-"Энэрэл" эмнэлэгт 49-68 насны дөрвөн хүн дөрвөн жил амьдарч байна. Одоо яах вэ?-
Д.Агаржав, Ё.Хишгээ нар "Энэрэл" эмнэлэгт хэвтсэнээс хойш өдгөө дөрөв, таван жил өнгөрчээ. Энэ хоёр хөгшин одоо 50 гаруй настай. Насныхаа эцэст хөлөө хучуулж, асарч тойглуулах үр хүүхэд эдэнд бий. Харамсалтай нь, эмнэлэгт хүргэгдэн ирсэн тэр цагаас хойш энэ хоёр хөгшнийг эрж хайн, эргэж тойрох үр хүүхэд өдий хүртэл гарч ирсэнгүй. Эдгэрээд эмнэлгээс гарсан ч очих орон гэргүй гэх энэ хүмүүсийг гудамжинд хаях хүйтэн сэтгэлтэн байсангүй. Одоо хүртэл эмнэлэгтээ асарч тэтгүүлсээр амьдарч байгаа аж. "Ээжийгээ хаана байгааг нь мэдэхгүй хайгаад л яваа байж магад" хэмээн Д.Агаржав горьдлого үл тасран хүүхдүүдээ хүлээсээр. Д.Агаржав гуай Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх.
Багаасаа мал маллаж өссөн тэрээр "Эмээ нь энэ ертөнцөд мэндэлж, мэдээ орсон цагаасаа эхлэн зөвхөн мал малласаар л ирсэн. Надад өөр мэдэх, чадах зүйл алга. Өөрөөсөө унагасан хэдэн хүүхдээ л бэтгэртэл санаж эмнэлгийн орон дээр таван жилийг өнгөрөөлөө дөө" хэмээн эхэр татан уйллаа. Д.Агаржав гуай хэдэн онд төрсөн, Улаанбаатар хотод хэзээ орж ирснээ огт санахгүй байгаа аж. Ямартаа ч "Дэнжийн мянга"-ын хүнсний захад нохойн хоол, хар цай зардаг байснаа ярьсан юм. Ингэж явахдаа гудамжинд ухаан алдан унажээ. Ойр орчмын хүмүүс түргэн дуудсанаар тэр эмнэлэг бараадсан байна. Тал цус харваснаас биеийн өрөөсөн тал нь мэдээгүй болжээ. Эмнэлэгт ирсэн тэр мөчөөс хойш хүүхдүүдийнхээ царайг нэг ч удаа хараагүй. Магадгүй хүүхдүүд нь ээжийгээ хайгаад ололгүй өдийд сураггүй болсон хэмээн бодож суугаа биз. Тэрээр нэг хүү, дөрвөн охинтой гэнэ. Хүү Жамьянлхагва, охин Алтанцэцэг нар нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд мал маллаж байгаа.
Харин гурван охин нь болох А.Сарангэрэл, А.Отгонбаяр, А.Отгонсайхан нар Улаанбаатар хотод байдаг бололтой. Учир нь түүний ярьж буй зүйлүүд заримдаа зөрөлддөг. Түүний яриагаар бол гурван охин нь сургууль соёлоор яваагүй. Ээжтэйгээ хамт зах дээр нохойн хоол зардаг байжээ. Д.Агаржав ганц хүүгээ цэргийн дарга хийдэг тухай ч үе үе ярьдаг гэнэ. Тэднийх хотод "Дэнжийн мянга"-д амьдардаг байж. Улаан паспортоо солиулалгүй явсаар гээчихсэн учраас одоо түүний хэн гэдгийг нь батлах бичиг баримт байхгүй. Эмнэлгийн төмөр орон дээр өдөр хоногийг өнгөрөөж, өрөөнийхөө жижиг цонхоор орчлонг төсөөлсөөр таван жилийг авчээ. Хаалга онгойх тоолонд хүүхдүүдээ ороод ирэх юм шиг бодож, өврөө уудалсан бүхнээс чихэр горьдон суух энэ эмээгийн ганц хүсэл нь сэтгүүлч Ш.Гүрбазартай уулзах. Хүүхдүүдтэй нь уулзуулж чадах хүн гэж түүнийг боддог гэнэ. Д.Агаржав гуай "Миний ханийг Д.Чулуунбат гэдэг байлаа. Завханы Алдархаан сумын том хувилгаан байсан гэхээр тэр нутгийнхан андахгүй" хэмээн амьдралаасаа санаж байгаа бүхнээ уудлавч энэ хэдэн зүйлээс өөр түүний ой ухаанд юу ч үлдээгүй нь харамсалтай.
Нөгөө нэг хөгшин болох Ё.Хишгээ гуай хүү, охин хоёртой. Түүний охиныг "Энэрэл" эмнэлгийнхэн хайж сурагласаар олоод одоогоос жилийн өмнө ээжтэй нь уулзуулсан байна. Тухайн үед охин Б.Цолмон нь айлын бэр болох гэж байгаа тул шинэхэн хадмууддаа орон гэргүй, өвчтэй ээжийгээ танилцуулахаас татгалзжээ. Харин хүнтэй гэрлэснийхээ дараа зөвхөн ээждээ гэр базааж бэлдчихээд түүнийг авъя гэж амлаад явсан ч дахин ирээгүй байна. Холбоо барих бүх зүйлсээ устгаж, гэрийнхээ хаягийг ч өөрчилжээ. Гэвч эмнэлгийн хамт олон түүний сургийг дахин гаргаж. Тэр нэгэн гуанзанд тогооч хийж байгаа сурагтай гэнэ. Ё.Хишгээ гуай эмнэлэгт хэвтсэн цагаасаа хойш хэнтэй ч амьдралынхаа тухай ярилцаж байгаагүй. Гагцхүү охинтойгоо уулзсан тэр өдөр сэтгэлийнхээ гүнд хадгалж явсан бүхнээ уудалсан гэнэ. Охиноо явсны дараа тэрээр дахин дуугаа хураажээ. Одоо ч гэсэн бусадтай ярихыг хүсдэггүй бололтой. Ё.Хишгээ гуай Төв аймгийн Батсүмбэр сумынх. Гэхдээ нутгаасаа багаасаа гарч Улаанбаатар хотод иржээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн гэдгээ хэлдэг ч түүнийг нотлох бичиг баримт байхгүй. Өөрийнхөө төрсөн он, сараа мэдэхгүй. Тэр ч бүү хэл нэрээ зөв хэлж байгаа нь эргэлзээтэй гэнэ. Насныхаа эцэст хөлөө бүлээцүүлж, хоолоо хийлгүүлж, элэг бүтэн сайхан амьдрахыг л тэр хүсч байгаа. Түүнээс өөр охин үрээсээ юу ч хүсээгүй. Харин энэ өчүүхэн хүсэлт охинд өөрийг нь төрүүлж өсгөсөн ээжийнх нь гавьяанаас ч илүү хүнд санагдсан бололтой. "Энэрэл" эмнэлгийн байнгын оршин суугч өвчтөн гэх Л.Цолмон, Д.Лхасүрэн нарын туулж ирсэн амьдралын зам ч бүдэг бадаг ажээ. Л.Цолмон өдгөө 49 настай.Тэрээр цагтаа савхин хувцасны наймаа эрхэлдэг. XIII хороололд хоёр өрөө байртай байж. Гэтэл нэг өдөр ах дүүсийн хүүхдүүд хоорондоо муудалцан нэгнээ хутгалсан хэрэг гарчээ. Энэ хэргийн улмаас Л.Цолмон буруудаж шоронд ял эдэлсэн байна. Хоригдож байхад нь эрүүл мэндийн шалтгаанаар түүний ялыг хэрэгсэхгүй болгож гэмтлийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Тэрээр хөлөө тайруулжээ. Мөн амьдралынхаа зарим зүйлийг тод санахгүй байгаагаас ах дүү, амраг садных нь сургийг гаргах боломжгүй болжээ. Л.Цолмонгийн яриагаар ээж Хандмаа нь амьд гэнэ. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүүгээ эрж хайж сурагласан нь үгүй. Түүнд эхнэр, хүүхэд байж ч магадгүй гэсэн. Тэрээр хөл рүүгээ зааж "Энэ эдгээд би явдаг болчихвол ээждээ очно. Тэгээд хүнтэй сууж олон хүүхэдтэй болно. Мөн машинаа бариад тээврийнхээ замд гарна" гэж ярина. Өөрийгөө нийтийн тээврийн жолооч байсан тухай ч дахин дахин хэлэх аж. Үүнээс өөр түүнд мэдэж, санаж буй зүйл ховор ажээ.
Д.Лхасүрэн гуай 68 настай. Эдэн дундаа хамгийн ахмад нь. Говь-Алтай аймгийн хилийн цэргийн тусгай албаны төлөөлөгч, хошууч цолтой байсан тухайгаа тэрээр ярих юм билээ. Тэндээсээ тэтгэвэрт гарсан ч өдгөө түүнд бичиг баримт огт байхгүй. Түүний тэтгэврийг хэн нэгэн нь авч завшсаар байж магадгүйг эмчлэгч эмч нар нь өгүүлж сууна. Тэр олон жилийн өмнө Улаанбаатар хотод орж иржээ. Сүүлийн жилүүдэд хотын гудамжаар амьдарч явсан бололтой юм. Ингээд авто ослын улмаас суумгай болжээ. Түүний ширгэж хөнхийсөн нүдний харц олон жилийн шаналал, зовлонг илтгэнэ. Хичээнгүйлэн ярих түүний сулхан дуу арайхийн сонсогдоно. Л.Болормаа, Л.Болор-Эрдэнэ, Л.Алтансүх, Л.Цэцэгээ гэсэн дөрвөн охин нь Англид амьдардаг гэнэ. "Нэгэнт ийм болчихсон хүн чинь энэ хэдийнхээ сэтгэлийг зовоохыг бодохгүй байна. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй хоёрын хооронд болчихсон ийм хүн яаж тэдэнтэйгээ уулзахав дээ. Би асрамжийн газар ч очихыг боддоггүй. Эндээ байж байгаад нүд аних юмсан" хэмээн ярьж сууна лээ. "Энэрэл" эмнэлгийнхэн энэ хүмүүсийг эмчлэх цагтаа эмчилчихсэн ч орон гэр, бичиг баримтгүй учраас гудамжинд гаргаад хаячихаж зүрхлэлгүй өдий хүрчээ. Тэднийг бичиг баримттай болгох гэж нэлээд хөөцөлдөж. Гэвч нэр усаа ч бүрэн мэдэхгүй байгаа эднийг бичиг баримтжуулна гэдэг хүндрэлтэй байдаг аж. Цөхрөлтгүй явсаар энэ эмнэлгийнхэн заримынх нь ах дүүгийн сургийг гаргадаг ч хүн ёсоор хандаж, ирээд уулзах сэтгэл тэдэнд дутжээ. Батсүмбэрийн улсын асрамжийн газар эднийг бичиг баримтгүйгээс гадна ямар нэгэн мөнгөн орлогогүй гээд авдаггүй байна. Тиймээс уг эмнэлгийнхэн дэргэдээ төрийн дэмжлэг туслалцаатайгаар асрамжийн газар байгуулчихад болохгүй гэх газаргүй. Үгүй ядаж Батсүмбэрийн асрамжийн газар бичиг баримт гэлтгүйгээр орон гэргүй ядарсан хөгшчүүдийг авдаг болоосой гэж суугаа аж. Эмнэлгийнхэн ямартаа ч тэдний ар гэрт найдаад хэрэггүй гэдгийг ойлгожээ.
Я.Мөнгөнцэцэг
