“Онги гол”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”,
“Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” зэрэг найман хөдөлгөөн
нэгдсэн “Гал үндэстэн” холбооныхон “Нутаг чөлөөлөх ажиллагаа” явуулахаар
өчигдөр Улаанбаатараас мордлоо. Тэд яг хаана очихоо сэтгүүлчдээс нуув.
Хангайн нуруу-Орхон, Сэлэнгийн сав болон Хэнтийн нуруу гэсэн хоёр
маршрутаар явж, Урт нэртэй хуулийн заалтад багтсан газарт үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа компаниудын эзэн, ажилтнуудад ажлаа
зогсоож, нөхөн сэргээлт хийх, Монгол Улсын хууль журмыг биелүүлэх
шаардлага гардуулахаар төлөвлөжээ. Байгаль дэлхийгээ хайрладаг монгол
хүн бүр өөрсдийг нь ойлгож, сөргөлдөхгүй гэдэгт тэд найдаж буй гэнэ. Эмх
замбараагүй байдал үүсгэхгүй, асуудлыг аль болох эвээр зохицуулахаар
дээрх холбоо, хөдөлгөөнийхөн тохиролцжээ. Хэрвээ компаниуд шаардлагыг нь
хүлээж авахгүй бол өөрөөр хандана, эсэргүүцэж сөргөлдвөл адилхан хариу
барина хэмээн тэд анхааруулж байна.