

Итали улсын Милан хотод 2009 оны сонирхогчдын боксын XV дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Дэлхийн аваргын тэмцээнд 143 орны 650 гаруй ширэн бээлийтнүүд 12 өдрийн турш хүч үзэх гэж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48кг-д П.Сэрдамба, 51кг-д Н.Төгсцогт, 54кг-д Э.Идэрхүү, 57кг-д Б.Жавхлан, 60 кг-д З.Энхзориг, 64кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69кг-д Ж.Отгонжаргал, 75кг-д Т.Чулуунтөмөр, 81кг-д С.Эрдэнэбаяр нар Миланы рингэн дээр эх орноо төлөөлөн хүч үзэх юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Э.Бадар-Ууган бэртлийн улмаас оролцохгүй болсон. Гэхдээ олимпийн аварга ширэн бээлийтнүүдээ дэмжихээр аль хэдийн Миланыг зорьжээ. Шигшээ багийн тамирчдыг ахлах дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Д.Батсүрэн, Д.Ганзориг нар дасгалжуулна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр манай тамирчин Н.Төгсцогт Энэтхэгийн тамирчин Маинбам Суранжоитой хүч үзэх юм.