
Бичлэгийн тоо 4,494

Тэмцээний дөрөв дэх өдөр. Энэ өдөр манай боксчдын анхны ялалтыг авчирсан Н.Төгсцогт 51кг-д Словакийн Сенки Петртэй, 60 кг-д Азийн аварга З.Энхзориг Пуэрто-Рикогийн Педраза Хосетой, 64 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар хоёр дахь тоглолтоо хийсэн.
Харин 81 кг-д С.Эрдэнэбаяр анх удаа дэлхийн аваргын дэвжээнд гарлаа. Н.Төгсцогт эхний үед 4:3, 10:5, 12:7 оноогоор өрөлдөгчөө илүүрхэж хожсоноор хоёр дахь ялалтаа авлаа. 60кг-д З.Энхзориг эхний хоёр үе тэргүүлсэн ч, төгсгөлд нь өрсөлдөгч нь нэг оноо авснаар 3:4-өөр ялагдав. Дэлхийн аваргад хамгийн их итгэл тавьж, туршлагатай боксчин маань ийнхүү тэмцээнээ дуусгалаа. У.Мөнх-Эрдэнэ Румыний тамирчинг 14:9-ээр өрсөлдөгчөө буулгаж авснаар шилдэг 16-д үлдлээ.
П.Сэрдамба, Э.Идэрхүү, С.Эрдэнэбаяр нар хоёр дахь ялалтаа авлаа
Тэмцээний тав дахь өдөр. Энэ өдөр Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба хоёрдугаар тойрогт Словакийн Ковач Мирославтай тоглосон юм. Тэрээр эхний тойрогт хийлсэн бол энэ удаад анхны ялалтаа авлаа. 54кг-д оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Идэрхүү Европ тивийн аварга Английн боксчин Лук Кембеллтэй, 75кг-д Т.Чулуунтөмөр Молдавын Виктор Котуяншчитэй тоглосон юм.
П.Сэрдамба өрсөлдөгчөө 10:3-аар, Э.Идэрхүү 11:9-өөр ялсан. Харамсалтай нь хүнд жингийн тамирчин Т.Чулуунтөмөр Молдавын боксчинд 10:4-өөр ялагдлаа. Өчигдөр 81 кг-д С.Эрдэнэбаяр ганцаараа рингэд гарав. Тэрээр Ганын боксчин Ампонсаг тоглон 9:8-аар ялснаар хоёр дахь ялалтаа авлаа.
Өнөөдөр 48кг-д П.Сэрдамба Бразилийн Карвахо Паулотой, 54 кг-д Э.Идэрхүү гурав дахь тоглолтоо Ирландын Невинтэй, С.Эрдэнэбаяр Францын Боухениатай хийнэ.
Одоогийн байдлаар ДАШТ-нд манай улсын П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, С.Эрдэнэбаяр, Н.Төгсцогт, Э.Идэрхүү нарын таван боксчин тунаж үлдээд байгаа юм. Боксчиддоо амжилт хүсье.