ЖОЛООЧ АХЫН ЯРИА
Үжин хүүхдээ тэвэрсээр орж ирэхэд кондуктор авгай моторын таган дээр элэгдэн хагас хэвтээд, цүнхтэй орлогын мөнгө болон үлдэгдэл билетээ эмхлэх зуураа ер ам хуурайгүй явах ажээ. Боргио жолоочын хажуугын суудалд сууж байснаа эхнэртээ суудлаа өгөөд өөрөө ард нь багана түшин зогслоо. Яагаад ч юм бүү мэд, үл таних дөнгөж анх удаа л зүс үзэж байгаа хүн хирнээ жолооч ах нэг л танил, бүр өөрийнх нь хамгийн дотнын хүн шиг санагдахад "Үгүй, энэ чинь юу билээ? Би чинь яагаад энэ үл таних ахыг ингэтлээ танимхайрч бодоод байгаа юм бол оо, яах аргагүй л анх удаа харж байгаа хүн хирнээ нэг л их дотно танидаг хүн шиг санагдаад байх юм даа, хачин юм аа" гэж бодсоноо бодлыг нь хэн нэгэн нь, бүр Боргио таагаад уншчихаагүй байгаа даа хэмээн сандран сэм анзаарвал жолооч замаа ширтэн ярисаар, кондуктор авгай ч мөнөөх л мөнгө төгрөг, үлдэгдэл билет цэгцлэх ажлаа хийсээр, харин Боргио босоогоороо багна түшин зүүрмэглэн явна. Жолооч ах жолоогоо сурамгай гэгч нь мушгих зуураа кондуктор эгчид ярьсан нь:
-Хэн эгчээ, хэн эгчээ гэнэ шүү, залуугаараа зөнөх нь үү дээ би чинь гэснээ Пагма эгчээ.
Дүү нь уг нь металлистыг (Металлистын ТМС) сургуулиасаа ганцаараа дөрөвдүгээр зэрэгтэй жолооч мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Жолоочын гуравдугаар зэрэг гэсэн үг л дээ. Тэгээд тэжээл тээврийн ... дугаар баазад хувиарлагдлаа. Очоод л монхор ногоон ЗИЛ-ийн жолоон дээр суух юм бодсон байдаггүй ээ, эхний жил заавал дагалдан слесарь хийж дадлагажих ёстой гээд слесариар дагалдлаа. Багш маань харин хаа очиж сайн хүн таарлаа. Намын гишүүн, бас ч гэж болоогүй "Социалист хөдөлмөрийн төлөө" бригадын ахлагч, гавшгайч лут хүн байсан юм. Уг нь ч засварчин биш автын механикч хүн боловч хэтэрхий шулуун шудрага үгтэй, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүйгээсээ болоод механикчаа хийж чаддаггүй байсан хэрэг л дээ. Машиныг дуугы нь нэг л сонсоод энд нь ингэчихэж, тэнд тэгчихэж... тэрийг нь тэг, энийг нь ингэ гэнэ. Яг л мэддэг лут хүн байсан юмсан. Би ч багшаасаа мөн ч их юм сурсандаа. Намайг слесарь биш жолооч болгох гэж их ч үзсэн, чадалгүй явсаар уржнан жил өвчнөөр өөд болсондоо гээд нэг гүнзгий санаа алдсанаа үргэлжлүүлэн:
-За тэгээд дагалдангын хугацаа дуусаад шалгалтаа өгөн жинхэнэ слесарь боллоо.
Нөгөө жолооч болох хүсэл маань дарга, даамлуудын "Чи ганцаараа жолооч юм уу? Цаана чинь чамаас өмнө ирсэн тэр, тэр нар одоо хир нь жолооч болж чадаагүй л байна. Машин тэрэг ч хүрэлцээгүй байна, ажлаа сайн хийж л бай очероороо явна шүү хө"-г мөргөж буцсаар дахиад гурван жил слесарь хийлээ.
Мань мэтийн харж хандах хүнгүй, өнчин өрөөсөн амьтан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуудсаар дуртай юм яах вэ, машин тэрэгтэй ноцолдсоор улам л дадлагажиж байлаа. Анхандаа жижиг сажиг эд анги тайлах, зассаныг нь эргүүлж угсрах зэрэг гарын үзүүрт зарагддаг байснаа сүүлдээ өөрөө ч засдаг боллоо. Хоёр жил слесариар дагнаад муу өвгөн багшдаа хэлж байж арай гэж баазын хоёр моторчны нэгийг дагалдан ямартай ч өөрөө бие даагаад мотор боохтойгоо боллоо. Гэвч аль хар багын минь мөрөөдөл жолоо мушгих байдаггүй. Нэг анзаарвал харин сүүлийн үед надаар дандаа гавшгайч, аваргуудын тэргүүдийг засуулдаг болсоныг бодож үзчихээд бас дахиад л өвгөн багшаа гуйж, хоёул өргөдөл бичин баазын захиргаанд өглөө. Ингээд дахин, дахин үндсэн мэргэжлээр минь ажиллуулж өгөөч гэж өргөдөл, гомдол болсоор багшыг бүрлээч болсоны дараахан л нэг юм, бүтэн дөрвөн жил слесарь хийгээд арай гэж нэг юм машин хүлээж авлаа. Машин ч гэж дээ хэн нэгний өмнө нь унагаагаад, өнхрүүлээд орхисон хагархай, бүтэн нийлсэн дөрвөн дугуй, дөрвөлжин раам, унаж яажийсан ямбий бүхээг, аль хэдийн хэрэгтэй эд ангийг нь тайлж авсаар бүрэн тоногдсон, асахгүй моторын сэгийг нийлүүлээд хэрвээ машин гэж хэлж болдог бол тэр шүү дээ.
Бүтэн хоёр жил номын дууг нь сонсож, бүтэн дөрвөн жил слесарь хийж дадлагжсан хүн гурван сар гаран сэлбэгийн нярав, хуучин архаг жолооч нарын хөлд эвтэйхэн сууж, өдөр шөнөгүй ноцолдсоор байгаад ямартай ч нэг л өдөр моторын дууг нь сонсож, хүрд араагы нь хөдөлгөж үзлээ дээ. Дахиад хэд хоног ноцолдож, нилээн сайн юм хийж аваад анхныхаа замдаа гарлаа. Анхны зам маань баруун аймгуудад Улсын Фондын өвс, тэжээл хүргэх компанит ажил байлаа. Хэдийвээр шил толь болсон цоо шинэ машин биш ч миний муу ЗИС-164 сайн тордсоны хүчинд бас ч гэж өнгөлөг харагдаж байлаа. Манай бригад, манай цуваанд энэ удаагийн цувааны даргаар нь улсын аварга болохоор үүрэг амлалт авсан Нямхүү "Ударник" гээд ид дунд насны яралзтал инээсэн гялалзуур хүн болон, нэг нь надтай хамт төгссөн, нөгөө нь манай дараагийн төгсөлтын хоёр слесарь, Суурь гээд гуншигнасан дуутай өвгөжөөр механикч гэсэн засварын бүрэлдэхүүнтэйгээр, нийт хорин нэгэн тэрэг замд гарлаа... гэснээ жолооч ах халаасаа уудлан момпасай-ны төмөр дугуй хайрцагтай дүнсэн тамхи гаргаж ирэн сонины цаас таслах зуураа надруу нэг өнгийж харсанаа:
-Хүү чинь овоо унтчихав уу даа, бяцхан амьтан ядраа байлгүй дээ гээд тамхиа сурмаг гэгч нь ороон шүлсдэн наагаад асаах зуураа:
-Хэн эгчээ, үгүй яасан барагддаггүй хэн эгч вэ дээ, манай баазад нэг Лхамаа эгч байсан юм, Лхамаа эгчийн нэр л аман дээр гарч ирээд болдоггүй... Кондуктор эгч:
-Лхамаа эгчдээ сэтгэл алдарчихаад салсан өдрөөсөө л санаад эхлэв үү дээ гээд тас, тас хөхөрсөн өө,
-Маргааш өглөө гурав дугаар тэрэг, уртын хувиартай юм байна, өглөө зургаа арван тавд эхтэй яах вэ хө, ядаж байхад өглөө манайх хойноосоо Хайлаастаас эхтэй байдаг, танайх чинь хаана гэсэн билээ? Жолооч ах:
-Өө, дүүгийнх нь саяхан барааны хоёрын ард нүүж ирсэн л дээ. Хэн эгчээ уртын хувиартай гэхээр өглөө зургаагаас орой арван нэг хүртэл явна гэсэн үг үү? Кондуктор:
-"Харчуул"-д байх нь ээ, манайхтай ч ойрхон юм. Тэгвэл хоёулаа энэ хүүхдүүдийг гурвын үүдэнд буулгачихаад бааз орон диспетчерээр замын хуудсаа хаалгачихаад, маргаашын замын хуудсаа авчихаад ирье, тэр нь дээр. Тэгэхгүй бол жижүүрийн унаагаар хүргүүлэхээр хотоор нэг тойрч явсаар байгаад хоёр хагас гурав дөхүүлж гэртээ ороод, эргээд дөрөв гэхэд зам дээр товшлуур бүжиг товшлоод зогсох болно шүү гэхэд нь Үжин яаравчлан:
-Тэгвэл ахаа, эгчээ! Бид гурав эргэж ирэхэд чинь буучихъя. Манай ээжийнх "Баруун харчуул"-д байдаг юм. Охин маань ч унтаад өглөө, ядрав бололтой. Аягүй л бол гадаа гараад дахиад салхи авхуулчихна гэлээ. Боргио одоо бол бүр босоогоороо хурхирах ажээ. Пагма эгч Боргиог босоогоороо хурхирхыг харчихаад:
-Ажлаасаа шууд яваа хүн бололтой, хаана ажилладаг юм бэ? Үжин:
-Уг нь ч оюутан юмаа, хичээл тараад үдээс хойш гучин хоёрт гүрүүшэг (грушк-ачаа буулгагч), мах цавчигч хийдэг юм. Өнөөдөр шинэ бараа татаад гээд нилээн оройтоод дөнгөж орж ирээд л буцаад гараад гүйсэн юм л даа хэмээн нөхрөө архи ууж оройтсоныг нь нуун хаацайллаа. Кондуктор эгч жолооч ахад хандан:
-Уртын тэрэг гэхээр тийм орой болтол явахгүй ээ. Маргааш манайх гуравдугаар тэрэг гэхээр орой долоо өнгрөөгөөд багшийн дээд дээр замын хуудсаа хаалгах юм байна. Манай шугаманд өдөрт арван тэрэг гардаг. Сондгой тэрэгнүүд нь урт явж, тэгш тоотой нь өдөр ээлж сольдог юм. Манайх өнөөдөр хоёрдугаар тэрэг байгаа биз? Ингээд өдөр өдрөөр хойшлоод явчихна. Долоо хоногтоо хоёр өглөө, хоёр орой, хоёр урт гэсэн хувиараар явдаг юм. Өглөө урдаасаа эх авсан бол хойно дуусч, хойноосоо эх авсан бол урд дуусч замын хуудсаа хаалгадаг юм даа. Жолооч ах:
-Ёстой мэдэхгүй юм чинь энэ дээ гэж, эхлэх дуусах нь нь ч яах вэ. Цаг барьж, цаг минутаар явна гэдэг чинь л хамгийн хэцүү юм нь байна. Бас тэр ажил тарах үеэр зогсоод байж болохгүй, хүмүүс зүүгдүүлээд явах хэцүү, хэцүү юм ч их байна шүү хө. Кондуктор эгч:
-За тэгээд нэг л мэдэхэд сурна даа, сурна. Сунадаг улаан нэрэндээ таарсан сундаг юм шиг сонин тэрэг шүү. Гэхдээ автобус сунана ч гэж юу байх вэ, явах тусам хүмүүс зайгаа олоод, эвдээ ороод байна гэсэн үг л дээ. Жолооч ах:
-Харин тэгэх бололтой юмаа, багтаж ядаад л зүүгдээд явсан улсууд чинь ганц, хоёр зуун метр явахад л багтаад орчихсон байх юм, сонин юм аа гэснээ түрүүчийн яриагаа цааш нь үргэлжлүүлэн:
-За тэгээд хууччуул, хашрууд голдуу л савалгаа багатай, үнэлгээ сайтай шуудайлсан багсармал тэжээл ачиж, мань мэтийн шинэ цэрэг бүү хэл тав, зургаан жил жолоо мушгисан ч нас залуу жолооч нар ч боодлын өвс дүнхийтэл нь ачсан чиргүүлтэй, чиргүүлгүй хорин нэгэн тэрэг гуулин хөгжмөөр үдүүлэн замд гарлаа.
Сэтгэл догдолсондоо болоод хаазаа тааруулалгүй хөдлөн хүч алдуулан унтраачихаад түлхүүрээ түлхсэн ч, хуучин муу аккумлятор тэгэхээс тэгэх гэсэн юм шиг дийлж асаасангүй. Суганыхаа булчирхайг цочтол нь манивийлдаж байж арай хийн асааж аваад цувааныхаа араас хөдөллөө. Баазын удирдлагууд болон тээвэрт яваагүй бусад дотор үлдсэн ажилчин албан хаагчид "митинг" хийн үдэж өгснийг хэлэх үү, тэр үед нүүрэнд минь тамхи наагаад асаасан ч болохоор улайн халсан санагдана.
Жолооч боллоо, ганган жолооч болноо, тостой хар жолооч болохгүй юм шүү гээд өчнөөн жил тэрэгний дотортой ноцолдсон ч, тэрэгнийхээ голт зүрх болсон мотор, хорооп (кроп- хурдны хайрцаг), бөгс гээд гурван хэлхээндээ анхаарал тавилгүй гадаад өнгө үзэмжиндээ л анхаарал тавьж явсанаа одоо бодохоос инээд ч хүрэх шиг. Аргагүй л юм мэдэхгүй, насан багын л алдаа юм болов уу даа. Бүтэн дөрвөн жил тэрэгтэй ноцолдож хашир слесариудаар өч, төчнөөн юм заалгаж, бүр өөрөө мотор бөөрөнхийлээд (мотор боох) байх болсон хирнээ нарийн ширийнийг нь сураагүй л байгаа байхгүй юу.
Цуваанаасаа олны нүдний өмнө хоцорсондоо шаралхан хаазаа чинээнд нь тултал нь ёнгинуулан гишгэн зүтгүүлсээр ямартай ч цуваагаа гүйцлээ. Уг нь би дугаараараа бол арван долоо дугаарт дугаарлагдсан ч хоёр тэрэг зөрөхийн төдий хар зам дээр гүйцэж түрүүлэх арга ч байсангүй, бас ч гэж хүч тогтоож амжаагүй дөнгөж шинэхэн боосон мотор тэгж чадах ч үгүйг багцаалах учир тэгсхийгээд цувааны арыг даган зүтгүүллээ. Явсаар Шар хөвийн дөрвөлж дээр эхний тэрэг гаран зогсон, ар арынх нь тэрэгнүүд зайгаа эзлэн зогссоор миний тэрэг дээр нь гарч багтсангүй нилээн доох нь зогсож таарлаа. Зогсоод тэргээ асаалттай нь гар кардаанаа чинээнд нь тултал татаад, үсэрч буун бэлээхэн байх ивээсний чулуунаас хоёрыг ч авчирч арын хоёр дугуйн доороо чадлаараа жийн ивчихээд алхсаар ах нар дээр очлоо.
Өвгөн механикч болон ахмад жолооч нар аль хэдийн завилан тухалж арай залуус нь тойрон зогсоод, нэгэн сэнжтэй сияан аягаар архи тойруулан алтан шар замаа ерөөж байлаа. Бас ч гэж баазад дөрвөн жил слесарь хийснийх, намрын тариа будаа болон бас бус компанит ажлууд, дайчилгаанд ах нартай хамт явж, муудаад унасаных нь хэн нэгний нөхөөсөнд гүйж бөгсний хорхойгоо дарж байснаа бодвол одоо өөрөө жинхэнэ эр хүн, жинхэнэ жолооч болсон санагдан өөрт ирсэн хувийг архагуудыг дуурайн сэржимдэн "Алтан шар зам минь, аяны жолоо өөдөө байх болтугай!" гээд татаж орхилоо. Нэг их ч удсангүй дахиад тойроод ирэхэд нь татгалзсан боловч "Наадамд гурван даваа, найранд гурван дугараатай байх ёстой" гэж шахсаар гурав татуулж орхилоо. Дотор халан сайхан ч юм шиг, дуу аялмаар ч юм шиг болон тэргэндээ орж суугаад өгсүүр газар ёнгинуулан хөдөллөө. Даваа даваад цаашаа уруудан араагаа хөнгрүүлж гуравтаа хийх гэтэл араа хаашаа ч орохоо болин гацаж орхилоо. Зогсон хамгийн арын тэргийг хүлээж байгаад ирэхэд нь Суурь гуайд хэлтэл "Чи чинь баазын урдаа барьдаг слесарь биз дээ, өөрөө янзалчихаад араас түргэн яваад очоорой" гээд тоож харсан ч үгүй яваад өглөө. Хороопоо дээрээс нь задаллаа араа давхардчихсан ажээ. Хоёр гурван цаг ноцолдож байж арай хийн аргалаад цааш хөдөллөө. Муу тэрэг бол муу л тэрэг байдаг хойно юуны чинь тэр цуваа, юун тэр компанит ажил байх вэ.
Дахин дахин эвдэрч, тэр бүрийд нь ноцолдсоор энгийн явахад хоёр долоо хоногт туулдаг замыг бүтэн сар гэлдрүүлсээр арай хийж хотын бараа харлаа. Тэргээ оруулж хаячихаад баазын ажилчдын хашаанд байх муу дөрвөн ханатаа дүүгтэл нь галлан ус халааж аваад усанд орчихоод, баазын гуанзнаас хэдэн хуушуур авчран идчихээд үхсэн юм шиг нам унтаж байтал нойрон дунд хаалга тогшин "Бүх ажилчдын хуралтай, хуралдаа суугаарай..."-г хэдийвээр сонссон ч үнэхээр нойроо дийлсэнгүй, тэр чигтээ нам унтчихаж. Маргааш өглөө нь л ажилдаа очлоо. Хагас сайн өдөр учраас "Сонин уншлага"-тай байж таарлаа. Харин энэ удаагийн сонин уншлагаар нэг их олон улсын байдал, тойм ярисангүй намайгаа баалж эхэллээ. Баазын намын үүрийн даргын яриагаар бол би чинь "Баазын удирдлагууд итгэл хүлээлгэн сайн тэрэг өгтөл харин би түүнийг нь унаад улсын компанит ажлаас хойш суун, хувийн жаргал хөөн айраг архи эргүүлээд бүтэн сар зугаалаад" ирсэн болж таарч байна. Бүр гэрч баримттай гээч. Гэрч нь Суурь механик, би дөнгөж Шар хөв даваад л ганцаараа уугаад суугаад үлдсэн болж таарч байна. Залуу насны ааг амтагдан омог хөдлөн нэг л мэдэхэд босоод индэр дээр гарчихсан сэлбэгийн нярав, механик, бригадын дарга, мастеруудыг баахан бөмбөгдчихөөд тэр сэгээ аваарай гэчихээд гараад алхчихлаа. Ямар худлаа ярисан биш, нярав хэн, хэнд шинэ сэлбэг өгдөг, механик хэн, хэний тэргэнд анхаарал тавьдаг, бригадын дарга, мастерууд хэнийг дэмжиж, хэнийг хясаж шахдаг гээд байгаа үнэнийг өөрсдийнх нь нүдэн дээр аваад хаячихсан хэрэг шүү дээ...
Энэ үед автобус бааз дээр ирлээ. Жолооч ах, Пагма эгч хоёр буугаад диспетчрийн өрөө руу явахад нь араас нь ширтэн суусан Үжин бахиалан гутлын түрийг шагайнд нь тултал эргүүлэн жийж, хар шарвааран өмд сул тавин өмсөж, толгой дээрээ "амины цагаан" духдуулсан амандаа улаан тамхи зуусан жолооч ахыг хараад сая л арав гаран жилийн тэртээд талийгч болсон аавтай нь хичнээн адилыг мэдэрч, аавыг нь л санагдуулаад байсныг сая мэдэхүй доор өөрийн эрхгүй хэдэн нулимс дусаалаа. Хэдий завандаа очоод хэвтчихсэнийг ч анзаарсангүй Боргио аль хэдийн сандал дээр атиралдан хурхирах ажээ.
... Суурь механик миний муу багштай хонь чоно хоёр шиг таардаггүй байсных л намайг тэгж матсан хэрэг л дээ. Миний муу талийгч багш маань үнэхээр мэдлэгтэй чадвартай, хүнийг ихий нь их, багы нь бага гэж ялгаж үздэггүй, хийх ёстой ажлаа хийсэн шиг хийдэг, хэлэх гэсэн үгээ хэний ч өөдөөс шулуухан хэлчихдэг, шулуун шудрага хүн байсан бол Суурь гуай яг эсэргээр байсан юм. Дарга нарын өмнө эрх хав шиг, аварга, гавшгайчдын хэдэн тэргийг л бөөцийлээд байна уу гэхээс биш бага залуусыг бол "Өөрөө ухаад нухаад сурчихвал алсдаа чамд өөрт чинь л хэрэгтэй" гэсэн үгээр хуураад өнгөрнө. Дарга нарт далдуур алтан хушуу өргөж матаасаар л өөрийгөө аргалж яваа долигнуур бялдууч нэгэн л дээ. Уг нь Суурь гуай, манай багш хоёр нэг голын хүүхдүүд, тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу хоёр гэсэн. Гэвч хонь, чоно хоёр явсаар муу багш маань өөд болсондоо. Дөнгөж гэртээ ортол конторын цэвэрлэгч хүүхэн ирж баазын намын үүрийн дарга дуудаж байна гэлээ. За ингээд тойрохоо авах хэрэг гарч дээ гэсэншүү юм бодсоор ортол баазын эвэртэн туурайтангууд бүгд цуглаад "шуурхай" зөвлөлгөөн хийж байлаа.
Баазын намын дарга босоод ширээнийхээ араас:
- Тиймээ, нөхөд өө. Талийгаач Цэрэн механикчаас хойш манай баазын ажил нэг иймэрхүү байгаа нь үнэн. Цэрэн гуай ч хийхээ ч хийдэг, хэлэхээ ч хэлдэг ёстой жинхэнэ ахмад сурган хүмүүжүүлэгч, манай урдаа барьдаг тэргүүний "кадр", боловсон хүчин байсан юм шүү. Өнөөдрийн сонин уншлаган дээр Готовын хэлдэг ч яг үнэн гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй өөрсдөө мэдэж л байгаа шүү дээ. Аль вэ нөхөр Готов бос! Гээд намайг босгосоноо:
- Ухамсартай эвлэлийн гишүүн хүнийхээ хувьд бусдын дутагдлыг социалист аж төрөх ёсоор ил, тод шүүмжилж байгаа чинь сайшаагууштай ч их зан гарган улс төрийн сонин уншлагыг дур мэдэн хаяж гарч яваа чинь улс төрийн хувьд нилээд ялзарч байгааг чинь харуулж байна. Иймээс баазын намын үүрийн даргын хувьд албан ёсоор хатуу донгодож байна. Нөхөр Готовыг бага, залуу хүнийх нь хувьд анх удаа юм гээд хатуу донгодоод өнгрөөх нь зүйтэй гээд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчнийх нь хувьд бригадын дарга, мастер болон бусад холбогдох хүмүүст ажлын уялдаа холбоотой ажиллаж дэмжихийг үүрэг болгосугай!
- Мөн механикч нөхөр Суурьд, намын гишүүн ахмад ажилчин, манай тэргүүний кадрынх нь хувьд нөхөр Готовыг батлан дааж авахыг үүрэг болгосугай! Гэсэн шийдвэрийг шуурхайгаас гаргаад би гэж хүн ажилдаа орлоо доо. Тэр өдрөөс эхлэн ажил маань ч цэгцэрлээ. Урд өмнө хуучин архаг жолооч нарын солиод тавьсан хуучин сэлбэг арайхийж олж авдаг байсан бол одоо үлгэрийн юм шиг өөрчлөгдөн складнаас тос нь ханхалсан цоо шинэхэн сэлбэг зарлагын падаан бичээд л авдаг болсоных тэрэг маань ч жинхэнэ тэрэг боллоо. Тээвэрт явахад ч нэг л урамтай. Хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн өдөр Суурь гуай баяр хүргээд, гэртээ очиж цай уухыг урилаа. Толгойтод худалч хүнд манай баазын аж ахуйн хашаа шиг том цэлийсэн хашаатай дүнхийсэн том шавар байшин, бас хоёр ч том зуны амбаартай мундаг баян айл байлаа. Энэ яваа насандаа анх удаа л тийм гоё айлд орж үзэж байгаа минь тэр. Цай хоол бууз, архи дарс болоод л явчихлаа. Хот дотор тэрэгтэй яваа учир би архинаас нь амсаад л тавилаа. Суурь гуай:
- Өө, энүүхэн хооронд яав л гэж ганц татчихгүй дээ гээд янз, янзаар шахсан ч би дахиж уруул ч хүргэсэнгүй. Тэгсхийгээд харилаа. Хариад муу дөрвөн ханатаа хараад өөрийн эрхгүй "Суурь гуай ч амьдарч чаддаг хүн юм даа, яах аргагүй л амжиргааны ухаантай хүн юм даа" гэж бодлоо. Харин тэгж гэртээ хүн аваачаад дайлж, цайлчихаад араас нь алтан хушуу өргөөд үгүй дээ л хагас жилээр эрхийг нь хасуулчихдаг гэсэн үнэн болов уу гэж бодоод л өнгөрлөө. Намайг дайлж байхдаа:
- Чи залуу хүн, алийн болгон бага дөрвөн ханатад амьдрах вэ дээ. Эхнэр авна, хүүхэдтэй болно. Гэр чинь багадна. Мөнгө хэрэг болно, одооноос хурааж эхлэх хэрэгтэй шүү дээ. Чи чинь хэддүгээр зэрэгтэй билээ гэснээ өөрөө, өөртөө гуравдугаар зэрэгтэй гэж хариулсанаа, Чам шиг авъяас чадвартай жолооч хүн одоо шалгалт өгөөд зэргээ ахиулах хэрэгтэй, хоёр болго. Ингэхэд л цалин чинь хамаагүй нэмэгдээд явчихна шүү дээ, Готов минь. Миний муусайн хүүхдүүдээс ялгаа юу байх вэ... Гэж байсныг нь санан, "Манай Суурь гуай ч ёстой хайр нь дотроо, хал нь гаднаа хүн байна шүү. Ийм сайн хүнийг би тэгж буруугаар ойлгож, тэр олон хүний нүдэн дээр шүүмжилж ч явах гэж" өөрийгөө зүхэж байлаа.
Пагма эгчээ, тэгээд шалгалт өгөөд зэргээ ахиулсаны шанд нь өнөөдрөөс эхлэн ингээд богино рейсны жолооч боллоо доо гээд улаан тамхиа нэгэнтээ гүнзгий сорон утаагы нь хамраараа сийгүүлэн гаргаж хэнгэнэтэл санаа алдлаа. Пагма эгч:
-Хаа газар тийм муухай хүмүүс байх юм даа. Чамайг ч мөн цэвэрхэн өөрөөсөө холдуулсан байна шүү. Готов оо, миний дүү сэтгэлээр унах болоогүй шүү. Эгч нь нэг насаараа л кондуктор хийж явна. Дайн дууссаны дараахнаас брезентэн бүрхүүлтэй ЗИС-5 автобуснаас эхлээд өдийг хүртэл дөчөөд жил хүн арддаа үйлчилж явна даа. Яарсан хүн зондоо үйлчилээд өдрийн газрыг цагаар, цагийн газрыг хормоор дөхүүлж яваагаа эгч нь их л буянтай үйлс гэж боддог доо. Удахгүй ээ, Готов минь чи ч гэсэн нийтийн тээврийн автобусны жолоочын ажилдаа дасна даа. Манай автобус баазын хамт олон ч сайхан хамт олон шүү, чи даснаа дасна. Гэхэд Готов ах:
- Пагма эгчээ, та дүүдээ сайн хэлж, зааж зөвлөж байгаарай даа, дүү нь таны зааснаар хичээн ажиллах болноо гэснээ Үжинрүү харан:
-Аль вэ миний дүү, гэрээ заагаарай хүрээд ирчихлээ гэхэд Готов ахын ярианд автан, муу аавыгаа санан, санан сэм сэмхэн нулимс дуслуулж явсан Үжин нулимсаа сэм арчин өндийлөө.
Үргэлжлэл бий.