Хайраар гэрэлтсэн орчлонд би амьдардаг

Хамгаас илүү жаргал минь гэж түүнийгээ боддог

Амьдрал минь шүлэг шиг яруухан санагддаг

Аз жаргал гэрэлтүүлж инээмсэглэн алхдаг

Үе үехэн чамайгаа л их санадаг

Үнсүүлж сэрээд зүүдэндээ хоргоддог

Сэтгэл доторхоо онгойтол нэг яримаар болдог

Сэмхэн нулимсаа арчдаг...

            Яагаад? Яагаад? гэсэн асуултаар өөрийгөө дардаг

            Ямарч хариулт олохгүй цөхөрдөг

Өөрийгөө мартаж чамайг л хүлээсэн

Өчнөөн жилийн өмнөх тэр л хайраа

Өнөө хэр нь мартаж чаддаггүйдээ

Өөр хүнд хайртай болж чаддаггүй

            Чинийхээ амьдралыг хүндэлсэндээ

Чимээгүйхэн л дотроо мэгшдэг

Ганцаардал хэмээх амьд тамын

Гашуун үнэнд би ухаажсан

Сэтгэл минь хичнээн бүрхэг байсан ч

Сэнхрэн бодож өөдрөг алхдаг

Нүдэндээ нулимстай байсан ч би инээмсэглэдэг

Нууц нууцхан гунихдаа ухаарал олдог

Үнэхээр хэцүү санагдсан үед ч

Үгээрээ ямагт бусдыг өөд татдаг

Арга барагдсан үедээ ч

Амьдралдаа итгэх итгэлээ алддаггүй

Бухимдал оволзовч хорсол болдоггүй

Бусдад хэзээ ч уураа гаргадаггүй

Бүхнийг гэгээтэй нүдээр хардаг

Бүлээн сэтгэл минь надад хань болдог

Гуньсаан би зөндөө гуньсан

Гунихдаа харин чамдаа хэзээ ч гомдоогүй

Шаналсаан би зөндөө шаналсан

Шархалсан зүрхээ дарахдаа чамайгаа буруутгаагүй

Амьдралд намайг хурцалж өгсөн болохоор чинь чамдаа би хайртай

Аз жаргалыг мэдрэх ухаан хайрласан болохоор чамдаа би хайртай

Шийтгэл юм шиг энэ амьдралдаа хайртай шигээ чамдаа би хайртай

Шинэхэн цас шиг ариухан сэтгэл минь харин чамд өртэй...

            Хайр бялхсан амьдрал минь

            Хамгаас илүү жаргалтай болохоор

Дутуу юм гэж үгүй санагддаг

Дуунаас ч сайхан амьдармаар болдог оо...

profile