
Монголын кикбоксчин Б.Наадам алтан медалийн төлөө Казахстаны тамирчин, дэлхийн залуучуудын аварга Саян Жакуповтай ана мана үзэлцэн 1:2-оор дийлдэн 2-р байрт орлоо. Саян уулын нутгаар өвөг дээдэс нь аж төрж байсан 17 настай Жакупов өмнө нь бокс тоглодог байсан бөгөөд түүнийг их өсөх ирээдүйтэй хэмээн багийн ахлагч, Казахстаны кикбоксын холбооны ерөнхийлөгч Ирак Темирханович ихэд магтлаа. Ирак улсын нэртэй, нас сүүдэр 63 шүргэсэн энэхүү эрхэм саяхан манай зүтгэлтэй Жекейтэй уулзаж, хилийн асуудлаар санал солилцсоноо дурсав. Харин манай үзүүрлэгч тулаанч маань 7 сарын 7-нд төрөөд, яг улсын наадмын өдөр буюу 11-нд төрөхөөс гарсан тул түүнд Наадам гэдэг нэр хайрлажээ.
Анхны АЛТ
Азийн тулааны спортын наадмын анхны алтан медалийг Туркэд болсон дэлхийн залуучуудын аварга Очирпүрэвийн Лхагвахүү 57 кг-д хүртлээ. Манай нядхан эхлээд Тайваний бөх Хуан Ши-Ханыг ялж, шигшээд Вьетнамын Нгуен Ти-Яныг цэвэр шидэж монголчуудынхаа “даагыг нэхэв”. Тэрбээр самбын улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэлтэй, жүдод хоёротнаа хүч үзээд мултарч байсан гэнэ. Өдгөө БТДС-ийн оюутан. МҮОХ-ы Спорт ба Эмэгтэйчүүд Комиссын дарга Д.Арвин, нарийн бичиг П.Тунгалаг нар үүнийг сонсоод баярлах нь дамжиггүй, бас хүлээн авах нь эргэлзээгүй. 2005 оны Зүүн Азийн Наадмын ганц алтыг сүүлчийн өдөр Ц.Мөнхзул хүртсэнийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Алтаа хүрлээр солив
Эрэгтэй курашчид гурвуулаа финалд хөнгөхөн шалгарах нь цаасан сугалаан дээр илт харагдаж байв. Гэвч дэвжээн дээр байдал урвуугаар эргэж, 73кг-ийн Мөнхбатын Дагвадорж өнөөх л Вьетнамын тамирчин Нгуен Туан Хокт далаараа бууж, гарааны зурхайг гаж эхлүүлэх нь тэр ээ!. Дараа нь 15 настай Х.Гончигсумлаа (60 кг) дайн дажинтай Афганы бөх Абдул Вахедид цэвэр унаж, Б.Энхбаяр (66 кг) Тайваний Шү Пен-Яаог оноогоор хошуучилж яваад сүүлчийн хэдхэн секундэд оноо алдан сүүлчийн оноогоор медалийн өнгөө доошлуулав. Гэвч Бэгзийн Ганбаатар дасгалжуулагчтай курашийн баг 1 алт, 2 хүрэл медалиар Монголын цуглуулгад хувь оруулсныг мартаж боломгүй.
Тивийн тулаанчдын найрсаг наадам
Монголын баг тамирчид Азийн Тулааны Спортын анхдугаар наадамд спортын 4 төрлөөр хүч сорьж 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Дараагийн наадам хаана болох талаар одоогоор шийдвэр гараагүй байна. Гэвч хоёр удаа хойшлон хойшлон байж, хоног өдрийг чилээсээр байж эхэлсэн тивийн тулаанчдын нижгэр наадам “сорвигүй” амжилтай боллоо. Ертөнцийн хүмүүс зөвхөн спортын дэвжээн дээр л тулалдаж байх болтугай.