Нас минь надаас үл хамаарч
Навчис хаялах бүрийд нэмэгднэм
Өглөө бүр толинд харж
Өөртэйгөө ижил хүүхнийг би гоёном
Нүүрэн дээр нь зураг зурж
Нүдийг нь очтой байлгах гэж
Наснаас нь залуу харагдуулахыг хүсч
Намба суугаагүй охин мэт болгон зурнам
Гоёном би тэр бүсгүйг
Гологдож бусдад, бүү шаналаасай гэж
Дүүрэн жаргалтай яваасай гэж
Дуулж, баясаж амьдраасай гэхдээ
Өөртэйгөө ижил бүх бүсгүйг гоёхыг хүснэм би
Бүтэлгүй дурлал, шаналал
Бүгд тэднийг тойрох болтугай
Гэрэлтсэн цагаан царайнаас нь үрчлээ хүртэл зугатаж
Дэрэвгэр урт сормуусанд нь эрвээхэй хүртэл бүдэрч
Дэлхийд, монгол бүсгүй гэж ийм сайхан байдгийм гэж
Дэндүү ихэмсэг агаад бардам алхахыг тань би хүснэм
Гоёном би тэр бүсгүйг...