
![]()
Доод модот булан гэдэг газар толь шиг тунгалаг мөсөн дээр баяр эхлэв. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Тэргүүн хатагтай О.Цолмон, 12 настай охин Э.Ринченмядагийнхаа хамт мөсний баярт оролцсон юм. Мөсөн дээр уралдах морьдын тахны дуу, худраганд зүүсэн хонхны жингэнээн чарганы чимээтэй хослон, зүйрлэх аргагүй өвөрмөц ая дан үүсгэж, морьдын тахнаас мөс үсчин, цагаан манан манаран сэтгэл хөдөлгөж, хийморь сэргээсэн сайхан уралдаан болов. Аргагүй л устай, мөстэй газрын үр удам болохоо харуулж, нутгийнхаа нэрийг дуурсган тив дэлхийд өрсөлддөг тэшүүрчин хүүхдүүд толь шиг мөсийг эсгэн уралдаж бас нэгэн гайхамшгийг үзүүллээ. Далай ээж заримдаа тэсрэлт дэлбэрэлт мэт чанга дуу гарган, мөсөн бүрхүүл тасарч задарч, шахагдаж овоорох нь сүрдмээр. Үүнийг “хил гарлаа” гэж нэрлэдэг байна. Харин хоёр тийш нүүж, онгорхой үлдэн ус мэлтэгнэн долгионтох үзэгдлийг хар хил гэдэг бөгөөд ойртоход осолтой болохыг сануулж байлаа. |