Алагхан  хорвоо  чиний  зоон  дээр 
Анх  тэнцэж  хөлд  орсон  болохоор
Амьдрал  минь ч  чиний  элгэн  дээр  үргэлжилж
Адагт  нь  эцэслэхдээ  ариун  хэвлийд  тань  шингэнэ
Аргагүй  энэ  үнэнийг  үгүйсгэж 
Арсалдаж  чамтай  цэцэрхэх  гэсэнгүй ээ
Арван  өнгөөр  хувиран  догширох
Аашийг  чинь  аргадаж
Амьдралдаа  өөрөө  эзэн нь  байх  гэсэн  юм
Арчаагүй  нэгэн  шиг  алга  тосон  залбирч
Аз  завшаан  хайрлаач  гэж   гоншигонохгүй
Алт  мөнгөөр  бүрж  торго  тосонд  умбуулаач
Алдрын  титэм  шагнаач  гэж  бүрч  гуйхгүй
Аз  жаргалыг  чамаас  гуйж  би  авахгүй ээ
Аюулхай  цээжиндээ  зүрх  минь  цохилж
Ангир  бие  минь  хөвчрөн  чангарч
Арван  хуруу  минь  арвалзан  сарвалзаж
Арга  ухаан  оюун  бодолд  цогцолж  байсан  цагт
Аяндаа  намайг  дагалдах  болно оо  тэр
Атаархам  тэр  үед  тэнгэрт  ододтой  ирмэлцэн  гялалзаж
Амьдралд  цэцэгстэй  ханьсан  дэлгэрэх  миний  жаргалд
Аархуу  хорвоо  чи  мөчөөрхөх  эрхгүй  бүү  март
Аянгын  гялбаа  шиг  амьдрал  минь  дуусч
Алтанхан  хэвлийд  тань  оршихын  цагт
Хадгаар  аргадаж  чамаас  гуйх
Хэсэгхэн  газрыг  л  бүү   харамлаарай