Монголын ноолууран бүтээгдэхүүн АНУ ба Канадын зах зээл дээр гарах гарцаа нээлээ
Уншсан 5067 vote 0 2014.03.04 22:58:33Монголын ноолууран бүтээгдэхүүн АНУ ба Канадын зах зээл дээр гарах гарцаа нээлээ

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх асуудал хурцаар яригдаж буй энэ цаг үед манай бизнес эрхлэгчид зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээний брэнд бүтээгдэхүүн гаргахад ихээхэн анхаарч байгаа билээ. Үүний тулд бүтээлч санаачлагатай ажиллан, аль болохоор дэлхийн зах зээл рүү чиглэсэн гарц хайцгааж байгаа юм. Үүний нэг тод жишээ болсон сайхан арга хэмжээ саяхан болсон байна.
Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл АНУ-ын Лас Вегас хотноо 2 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болсон “Sourcing at Magic” хувцасны үзэсгэлэн яармагт амжилттай оролцжээ. Тус үзэсгэлэнд Буян, Блю Скай, Ээрмэл, Хатансүлжээ, Жаргал кашмер, Өгөөж шим, Нейшнл Кашмер, Сувд Кашмер, Говь-Эрдэнэ кашмер, Гоёл Кашмер, Лакс, PCY гэсэн 13 компани оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан нь Монголын талаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон анхны тохиолдол болсон байна. Төлөөлөгчдийг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа ахалж, Монголын Ноос, Ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажилласан аж. Түүнчлэн Америкт суугаа Монголын ЭСЯ-наас Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргахад нь санаачлага гаргаж идэвхитэй хамтран ажиллаж, туслалцаа үзүүлжээ. Үзэсгэлэнгийн үеэр Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг танилцуулах зорилгоор VIP хүлээн авалтыг 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж, тус яармагийн ерөнхийлөгч, зохион байгуулагчид АНУ-ын Хувцас импортлогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хьюс, Америкийн хувцас, гутлын холбооны удирдлага болон хувцас борлуулдаг компаниудын худалдан авагчид ( Urban Outfitters, Children`s Place, OSP Group, Oxford Industry, Abercrombie and Fitch гм.) нар идэвхитэй оролцож, цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан аж.
“Sourcing at Magic” үзэсгэлэн яармагийн ерөнхийлөгч К.Гриффин манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, яармагийн үйл ажиллагааг танилцуулсны сацуу энэхүү яармагт тогтмол оролцож, бүтээгдэхүүнээ худалдан авагчдад таниулах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Цаг агаарын сэрүүн бүсэд оршдог АНУ-ын төв, хойд хэсэг болон Канад нь Монголын ноолууран бүтээгдэхүүний хувьд боломжит зах зээл юм. Манай ноолуурын компаниуд хүч боломжоо ашиглан энэхүү том үзэсгэлэнд анх удаагаа ийнхүү оролцсон нь чухал туршлага болоод зогсохгүй том зах зээлийн гарцыг нээх анхны алхам болж чаджээ.
ҮХААЯ энэ арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, үзэсгэлэнгийн санхүүжилтийн тодорхой хэсгийг өгсөн явдалд үйлдвэрүүд ихээхэн талархаж байгаа бөгөөд цаашид тус үзэсгэлэнд тасралтгүй оролцож, Монгол ноолуурыг дэлхийд таниулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Д.Мигаа