"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Тарган хүмүүсийн зовлон их. Гутал үдэхээс өгсүүлээд амьсгаа давхцуулах, хөлс урсгах үйл олон. Тэдэнд таарах хувцас хунар олдох нь ч ховор. Харин галбиртаа санаа зовсон мариалагчуудад зориулсан тураах арга, хэрэгсэл олон янзаар бий болчихож. Өлсгөж, гүйлгэж, харайлгаж, элдэв цай, хоол уулгаж идүүлэхээс өгсүүлээд өөх хайлуулж, соруулдаг үйлчилгээ энд тэндгүй. Тураадаг, илүүдэл жинг хасах зориулалттай өч төчнөөн аппарат, хэрэгслийг эрдэмтэд зохион бүтээчихсэн байна. Эдгээр арга, техникээс хэрэглээд гоолиг болсон нь ч бий, санасандаа хүрч чадаагүй нь ч олон байх. Турах хамгийн энгийн арга бол хөдөлгөөн гэдгийг илүүдэл жинтэнгүүд сайн мэднэ. Харамсалтай нь амьдралд тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй. Энгийнээр жингээ хасах бас нэг аргыг Америкийн эрдэмтэд судалгаагаар баталжээ. Энэ нь цэвэр ус уух гэнэ. Ус их уувал бодисын солилцоо сайжирч турахад нөлөөлдөг байна. Өдөрт дор хаяж 10-12 аяга ус залгилбал илүү үр нөлөөтэй гэнэ. Тэдний судалгаагаар өдөрт олон аяга ус уусан бүсгүйчүүд цөөхнийг залгилсан залхуучуудыг бодвол жингээ илүү их хаясан нь батлагдсан аж. Удахгүй шинэ жил болно. Гоёлын даашинзаа бэлдэж байгаа бүсгүйчүүд энэ аргыг туршаад үзэхэд илүүдэх юун. Ямар гарзтай юм биш, ахиухан ус уугаа л биз. Дашрамд сонирхуулахад өдөр бүр чихэрлэг жүүс уудаг бүсгүйчүүд энэ зуршлаасаа татгалзахад жилд найман килограммыг хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байна лээ.