-Уран бүтээлийн талх шиг, оймс шиг үйлдвэрлэж болдоггүй гэдгийг мэдмээр юм даа-
Үүнийг тэмдэглэхийн өмнөтгөл болгож, “Эрхэм дуучдаа дуугаа сонгож, оюуны мэдрэмжээр дуулмаар байна шүү” гэдгийг зайлшгүй хэлэхгүй бол болохгүй нь. Нэг л адилхан шүлэгтэй, адилхан аятай дуунууд ар араасаа хөвөрсөөр. Түүнийг дуулж байгаа дуучид ч хоорондоо адил төстэй. Үнэнийг хэлэхэд, нийтийн дууны ертөнцөд цус ойртолт бий болжээ. Манай сонин урьд нь орчин үеийн нийтийн дууны талаархи шүүмжийг нийтэлсэн. Нэгэн цагт дуулж асан нэрт дуучин П.Адарсүрэн, УГЖ Д.Банзрагч нарын нэгэн үеийн бүх дуучдын дуу хоолойг ард олон хэзээ ч, хаана ч сонссон төвөггүйхэн ялгаж таньдаг байлаа. Гэтэл өнөөдөр FM радиогоор дуулаад байгаа дуучдыг заавал нэр усыг нь асууж сураглаж байж сая нэг таньж байна. Энэ нь дуучид олон болсон. Нөгөө талаар нийтийн дууны энэхэн үед олон ижил дуунуудыг зэрэг зэрэг туурвиж байгаагаас үүдэлтэй юм. Туурвих ч гэж дээ, чухам үйлдвэрлэж байгаа хэрэг. Уран бүтээлийг талх шиг, оймс шиг үйлдвэрлэж болдоггүй гэдгийг мэдмээр юм даа. Монголын нэн шинэ үеийн уран зохиол үүсч хөгжөөд ная гаруй жилийн нүүрийг үзэж байна. Манай уран зохиолын хөгжлийн оргил үеийг 1960-аад он байсан хэмээдэг бол нийгэм шилжилтийн үед /1990/ хэсэг хүмүүс гарч ирэн өмнөх үеийн уран зохиолыг уран зохиол биш, харин бидний бүтээж байгаа зүйл бол жинхэнэ уран зохиол мөн хэмээн хэсэг шуугиад чимээ намжив. Энэ л хөгжлийнхөө үе шатыг даган утга зохиол, түүний доторхи дууны яруу найраг хөгжсөөр ирсэн түүхтэй. Харин сүүлийн үеийн дууны яруу найргийн төрөлд гарч буй уналт бол дурын нэг нвхөр үзэг цаас нийлүүлж өөрийгөө уран бүтээлч хэмээн цээжээ дэлдсэнтэй холбоотой. Гэтэл хөгжмийн зохиолч гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг ая зохиогчид бусдыг хуулбарлан дуу хийж байна. Түүнчлэн үүнийг нь сэрж мэдрэхгүй дуулж байгаа дуучид. Нөгөө талаар тэднийгээ хөхиүлэн дэмжиж буй ном уншдаггүй, уншлаа ч сэрж мэдэрдэггүй хэсэг ард түмэн юм. Ялангуяа, 2000 оноос хойш гарсан дууны шүлэг нь яруу найргийн ямар ч үнэргүй, түүний шинж чанарыг агуулаагүй байгаа нь дээр хэлснийг нотолж байгаа хэрэг. Манай урлаг, утга зохиол олон урсгал чиглэл хөөгөөд жинхэнэ уламжлалт уран зохиолын чанар алдагдаж байгаа хэдий ч яруу найраг мөн чанараа хадгалан үлдэх учиртай. “Модернист” гэгч урсгал нь манайд хөгжиж байна гээд сүйд болоод байгаа болохоос биш өрнөдөд бол аль зуун жилийн өмнө реалист төрөл буюу бодит байдлын эсрэг мандаад өдгөө бараг мартагдах шахсан урлагийн зүгээр л нэг урсгал чиглэл юм, Харин энэ чиглэлээр бүтээл туурвигсдыг шууд утгаар буруутгаж байгаа хэрэг огт биш. Энэ урсгалаар бичиж байна гээд хэн ч ойлгохгүй зүйлийг биччихээд та нар юм ойлгохгүй байна, намайг баруунд бол ойлгоно, Монголд бол төдөн жилийн дараа ойлгоно гэх зэргээр ярьж байгаа хүмүүст хамаг учир байгаа юм. Эднээс л уран зохиолыг аварч үлдэх хэрэгтэй. Өнөөдөр уран зохиолыг шууд төрөлд хамаатуулан бичнэ гэж муйхарладаг хэсэг бүлэг этгээдүүд бий боллоо. Гагцхүү бүтээсний хойно судлаачид энэ зохиол тийм төрлийн ийм зохиол болжээ гэж дүгнэх учиртай бус уу. Үнэнийг хэлэхэд, судлаач нар ажлаа муу хийж байгаа нэгэн шинж мөн биз. Манай өмнөх үеийнхэн хүний эрх, эрх чөлөө, уран бүтээлийг боож хааж байдаг “Галлевлет” тэж сүрхий “машин” байлаа гээд шүүмжлэлтэй ярьдаг. Харин өнөөдөр чухамхүү тэр “галлевлет” дутагдаж байгаагаас уран зохиол, түүний доторхи дууны яруу найргийн төрөлд уналт бий боллоо. Уран сайхны зөвлөл, “галлевлет” гэгчээр тухайн цагт төрж байсан бүтээлүүд бүгд шүүгдэж байж олны хүртээл боддог байлаа. Тэр л үед муу дууны шүлэг үзээд өгье ч байхгүй байгаа нь түүний үр дүнг илтгэх бус уу. Тэр л Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Ж.Бадараа, Л.Давгадорж гээд бүгд л “галлевлет”-ээр уран бүтээлээ батлуулж байж сая олны хүртээл болгож байсан нь үнэн түүх. Гэтэл тэдний одоо ч амьдарсаар, цаашид амьдрах дуунуудын яруу найраг ямархан орон зайг нөхсөөр байна. Өдгөө бид эднийг давах бүү хэл нэгээхэн мөр бадагт нь ч дөхөх дууны шүлэг туурвиагүй. Тэгэхээр уран зохиолын хөгжил энэ тэрийг бол ярих ч юм биш. Дууны яруу найргийн уналт 1990-ээд оноос үндэс сууриа тавьж, өдгөө бүр эрчээ авсан байна. Энд би мөр зэрэгцэн туурвиж яваа нийт уран бүтээлчдээ хомроглон хэлээд байгаа хэрэг огт биш шүү. Тиймээс энэ бүгд сүйрлийн гол төлөөлргчдийн бүтээлээс эш татан өгүүлсү. Гэхдээ ахин хэлэхэд, үүнийг дуулаад байгаа дуучдын үүрэг энэхүү сүйрэлд ихээхэн хамаатай шүү. Сүүлийн үед дуучдын дуулж олны хүртээл болгосон дуунуудыг эмхэтгэн ном хэвлүүлэх болсон. Миний өмнө дуучин С. Жавхлан, Д.Хишигбаяр, Т.Дэлгэрмаа нарын дуулсан дуунуудыг Д.Цагаанхүү эмхэтгэж, Ч.Лхагвасүрэн редакторлаж олны хүртээл болгосон номууд байна. Энэхүү номын эхний хуудсыг сөхөхөд л ямархан бүтээл агуулсан болох нь танигдана! Ц.Батхишигийн “Амгалан аав” шүлэгт
“Гандуу тэрмэн дээлээ нөмрөөд
Ганзагаа гоёод хээр хоносон
Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Гүрмэл бугуйл шйг миний л аав уу даа” гэснээс харахад хэний ч дургүйцлийг хүргэхээр байгаа нь илт. Уг нь бол “гүдэсхэн аав” гэхэд л магтах гээд байгаа аавыгаа тодорхойлж чадах бус уу. Гэтэл авьяас чадваргүйгээ илтгэх гэсэн шиг шударга дөлгөөн хэмээн нэмж тэмдэг үгийг гурваар нь давхардуулан хэрэглэх ямар хэрэг баийа. Харин арынх нь мөр “Гүрмэл бугуйл шиг аав” гэж аавыгаа магтах биш харин ч доромжилсон байх юм. Ямар хүн гэхээрээ аавыгаа үхрийн ширтэй зүйрлэж чадна вэ. Гүрмэл бугуйл гэдэг чинь үхрийн ширийг монгол аргаар боловсруулсныг хэлдэг гэдгийг мэддэг баймаар юм. Мөн дууны гутгаар бадагт “Уургач хулантай наадаж” гэсэн байх юм. Салхинаас өөр зүйлийг унуулалгүй ээрэм талаар цахилж байдаг амьтан яахаараатэр аавын сүрэгт очоод бүр уургач хүлэг нь болчихдог байна. Хэрэв тэгж гэмээнэ уургач морь гэж орох бус уу. Он цаг өнгөрөх тусам гэрэлтэж байдаг уран бүтээл гэж бараг үгүй болсон гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Хамгийн гол нь бие биеэ давтсан уран бүтээлээс л зайлсхийх хэрэгтэй байна. Нэгнээ хуулна, давтна, дээр нь утгын алдаа гаргана гэхээр ямар уран бүтээл байх билээ. Мөн номд Д.Гантын “Чамайгаа санан дуулна” шүлэгт
Давхарлаад харагдах уулсын цаахантай
Даамай амрагийн минь нутаг бий дээ хө
Дассан чамдаа яваад очихлоор
Догдлон баясаад угтаад ирнэ дээ.. гэсэн мөрүүд байна. Үйл үгийг нэгэн дор дөрвөөр нь хэрэглэж буй яруу найргийн шинэ хэлбэр урсгал л гэж битгий хэлээсэй билээ. Мөн хоёрдугаар бадагт “Халиурсан зүлэгтэй дэнжийн хөвөөнөө” гэжээ. Үүнийг бол яагаад ч эвлүүлж дуулах бүү хэл эвлүүлж бодох ч арга алга. “Дэнж дээр зүлэг халиурна”. “Дэнжийн хөвөө” гэж юусан билээ гэж эрхэм бичигчээс асуух л үлдэнэ. Уг нь ертөнцийн логик утгаараа бол зүлэг гэдэг амьд ургамал нь гол төлөв голын ай сав эргээр халиурах биш, шигэж ургасан ургамал байдгийг хэн ч мэднэ. Нөгөө талаар дэнжид ямар юмных нь хөвөө байхав дээ. Дэнжийн бэл хормой л гэж дуулсан юм байна. “Давхарлаад харагдах уулс” байж болно. Гэхдээ үүний яруу шинж нь алга болжээ. Үүнийг цааш уншвал алдаагаа сэрдэггүй нэгэн бололтой гутгаар бадагтаа,
“Үгүйлж сууснаа учирлаад ярина даа” хэмээн өнөөх л үйл үгийг хамаагүй хэрэглэжээ. Барилгыг энэ үйл үгийг хэрэглэж байгаа шиг хамаагүй баривал амьдарч байгаа улсдаа хөнөөлтэй. Харин яруу найргийг энэ мэт хамаагүй бичвэл ард олны оюун санаанд хортой гэдгийг эрхэм бичигчид захья. Гэтэл тус номд манай утга зохиолын наяад оны нэгэн гол төлөөлөгчийн нэг СГЗ Ш.Гүрбазарын “Монголын үнэртэй салхи” гэсэн дуу оржээ.
Омог цэнхэр эгшиглэн амар амгалан салхи
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий түүний эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ гэжээ. Омголон гэдэг үг амгалан гэдэг үгтэй дүйж очих уу. Нэг мөрөнд салхийг ийн тодорхойлжээ. Ямар янзын салхи гэхээрээ ийм байна вэ. Тэгээд чухам хаана төрсөн юм нэг унага Монголоо эрээд янцгааж буй бололтой. Тэгэхээр нь тэр хачин салхинд дэнсэлсэн найрагчийн сэтгэл сэмрээд байх нь арга байж уу. Эндээс ажихад монгол хэлний ямар ч зохион байгуулалтгүй, адгийн наад захын алдаа мадаг ихтэй тийм л шүлгүүдийг утга зохиолд өөрийн орон зайгаа тодорхойлсон нөхдүүд бичээд эхлэхээр бусад нь apгa байж уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрмөөр. Тэгэхээр ямар ч утга, агуулгагүй, ая дан таараагүй, гоо сайхан хийгээд датын доголдолтой дууг дуулаад Өайгаа дуучид чухам ямар боловсролтой хүмүүс вэ гэдгээ харуулж байгаа нь хамгийн эмгэнэлтэй явдал юм. Тэгээд өнөөдүүл чинь миний энэ дуу тэгж төрсөн, ингэж төрсөн гээд телевизээр бахархангуй ярих нь хачирхалтай. Дээр дурьдсан “Монголын үнэртэй салхи”-г дуулж байгаа С.Жавхлан, “Амгалан аав” дууг дуулж байгаа Д.Хишигбаяр, “Чамайгаа л гэнэ” дууг дуулж байгаа Т.Баясгалан нарт хандаж хэлэхэд, энэ мэт утгын болон гоо сайхны алдаатай дууг нь дуулж ард олноо доромжлох хэрэггүй. Цус ойртсон нийтийн дууны ертөнцөд хувьсгал хийх цаг нэгэнт болжээ. Нэгэн уран бүтээлч хэлэхдээ, дуучид адилхан байна гэдэг дуу нь адилхан болоод байгаа хэрэг. Тэд түүнийгээ хамаагүй дуулж байгаа нь буруу юм. Тэгэхээр яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, дуучид бүгдээрээ л анхаарах хэрэгтэй гэсэн нь яахын аргагүй үнэн зүйл. “Дуу гурван жигүүртэй” гэсэн үг ч бий. Үүний нэг л жигүүр нь гэмтвэл “дуу” хэмээх хүлэг дүүлж чадахгүйд хүрч байгаа хэрэг. Гэтэл өнөөдөр гурван жигүүр нь гурвуулаа гэмтсэн дууг хүчээр ард олны зүрх сэтгэлд хүргэж байна даа. Өнөөдөр чөлөөт ардчилсан нийгэмд хүн юугаа хийх нь өөрийн дур хэдий ч бидний өмнөх нийгэмд хэрэглэж байсан урлагийн чиглэлийн зарим нэг арга . үгүйлэгдэж л байна. Өнөөдөр манай утга зохиолын дээд шагаал болох “Алтан-Өд”-өөс шагнал авч байгаа дууны шүлгүүдийг харахад л бүх зүйл тодорхой болно. Хуучинсаг гээд ямар нэгэн арга хэрэглэж болохгүй байгаа бол шагналд дэвшүүлж, түүнийг авч байгаа уран бүтээлийг нэг эргээд харахад илүүдэхгүй л болов уу.

С.Ууганбаяр

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/