Судалгаагаар, нэг хүнл гэхэд жилийн туршид дунджаар 60 литр шар айраг уудаг гэсэн тооцоо гарсан байх юм. Мэдээж энэ нь чех, болон германчуудыг /145 - 161 литр/ бодвол бага тоо л доо. Гэхдээ бид энэ тоо руу гэрлийн хурдаар дөхөж яваа. Учир нь ихэнх хүмүүс шар айрганд бие организмд нэн шаардлагатай уураг, нүүрс ус агуулагддаг бөгөөд бас алкоголь багатай ундаа хэмээн ойлгодог. Тэгвэл шар айрагтай “нөхөрлөсний” дараах үнэн дүр зураг нь том гүзээ, өвчилсөн элэг, зүрх судасны өвчин, бэлгийн сулрал.

Хамгийн түрүүнд ходоод хэлмэгддэг

Шар айраг нь үнэхээр сул алкогольтой ч хийжүүлсэн ундаа лав биш. Тодорхой хэмжээний этилийн спиртийг агуулдаг. Ялангуяа зарим сортын шар айрагны хөөсөнд агуулагдах алкоголийн хэмжээ 10-14 хувьтай байдаг нь 50-100 грамм цагаан архитай дүйнэ. Өдөр бүр хөөсрөн сагах бодис агуулсан алкоголь бүхий шингэн уухад ходоод, гэдэс дотрын ажиллагаа хэвийн байна гэж хэлэх аргагүй. Шар айраг нь салст бүрхэвчийг маш хүчтэй цочроодог.

Ялангуяа, хөөстэй ундааг тогтмол хэрэглэснээр төмөр ходоодны ханаар тарж, ходоодны шүүсийг ялгаруулснаар эхлээд их хэмжээний залхаг зунгаг үүсгэж дараа нь хатингаршуулдаг. Ингэснээр хоол шингэх явц удааширч,  дутуу боловсорсноос шууд гэдсэнд ордог байна. Энэ байдал олон дахин давтагдсаны эцэст ходоодны үрэвсэл /гастрит/, өтгөн хатах асуудалтай тулгарна. Архаг алкоголиос үүдэлтэй гастрит нь бие сулрах, сэтгэл санаагаар унах, ажлын чадвар буурах, ам гашуун оргих, гэдэс өвдөх, аюулхай орчимд хүндүүрлэж өвддөг байна.

Элгэнд “цохилт” өгнө

Алкоголь бол бие организмыг цэвэрлэх үндсэн үүрэгтэй элэгний хамгийн гол дайсан. Хэрвээ энэ эрхтэн зөвхөн шар айрагтай л тэмцээд байвал биеийг хоргүйжүүлэх ажиллагаа нь алдагдахад хүрнэ. Энэ тохиолдолд элэг нь бусад хүчтэй үйлчлэл бүхий хорт бодисоос бие организмыг хамгаалах найдвартай хаалт болж чадахгүй. Энэ нь элгийг улам үрэвсүүлж, гепатитаар өвчлөхөд хүргэнэ. Шар айрагны архаг гепатит нь нууц далд хэлбэртэй, хурц ил өвдөлт өгдөггүй онцлогтой. Тиймээс цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол элэгний цирроз боллох аюултай.

Мөн түүнчлэн шар айргийг тогтмол хэрэглэснээр нойр булчирхай өвчилж эхэлдэг байна. Ингэснээр тэжээлийн бодисыг задлах явц алдагдана.

Бөөр бол бие организмын “асрагч”

Бөөрний гол үүрэг нь бие организмын дотоод ажиллагааг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Бөөр нь биеийн хүчил шүлтийн бүтэц, ус- электролитийн тэнцварийг зохицуулахад оролцдог юм. Харин шар айраг ихээр ууснаас энэ төрөлхийн үйл явц алдагдаж, бөөр нь гурав дахин их ачаалалтай ажиллахад хүрдэг. Шар айраг нэг удаа ууж үзсэн хүн ч үүнийг сайн мэднэ. Юу гэвэл, тун ойр ойрхон туалет явах шаардлага гардаг биз дээ. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ нь спиртийн үйлчлэлээр бөөр хүчтэй цочирч, бөөрний бүх л эд эсийн шүүх ажиллагаа эрчимжсэнээр тайлбарлана.  

Шээс их хэмжээтэй ялгарснаар организмаас хүний биед нэн хэрэгцээтэй кали, магни, С аминдэм хамт гадагшилдаг. Зүрхэнд кали ихээр дутагдсанаас болж зүрхний хэм алдагдаж, хөлийн булчин өвдөж, хөл сулардаг. Харин магнийн дутагдал нь сэтгэл санаанд нөлөөлж, цочромтгой, уйламтгай, бас нойр муутай болгоно.  С аминдэмийн дутагдал нь дархлааг сулруулж, ханиад томуу тусахад хүргэдэг.  

Шар айраг байнга уухад спиртын үйлчлэлээр бөөрний эд эс үхжиж  хэмжээ нь багасч, хорчийдог. Яваандаа бөөрний дутагдалд ч хүргэх аюултай.  

“Бухандайн зүрх”

Шар айраг нь маш түргэн шингэдэг учир судсанд амархан нэвчдэг. Хэрвээ та ойр ойрхон их хэмжээгээр шар айраг  хэрэглэдэг бол зүрх томорч, венийн судас бүдүүрдэг. Эмч нар энэ үзэгдлийг “Шар айрагны зүрх” –ний синдром, “Бухандайн зүрх” буюу “Торгон оймс” хэмээн нэрлэдэг юм. Амьдралын гол эрхтэн болох зүрх маань өдөр бүр их хэмжээний шингэн шахаж гаргасаар улбагар болж, гадуураа өөхөлж ирдэг.  

Цаашлаад зүрхний хэм алдагдаж, даралт өндөрснө. Биеийн хүчний ачаалал нэмэгдэх тусам улам хүндэрч, амьсгаа давхцана. Шар айраг хэтрүүлэн хэрэглэснээс болж зүрхний булчингийн өвчин эрчимждэг.  Ингэснээр зүрх улам томорч, зүрхний булчингуудын ажиллагаа суларснаас зүрхний дутагдал үүсч, цус харвах эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна.

Гормоны хувьсал

Шар айраг нь эм хүйсний даавар болох прогестеронтой төстэй фитоэстрогеныг агуулдаг. Энэхүү фитоэстроген нь шар айргийг гашуун амттай болгох зорилгоор ашигладаг зөрөг цэцэгний булцуунд агуулагддаг Тиймээс тогтмол хэрэглэхэд эндокрины системийн ажиллагааг алдагдуулж орхидог.

Эрэгтэй хүн шар айраг ихээр хэрэглэхэд тестостерон ялгарлыг устгадаг. Үүнээс болж эмэгтэй гормон давамгайлж эхэлснээр эрэгтэй хүний гадаад байдалд өөрчлөлт ордог байна.

Тухайлбал:
Бие болон нүүрний арьсан дээрх үс багасч, хөхний булчирхай нэмэгдэж, дууны өнгө өөрчлөгдөн, шар айрагны “гүзээ” сууж, бэлхүүс, ташаа орчим өөх хуримтлагдаж эхэлдэг байна. Энэ шалтгаанаас болж шар айраг ихээр уух тусам улам эмэгтэйлэг шинж төрхтэй болж ирдэг юм байна.  

Шар айраг, архи хоёр адилгүй

Ихэнх хүмүүс алкоголь багатай учир шар айраг уух нь зуршил болдоггүй хэмээн ташаа ойлголттой явдаг. Тэгвэл бүр, шар айрганд донтох гэсэн анагаахын хэллэг ч бий гэнэ.

Архийг бодвол шар айраг нь уухад хялбар, гудамж, гэртээ хаана ч чөлөөтэй хэрэглэж болно. Наркологчдын хувьд шар айрганд дурлагчдыг эмчлэх нь архичдаас илүү хүнд тусдаг байна.  

Шар айрагчид нь сэтгэл зүйч болон эмч нарт бараг ханддаггүй. Тиймээс  зүрх, элэг, ходоод өвдснөөс эмнэлэгт хэвтэх нь цөөнгүй байдаг юм.