“Би аж ахуйгаа байгальд ойр, уламжлалт маягаар явуулахыг хүссэн. Надад шинэ санаа төрүүлж, онгод оруулсан зүйлийг Монголоос олсон нь монголчуудын гэр юм” хэмээн Английн фермер Аластэр Гибсон хэвлэлийнхэнд мэдээлжээ. Тэрбээр Монголоос өнгөрсөн жил таван гэр авснаа Английн Гибсайд дахь “National trust” хүрээлэнд барьжээ.
“Би бусдаас өөр зүйл хийхийг хүсдэг. Тохилог, авсаархан, байгальд ямар ч хөнөөлгүй энэхүү сууц англичуудад тун сонирхолтой санагдаж байна” хэмээн тэрбээр ярьжээ. Гэрийн доторх эдлэлүүдийг мод, үхрийн шир, хонины ноосоор хийсэн нь өвөрмөц байсан тухай journallive. co.uk сайтад мэдээлсэн байна.
Тэрхүү гэрт нэг хоноход 50 паунд буюу 100.000 төгрөг юм. Монгол гэрт тухлах нь дулаан, дотно уур амьсгал бүрдүүлдэг учраас хүмүүс гэр бүл, хосоороо ирж амрах болжээ.