Бичлэгийн тоо 497

КОЛЛЕКТИВ БУЮУ БОРГИОГЫН ТУХАЙ

Дунжаа багш санаанд ч үгүй, зүгээр л Боргилд Үжинлхамыг даалгаад өгсөн хэрэг ч биш, олон жилийн хур туршлагатай, насаараа л хүүхдүүдтэй ажиллаж байгаа ахмад багш хүний хувьд, дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаасных байсан бөгөөд тэр нь ч энэ хоёр хүүхдийн хувьд гайхалтай нүдээ олсон шийдэл байсан юм. Үжинг дааж авсан өдрөөс эхлэн Боргио хичээлийн дараа ангид авч үлдээд хичээл давтуулах гэсэн боловч эхний өдөр хичээл тарах тэрхэн хоромд, хөвгүүдтэй бужигнах ажлаа гялс амжуулаад эргээд харах хооронд Үжин аль хэдийн усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон байлаа. Маргааш нь мань эр хаширлан ангийн хаалга сахисаных арайтай л алдчихсангүй барьж авсан боловч Үжин:
    -Би бие засчихаад ирье гээд цүнхээ орхиод гарсан боловч мөн л эргэж ирсэнгүй.  Боргио нилээн хүлээгээд тэсгэл алдан бие засах газраар хайгаад олсонгүй эргээд ирэх хооронд нь Үжин аль хэдийн араар нь тавин, хаа нэгтээ нуугдаж байгаад цүнхээ аваад ор сураггүй алга болсон байлаа. Гурав дахь өдрөө санан, санан байж ангид авч үлдэж чадсан боловч Үжин цүнхтэй номоо гартаа тас атган, таг дуугүй газар ширтэн гөлийгөөд зогсчихов. Боргио байж ядаад тэсэлгүй гэзэгнийх нь үзүүрээс аяархан дугтарч орхитол хэрэг бишдэн Үжин "Ээжээ" гэж нэг муухай хашгиран, цүнхээ тээ тэр буланруу нүүлгэж орхисноо хоёр гараараа нүүрээ даран мэгшин уйлаад суучихав. Яг энэ үед хонгилоор явж таарсан захирал багш Үжингийн хашгирах дуунаар орж ирсэнээр хэрэг мандан захирал багш Боргиог хичээлийн эрхлэгчийн хүү гэж мэдэх хүний хувьд гадагшаа шагайн жижүүр ангийн сурагчаар хичээлийн эрхлэгчийг дуудууллаа...
    Түүнээс хойш хагас цаг орчмын дараа:
    ...-Аан, ийм л учиртай байсан юм байна шүү дээ. Та хоёрын хэн, хэний чинь ч зөв, бас хэн, хэний ч буруу байна шүү дээ! Хэмээн дөрвөн партны суудалд өөд, өөдөөсөө харан хажуулдан суусан хоёр сурагч, хоёр багш гэсэн дөрвөн хүний ширүүхэн эхэлсэн яриа ярилцах тусам зөөлөрсөөр энгийн дотно яриа болон өндөрллөө. Туршлагатай хоёрын, хоёр сурган хүмүүжүүлэгч багш хүн, хоёрын зэрэг алдрайхантай хэрхэн хүүрнэлдсэнийг эрхэмсэг уншигч авхай нарын алтан цагаас хумсалж хороон нуршин өгүүлэхгүйгээр товч тайлбарлан өгүүлвээс:
    Эдний анги оройн ээлжинд хичээллэдэг байсан учир Үжин маань хичээл тараад л яарахаараа яаран гүйсээр цэцэрлэгээс хоёр том дүүгээ аван, цаашилсаар яслиас бага дүүгээ аван ээжийнхээ оёж өгсөн, бага дүү нь босоогоороо ороод таардаг хөвөнтэй, хар даавуун уутанд хийж үүрэн, мөн л ээжийнхээ оёж хийж өгсөн гар хийцийн урт оосроор цүнхнийхээ ар талаар ороон, цүнхнийхээ түгжээн дотор оруулан түгжээд хоёр мөрөндөө углан үүрдэг болгож хувиргасан цүнхээ том дүүдээ үүрүүлсээр харьдаг байлаа. Угийн дуу муутай, үг цөөтэй, номой Үжин маань үүнийгээ Боргиод буюу "ангийн дарга"-даа хэлж чадахгүй гэнэдүүлж зугтсаар, тэр учрыг нь мэдэхгүй Боргио маань ч "Давтлаганаас зугтаадаг, хичээлд дургүй муу хүүхэд, тийм дээ ч муу сурч байгаа юм, чамайг даа" хэмээн санан санан, занан занан арайхийн барьж автал дээрхи явдал болсон билээ. Нэгэнт учраа ололцсон үеийн хоёр захирал багшынхаа цэцэрлэгийн болон яслийн багш нарт учир, явдлыг тайлбарлан бичиж өгсөн зурвасыг барьсаар дүү нарыг нь аван гэрт нь ирлээ. Боргил айлын ганц хүү бөгөөд, төрсөн цагаасаа л дандаа орон сууцанд амьдарч байсан ба урьд өмнө аав, ээжтэйгээ гэртээ айлаар орж үзэж байсан нь цөөнгүй боловч, анх удаагаа л гэртэй айлын аж, амьдрал, эцэс төгсгөлгүй үргэлжлэх гэрийн ажил гэж байдгийг Үжингийнд ирдэг болсон тэр л цагаас ухаарч эхэлсэн билээ. Тэр орой гэрт нь орж ирээд л дүү нарынх нь гадуур хувцасыг тайлах гэтэл Үжин сандран:
    -Ангийн даргаа, болохгүй! Хүлээж бай! Гэснээ нүүр нь уласхийн сандарч, Боргио түр хүлээж бай, би галлаад орхиё, одоохон гэснээ бодвол өдөр хичээлдээ явахын өмнө түлээ зэрэглэн өрж, цаас чихэн бэлдэж орхисон гэрийн пийшэндээ чүдэнз зуран галаа асааснаа, дээр нь бэлэн тавиатай байсан тогоонд ус хийн цай үйчихээд, өөрийн гадуур хувцсаа тайлан томдсон тэрлэг нөмгөн углан, бээлий барьсаар гарлаа. Арваад минутын дараа наймын хувинтай нүүрс барьсаар орж ирэн дээлээ тайлах зуураа:
    -За гэрийн жавар одоо л гарах нь байна, миний дүү нар хувцсаа солиорой гээд араас нь дүү нараа цайлах, оройныхоо хоолыг хийх, дүү нараа хооллох гээд гэрийн ажилд завгүй дарагдахыг гайхан харж "Хэдийдээ гэрийнхээ даалгаврыг хийдэг юм бол" гэж бодсоноо:
    -Үжээ, аав ээж чинь ирэх болоогүй юм уу? Гэхэд Үжин нэг их санаа алдсанаа, зүүн хоймрын авдар дээрхи залуухан хүний хадагаар бүтээсэн жаазтай зургийг заан:
    -Аав маань бүр ирэхгүй ээ, харин ээж маань ирэх болсон л баймаар юм гээд авдар дээрхи цагруу хяламхийн харлаа.
    Энэ өдрөөс эхлэн Боргио бага үд дээр арван нэгийн үед ирэн хичээлийг нь давтуулдаг боллоо. Энэ үедээ бас ч гэж худгаас ус зөөх, түлээ нүүрс оруулалцах гээд чадан ядан гэрийнх нь ажилд туслахыг бодовч, Үжин тас хориглоод зөвшөөрөхгүй. Гэвч аргыг нь олоод сэм, сэмхэн амжуулаад л байна. "Бие засчихаад ороод ирье" гээд гарсан хүн чинь эргээд ороод ирэхдээ тэвэр түлээ оруулаад л ирнэ. "Чи хуваахдаа алдаад байна, май энэ хуваахын хүрд, цээжилж бай. Би гэртээ дэвтрээ мартчихаж, очоод аваад ирье" гээд гарсан хүн чинь хэдий завандаа авчихдаг юм, унинд хавчуулаатай байх усны талоноос аваад, гадаа байх тэрэг бидоныг нь чимээ гаргалгүй авч яваад ус аваад ирнэ. Нэгэн удаа ингэж ус авч яваад ангийн атаман Горзооктой тааралдсанаар Боргиогын гэрийн орцны хаалган дээр тодоос тодоор хадаасаар хорлонтой нь аргагүй, гүнзгий гэгч нь сийлэн "Б+Ү" тэнцүү гээд ард нь сум нэвт зоосон зүрхний дүрс үлдээсэн нь хэний уран бүтээлийг хэн нь ч мэдэхгүй, гагцхүү сийлсэн эзэн нь л мэднэ. Харин яаж нэрээр нь биччихээгүй юм. Хүүхдүүд яаж ч холбон дооглож, шоолж ч байсан хамаагүй Боргио огт тоохгүйгээр орой хичээл тараад цэцэрлэгээс нь хоёр том дүүг нь юм уу, аль эсвэл яслиас нь бага дүүг нь заавал гэрт нь хүргэж өгөөд харина. Сургууль нь гурван ээлжээр хичээллэдэг байсан бөгөөд бага ангиуд өдөр арван нэг хориос хоёр дөчин тав хүртэл хичээллэдэг боловч эдний анги ганцаараа бүр оройн ээлжинд хоёроос тав хорь хүртэл хичээллэдэг байсан болохоор Үжин ганцаараа дүү нараа авахаар яаж ч яараад амжихгүй заримдаа цэцэрлэг, яслийн ааштай асрагч багш нарт оройтлоо гэж загнуулдаг байсныг нь мэдсэнээс хойш Боргио ийм шийд гаргасан билээ. Үжин ч Боргиогын анхлан бодсон шиг "Давтлаганаас зугтаадаг, хичээлд дургүй муу хүүхэд" байсангүй, гагцхүү амьдрах, хэдэн өнчин хүүхдээ хүнээс илүү гаргадаггүй юм гэхэд дутаахгүйгээр амьдралыг нь авч явахын тулд өглөө хар үүрээр ажилдаа гаран, зарим нэг өглөө жаал аажуухан гарахаар бол дүү нарыг нь хүргэж өгөөд явдаг, ихэнхдээ амждаггүй, үдэш орой харуй бүрийгээр л гэрийн бараа хардаг ганц муу ээжийнхээ өмнөөс дүү нартаа ээжийн эзгүй үед ээж нь болж асарч арчлах бяцхан биедээ ахдсан цаг, наргүй ажилд дарагдсандаа л сурлагаар хоцорч байсныг нь ойлгохын дээдээр ойлгож билээ.
    Боргио бага биш тусалж, заримдаа тас зөрүүдлэн байж хашаанд хураалттай түлээнээс нь хамжилцан хөрөөдөлцөөд Үжинд ямар хичээлийг яаж хийх, цагаан толгойн үсгүүдийг яаж үелж, үсэглэж унших, тоо яаж бодох зэргийг сайтар жишээн дээр зааж өгснийхөө дараа хэдэн жишээ бодохыг ч юм уу, хэдэн мөр хуулах зэрэг даалгавар өгчихөөд өөрөө хөрөөдсөн хэрчимээ жиргэн хагалж хураан хатаах, усанд явах зэрэг ажлаас нь аль болох л амжуулахыг бодно. Тэгсний хүчинд шинэ жил гэхэд ямартай ч Үжин маань уншихдаа жаал удаан, бусад хүүхдүүд шиг дуржигнуулан уншиж чадахгүй ч үсэглээд, үечлээд уншдаг болсон байлаа. Мөн бичгийн хэлбэр нь ч засрах янз орсон байлаа.

    * * *

    Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрсөөр нэг л мэдэхэд гуравдугаар ангид орох болсон байлаа. Нэг, хоёрдугаар ангид байхдаа бүртгүүлэх гээд аав, ээжээрээ ч юм уу, аль эсвэл ах, эгч нарынхаа хэн нэгнээр хөтлүүлэн ирдэг байсан бол энэ намар найман сарын хорин зургааны өдөр эдний ангийн хүүхдүүд ганц, хоёрхон хүүхэд л гэрээсээ хүнтэй ирсэнийг эс тооцвол бүгд л бие дааж ганцаараа ирцгээсэн нь бяцхан бие нь сар жилээр биш, өдөр хоногоор өсч, ухаан сууж байгааг илтгэнэ. Хачирхалтай нь эдний ангийн хүүхдүүд хоёр өөр ангид сурахаар болсон байсан нь тухайн үед тэдний ойрмогхоны гурван сургууль буюу гурав, гучин ес, тавь гэсэн сургуулиуд хүүхдүүдийнхээ ачааллыг дийлэхээ байгаад, Ардын Боловсролын Яамнаас шинээр тавин долоо дугаар сургууль гэгчийг байгуулж, хүүхдүүдийг хороо, хориных нь байрлалаар хуваан, наашаа цаашаа шилжүүлэн сургах шийд гаргасан байлаа. Гэвч энэ хичээлийн жилд хуучин гурав дугаар сургууль дээрээ хичээллэх ажээ.
    Боргио бүртгүүлчихээд бүртгэж байсан багшаас учрыг мэдэж авсанаа:
    -Багшаа, Үжин... гээд түгдрэн шилээ нэг маажсан аа, Үжинлхам аль ангид байгаа вэ? Гэж асууснаа дэргэдээ зогсох ангийнхнаасаа ичив бололтой, нүүр нь хоёр чихээ хүртэл улайснаа:
    -Юундаа хүн шоолов? Би дааж авсан юм байгаа биз дээ гэсэн нь "ичсэн хүн, хүн ална" гэгч л байлаа. Учир нь Үжин хоёроо төгсөхдөө аль хэдийн сайчуудын эгнээнд орсон байсан нь яах аргагүй Боргиогын гавъяа байсныг эдний ангийнхны хэн нь ч хүлээн зөвшөөрөх бөлгөө. Уг нь Боргил харъяаллаараа өөр ангид, бүр хуучин сургуульдаа хуваарьтай байсан ч Шагдарсүрэн багш шинээр байгуулагдаж байгаа сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилогдсон учир хуучин ангийнхантайгаа цуг байхаасаа илүүтэй, Үжинтэй цуг нэг ангидаа байна гэхээс болдогсон бол "ура" хашгирмаар л байсан ч хүүхдүүдээс ичээд тэгээгүй билээ.
    Хүүхэд болгоны хүсэн хүлээдэг есөн сарын нэгэн боллоо. Эдний ангийн багшаар сая энэ хавар Багшын дээд сургуулийг төгссөн залуухан эмэгтэй багш хувиарлагдсан байсан бөгөөд хүүхдүүдийнх нь талаас илүү хувь нь хоёр өөр сургуулиас ирсэн огт танихгүй хүүхдүүд байлаа. Хичээл эхэллээ. Багш өөрийгөө танилцуулан:
    -За ингээд та бид нар нэг анги, нэг хамт олон боллоо. Би танай ангийн багш, намайг Бүжинлхам гэдэг гэхэд хуучин Үжингийн ангийхан нирхийтэл инээлдэж билээ. Энэ өдрөөс эхлэн шинэхэн, залуухан, туршлагагүй багшийг элэг барин үймүүлэх үймээний эзэд ч байлаа. Боргио гэхэд л багшийгаа Үжин багшаа гэж дуудаад аавдаа мөн л бангадуулж байсан удаа ч бий. Харин гурван өөр сургуулиас, гурван өөр хамт олноос цуглаж нийлсэн хүүхдүүд ямартай ч гурав дугаар ангид байхдаа ч, дөрөв дүгээр ангид орсон ч гэсэн ер хоорондоо эвсэж нийлсэнгүй, яг л хуучин, хуучин ангийнхнаараа нийлэх, тэр ч бүү хэл охид, хөвгүүдээрээ хоёр талцчихдаг болсон байж билээ. Тавд орсон намар Үжингийн хоёр том дүү нар эдний сургуулийн хоёр, гурав дугаар ангид орсон боловч бага анги нь хуучин сургууль дээрээ хичээллэж, дунд болон ахлах ангиуд нь есдүгээр дэлгүүрийн урдтай байх галладаг, ганц давхар шавар байшингуудад хичээллэх болсон билээ. Түүний урд жил тавь дугаар сургууль дээр хичээллэсэн бөгөөд хаврын коммунист субботникийн долоо хоногоор шинээр баригдаж байгаа, Гавъат барилгачин Ишгэнхүү ахлагчтай бригадын барьж буй өөрийн сургуулийн шинэ барилга дээр ажиллацгааж өөрсдөө л өөрсдийн орох ангийг шилж сонгох юм шиг " нэг давхарт зүгээр, хаяа хичээл пялж, бас шалан доогуур орж үймүүлж байхад сайхан", нөгөө нэг хэсэг охидууд голдуу нь "гурван давхар нь зүгээр шүү дээ, завсарлагаанаар хотын байдал болон холыг хараад гоё шүү дээ" гэхэд Үжин "Тэр дундаа гурван давхрын хамгийн зүүн үзүүрийн анги зүгээр юм байна даа, завсарлагаагаар бие засах газар ойрхон амар шүү дээ" гээд бусдынхаа инээдийг барж "давсаг султай", "шээрэг" гээд шоолуулаад авч билээ. Хожмын өдөр тавдугаар ангийн хагас жилээр шинэ сургуульд ороход яг л Үжингийн хэлсэн ангид хичээллэх болсон ч тэр үед Үжингийн тэгж хэлж, ярьж байсныг хэн нь ч, бүр Үжин өөрөө ч таг мартчихсан л байсан юм.
    Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд зургаад орлоо. Хичээл эхлээд удаагүй байсан нэгэн бямба гаригт сургуулийн сурагчдын бүлгэмийн зөвлөлийн гишүүн, бүлгийн дарга Боргил:
    -Өнөөдөр хичээлийн дараа ангийн хуралтай шүү! Ярих маш чухал юм байна гэхэд хөвгүүд голдуу дургүйлхэн эсэргүүцэж "Ганц хүүхдийн кино гардаг өдөр, тэгээд ядаж байхад сүүлчийн цаг багш байхгүй, цонхтой байхад шүү!", "Ганц хагас сайнд сүүлчийн цаг пялсан хэрэгт орохгүй нь гэж бодож байхад чинь", "Больёо, больёо юун ч сэнтэг юм бэ" хэмээн дор бүрнээ шуугилдлаа. Боргилын гүйлгээ ухаан нь гүйв бололтой:
    -Би ямар тэгчихээ юу? Дөрөв дүгээр цагийн завсарлагаанаар багш нарын өрөөгөөр ороход ангийн багш л хичээлийн дараа байлгаж байгаарай, ангийн хуралтай, маш чухал зүйл ярина гэснийг нь би хичээлээс хоцорч орж ирээд зарлаж амжаагүй юм. Явах нэг нь явахгүй юу даа. Би ч гэсэн хүүхдийн кино үзмээр л байнадаг гэхэд бүгд буцаж суудалдаа сууцгаан өөр, өөрсдийн нийлдэгүүдтэй энд, тэнд бөөгнөрөн суун тоглох нь тоглож, элдэв юм ярилцах нь ярилцаж эхэллээ. Жаал байзнасанаа Боргио:
    -Манай ангийнхаан! Багш хичээлтэй учир бүтэн нэг цаг бидний мэдэлд байна. Та нартай ярилцах чухал юм байна. Гэхдээ би бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүндээ биш, зүгээр л нэг ангийн найз нөхдийн хувьд тэр шүү!... гээд хэсэг азнан, бусдыгаа тойруулан харсанаа:
    -Бид энэ ангид, нэг анги хамт олон болоод нэгээсээ хамт явсан нь зургаа дахь намраа, гурваасаа орж ирсэн нь дөрөв дэх намартаа нэг хамт олон гэж явж ирлээ гэтэл тэртээ булангаас гуравт ордог жил шилжиж ирсэн Болдоо:
    -Тэгээд, яачихаад байгаа юм бэ? Энэ нэг комун юм чинь одоо байтлаа багш нарыг дуурайж олон юм чальчдаг, хуцдаг болох нь ээ гэснээ:
    -Чам шиг цоорхой толгойтой биш ч гэсэн, усан тэнэгүүд байгаа биш. Энэ ангид хэдэн жил хэрэлдэж зодолдсоноо санахтайгаа байна хэмээн хэгжүүрхлээ. Боргио ч дуугүй байсангүй:
    -Та нарыг хуучин сургуульдаа, хуучин хамт олонтойгоо ямар байсныг бид мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан бага ангид байхад манай ангийнхан ямартай ч ингэж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байгаагүйг бид мэднэ гэхэд Үжин өлгөн авч:
    -Хүүе ээ, найз нараа! Нээрээ манай ангийнхан чинь ямар ч эв нэгдэлгүй, түүхийн хичээлд үздэг шиг омог, отог гэдэг шиг хэдэн ч хэсэг болчихсон юм бэ дээ гээд дэмжтэл хүүхдүүд ам амандаа, дор бүрнээ л "Тийм шүү", Тийм, тийм" хэмээн хүлээн зөвшөөрснөөр Боргио:
    -Бид одоо бага ангийн жаахан хүүхдүүд биш шүү дээ, ангидаа коллектив тогтооё. Бие биенээсээ эр, эмээрээ тусгаарлаад л, нэг эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс хичээл асуучихвал хайртай, дуртай гэж баалж шоолоод л, ямар жаахан хүүхдүүд биш дээ. Нэг л мэдэхэд наймд орчихсон иргэний пасспорт авна гээд явж байх болно. Тэр үед ч гэсэн ингээд хэд талцчихсан, хэсэг бүлгээрээ нийлж нөгөө нэг хэсгээ шоглоод л явж байх хэрэг үү? Та нар энэ ахлах ангийнхан, үгүй ядаж долоо, наймын ах эгч нарыг хар л даа, лавтай л манай ангийнхан шиг байхгүй л байгаа биз дээ? Гээд дээр, дээрээс нь амьсгаа ч авахгүй дуржигнууллаа... Нэгэнтээ анзаарвал бүгд өөр, өөрийн бодолд дарагдан чив, чимээгүй сууцгаах ажээ. Нам гүм байдлыг эвдэн Боргио:
    -За ямар ч ангийн хурал байхгүй, ангийн багш ч орж ирэхгүй. Би зүгээр л та нарт ийм л юм хэлэх гэсэн билээ, та нар юу гэж бодож байна даа? Кинондоо явах хүүхэд байвал явж болно шүү. Харин ангийн багшын нэрийг барьж худлаа хэлснийг минь уучлаарай! Гэснээ цүнхээ аван шууд Үжингийн ширээнд очиж сууснаа:
    -Намайг нэг дүгээр ангид байхад Дунжаа багш маань сурлагаар хоцорч яваа Үжээг надад даалгаж өгөөд хоёр дугаар улирлын хичээл эхэлсэн тэр л өдрөөс би Үжинлхамтай дөрөв төгсөх хүртлээ тохой нийлүүлэн суусан юм. Тавд ороход ангийн багш бас дахиад л солигдохдоо одоо энэ сууж байгаа хуваарийг хийснийг та нар ямар мэдэхгүй биш. Өнөөдрөөс эхлэн төгсөх хүртлээ би Үжингээс өөр хэнтэй ч суухгүй гэж аярхан хирнээ, шийдмэгээр тангаргалах мэт хэлсэнээ:
    -Тийм биз дээ Үжээн? Чамайг дургүйлэхвэл яах вэ дээ, би буцаад ширээндээ очлоо гээд санаа нь зовсондоо нүүр нь жаал улайлаа. Харин энэ удаа хэн ч шоолж инээсэнгүй, дооголсон ч үгүй. Урьд өмнө ингэсэн бол энэ ангид багтаж шингэх газар олдохгүй, ёстой л ичиж үхмээр болох байсан билээ. Гэвч хэн нь ч, нөгөө үг сөрөөд байсан Болдоо ч дуугарсангүй. Дахиад хэдэн минут ангид ялаа ниссэн ч дуулдмаар чив чимээгүй байснаа Болдоо чив чимээгүй босон цүнхээ аваад алгуурхан хирнээ шийдэмгийгээр гуравдугаар салааны хамгийн урд талын ширээг зүглэлээ...

    * * *

    Хүний амьдрал баян. Тиймээ, хүний амьдрал баян, тэр дундаа хүүхэд бага насны хөгжилтэй, дурсамжтай бас гунигтай, сургамжтай мянга, мянган, бүр үй түмэн дурсамж дурдатгал хөвүүлэх хүүхэд насны амьдрал бүр ч баян.
    Чухамхүү тэр хүүхэд насанд л бие, биенээ шохоорхох анхны шохоорхол, магад ч үгүй анхны хайрын дөл улалзаж байсан ч байж мэдэх л юм. Эс бөгөөс үгүй ч юм бил үү, тухайн үедээ хэн нь ч, хэрхэн гадарлан мэдэх билээ дээ.
    Ер нь тэгээд хайр гэдэг дөрөвхөн үсэгнээс бүтэх энэ энгийн богинохон хирнээ асар их утга агуулсан энгийн хирнээ ойлгомжгүй үгийн талаар батлаад гаргачихсан теором, гаргалгаа ямар нэгэн яг таг хариулт байдаг бил үү дээ? Тиймээ, бид "хоёр хоёрын дөрөв", "хоёр дээр нэмэх нь хоёр, тэнцүү дөрөв" гэдэг тооны хариуг яг таг хэлчихдэг шигээ "хайр" гэдэг томъёо томъёолол, теором, гаргалгаа, баталгаанд ямар ч хариу өгч чадахгүй билээ.


    Үргэлжлэл бий.


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317066/7c4/trackback

Itgelxvv

2009.04.26 11:32:10
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107663
117 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1] vlmedehmaA 2009-02-20 7814
116 Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1] vlmedehmaA 2009-02-20 7630
115 Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1] vlmedehmaA 2009-02-20 7732
» Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1] vlmedehmaA 2009-02-20 7304
113 Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1] vlmedehmaA 2009-02-20 8636
112 Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1] vlmedehmaA 2009-02-20 8978
111 Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1] vlmedehmaA 2009-02-20 7386
110 Нутгийн шувуу нуурандаа очиноо [1] vlmedehmaA 2009-02-20 8711
109 П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2] baagii111 2009-02-11 7392
108 Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2] baagii111 2009-02-11 9436
107 Ч. Лодойдамба, Шаргачин [1] baagii111 2009-02-11 9625
106 Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2] baagii111 2009-02-11 9011
105 ЧОНО [1] HENZA 2009-02-07 9568
104 Бид ялав file [1] Boog_3399 2009-02-05 10203
103 duunii ugend mini aya hiij tuslaarai [2] maxji 2009-01-11 9651
102 minii amidral maxji 2009-01-11 10852
101 П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа. baagii111 2009-01-11 9867
100 Ж.Сарантуяа, Хүний үр.өгүүллэг baagii111 2009-01-11 10249
99 J. Sarantuya. uguulleg baagii111 2009-01-11 9498
98 Чинад нууцхан сэтгэл baagii111 2009-01-03 10120
배너신청
자생병원

배너신청