг оролцуулах асуудлыг идэвхтэй судалж үзэхээ илэрхийлжээ. Тэдэнд Монголын Гүйцэтгэх засаглалын тэргүүний зөвхөн “судалж үзье” гэх энэ л үг хангалттай. Монголын говь тал нутагт 1967 оноос хойш өнөөг хүртэл 5 598 280 тонн нүүрс олборлон дэлхийн шуналыг татаад байгаа Тавантолгойн уурхайд “нэвтрэх виз” л гэсэн үг. Тавантолгойн коксждог нүүрс нь нөөцөөрөө дэлхийн топ 10-т багтдаг. Нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу байдаг. Тус компани 2007 онд анх удаа нэг сая тонн нүүрс, харин энэ жил хоёр сая тонн олборлох зорилт тавиад байгаа гэнэ. Энэ асар том эрх ашигт хошуу дүрэх үүднээс Солонгосын томоохон компаниуд нэгдэн консорциум байгуулж Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулах санал илэрхийлэхэд нь манай Ерөнхий сайд “сайшаасан” гэнэ. Тэгэхдээ “Бид хуулиа өөрчлөхгүй бол болохгүй байгаа, тиймээс эрх зүйн орчингоо шинэчилчихээд тав тухтай судалж, дахин санал солилцъё” гэх анзааны юм хэлж. Тэгээд ч зогсохгүй “Манай Тавантолгойд зэснээс гадна алт, мөнгө, вольфром ч бий” гэж гайхуулсан ч түншүүд төдийлөн сонирхсонгүй аж. Солонгост манай олон иргэд сайнаар ярьвал ажиллаж амьдарч, үнэндээ бол морь нохой мэт зүтгэн аль хортой хүнд ажлыг хийж яваа. Амь насаа алдсан нь ч бий. Тэнд ажиллаж байгаад ирсэн монголчууд тэднийг хятадуудаас дор гэж үздэг юм билээ. Айлчлалын хэд хоног, хэдхэн цагт сайхан тухлаад ирдэг дээдсүүд нарийндаа түншүүдээ тэдэн шиг мэдэхгүй. Ямартай ч “за гэвэл ёогүй” гэгчээр Тавантолгойд Солонгосууд хөрөнгө оруулж, ямар нэг хэмжээгээр нөлөөлөхийг оролдож байна. Харин энэ нөхцөл байдалд Монгол Улс бэлэн үү? Стратегийн ач холбогдол гэх томдсон малгай шиг нэрний цаана олборлох баялгийнх нь үнэ ханш дэлхийн зах зээл дээр өдөр ирэх тусам унаж улстөрчдийн зүрхээр хатгуулж, нойргүй хонох нь олшроод байгаа. Гэвч сонгуулиар амласан том амлалтдаа хүрэхийн тулд гаднаа гэмгүй царайлж “Унаж, өсч л байдаг ханш шүү дээ. Битгий муу ёрлоод бай” хэмээн ундууцна. Гэвч иргэд тэнэг биш ээ. Мэдээллийн зуунд амьдарч байгаагийнх аль ч сайт руу ороод зэсийн үнэ хэд байна. Цаашид өсөх нь үү, буурах нь уу, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид ямар дүгнэлт гаргасныг харж болж байгаа. Одоогоор Лондонгийн бирж дээр 5555, Блүүмберг дээр 5295 ам.долларын ханштай байгаа зэсийг ирэх дөрвөн жилд 3500 ам.доллар хүртэл унана гэсэн муу мэдээ дуулдах боллоо. Гэтэл гэнэн Монгол энэ оны төсвийн тодотголдоо зэсийн үнийг 6800 ам.доллар байхаар тооцоолчихсон байдаг. Ирэх онд зэсийг 10 000 ам.доллар хүртлээ өснө хэмээн баталж байсан судлаачид яагаад ч ийм үнэ хүрч чадахгүйг хүлээн зөвшөөрч эхэллээ. Яахаа мэдэхээ больсон улстөрчид дахиад хуулиа задлахаар болов. Азгүй хуульдаа тав дахь удаагаа “задлан хийх” ажлын хэсгээ ч томиллоо. Манайх шиг жил бүр шахам хуулиа задалдаг эрсдэлтэй улс орноос хөрөнгө оруулагчид хулжихаас ч яах вэ. Энэ бүхнийг бодолцоод Ерөнхий сайд “үгүй” гэж эрслэн хэлэхээс татгалзаж, судалж үзье гэсэн байх. Ямартай ч “охиныг нь сонирхсонд” талархаад найр тавиад ирсэн аж. Хожмын өдөр зэсийн үнэ өсч монголчууд сая ч юм уу, сая таван зуун төгрөг хүртэж, хүүхдүүд зуу, хүүхнүүд жирэмсний тэтгэмжээ авсаар байна гэдэгт иргэд, эдийн засагчид итгэл муутай байгаа ч том улстөрчдийн хувьд “дараагийн сонгууль даанч хол” байгаа болохоор тайван ажиглаж байна.
У.Оргилмаа
ww.sonin.mn
ene orchuulj bgaa orchuulgch ni hen be?
zov orchuulsanuu..