Байнгын хорооны хуралдааныг хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болгож, Парламентын үйл ажиллагааг тусгай өрөөнөөс, амьд бус байдлаар “сурвалжлах” гэх мэтээр шинэ оны зааг дээр сэм баталсан заалтыг өчигдөр цуцлав. Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Э.Бат-Үүл нарын таван гишүүний санаачилгаар татсан хөшгийг С.Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн хүчин зүтгэлээр нээлээ.
Нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үед олон гишүүн асуулт тавьж, санал хэлсэн бол өчигдөр Ц.Батбаяраас өөр хүн асуусангүй. Гэхдээ эрхэм гишүүн хэвлэлийнхэнтэй биш, өөрсдөдөө хамаатай зүйл лавласан юм.
Дэгийн тухай хуулийг шинэ оны зааг дээр батлах үед ямар ямар заалт оруулсныг мэдээгүй гэдгээ олон гишүүн хожим “илчилсэн” билээ. Ц.Батбаяр тэдний нэг байсан бололтой. Дэгийн тухай тэр хуулиас тухайн Байнгын хороонд харьяалалгүй гиш үүн ч санал хураалтад оролцож болно гэсэн заалтыг хассан аж. “Гиш үүний бүрэн эрхийг хязгаарлалаа” хэмээн тэрбээр гомдоллож, “Хаагуур нь ийм заалт орчихсон юм. Хэн ийм заалт санаачлаад байна аа” гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар түүний асуултад хариулах далимдаа бяцхан залруулга хийгээтэхэв. Тэрбээр “Намайг Байнгын хороог хэвлэлийнхэнд хаалттай болгосон заалтыг Дэгийн тухай хуульд санаачлан оруулсан гишүүдийн нэг гээд байх юм. Дэгийн тухай гурван хуулийг нэгтгэсэн. Минийх төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой ганц заалттай төсөл байсан.
Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил нарын тав, Ө.Энхтүвшин нарын 12 гишүүний санаачилсан төсөл дээр л голлосон юм шүү дээ” гэлээ. Хэзээ ч юм Дэгийн хуульд тусгасан “Байнгын хорооны гишүүн биш байсан ч тухайн асуудлаар санал хураалтад оролцож болно” гэсэн заалтыг мөн л шинэ жилээр баталсан хуулиар хассан юм байна.
Ийм заалт оруулсан хүнийг Ц.Батбаяр хайж, Ж.Сүхбаатар нэрлэж өгсөн тул Ч.Сайханбилэг аргагүй тайлбар хийв. Цөөнх зохион байгуулалттайгаар Байнгын хорооны хуралд сууж, тухайн асуудлыг “унагах” гэх мэтээр асуудал үүсгэж болох заалт учраас хасах саналыг тэр оруулсан аж.
Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлц үүлгээр батлах горимын саналыг гишүүд дэмжиж 84.1 хувийн саналаар баталлаа. Э.Бат- Үүл, Ч.Сайханбилэг, Ц.Мөнх-Оргил, Р.Амаржаргал нарын долоон хүн эсрэг санал өгөв.
Ийнхүү хэвлэлийн эрх чөлөө, ард түмний мэдээлэл олж авах эрх ялж, Байнгын хороодын хуралдаан өчигдрөөс нээлттэй болов.