Moderator: mgl_300
Арьс эрүүл байх эсэх нь юу идэж байгаатай чинь шууд холбоотой гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй байх. Зөв зохистой хооллолт нь таны арьсыг өө сэвгүй байлгаж чадах ч зарим нэг хүнсний бүтээгдэхүүн энэ тал дээр гоц гойд нөлөө үзүүлдэг шидтэй ажээ.
Хооллох зуршил бол хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлогч чухал хүчин зүйлүүдийн нэг мөнөөс мөн. Хэдийгээр бид арьс арчилгаандаа ихээхэн анхаарч гоо сайхны бүтээгдэхүүнээс аль болох сайныг нь сонгож хэрэглэхийг хичээдэг ч хоол тэжээл хэмээгч хүчин зүйлийг тоохгүй байж болохгүй. Учир нь энэ бол арьсыг тань сайхан байлгах хамгийн хямд төсөр аргын нэг юм. Зарим бүтээгдэхүүнд агуулагддаг витамин, антиоксидантууд нь арьсны бүтцийг сайжруулж, нарны хэт ягаан туяаны хорноос хамгаалж түүгээр ч зогсохгүй хөгшрөх явцыг удаашруулдаг байна.
ГҮЗЭЭЭЛЗГЭНЭ- Энэ жимс С витаминаар асар баялаг учир чөлөөт радикалуудтай тэмцдэг, коллагены нийлэгжилтэнд оролцдог шинж чанараараа хөгшрөлтийн эсрэг олон тосны найрлаганд ордог. Түүнээс гадна гүзээлзгэнэ нь найрлагандаа витамин К, В5, В6, фолийн хүчил, кали, зэс, магни агуулдаг.
ГРЕК САМАР БУЮУ ХУШГА-Түүний найрлаганд Омега-3 тосны хүчлүүд, витамин Е болон арьсыг уян хатан, өнгөлөг байлгахад шаардлагатай тэжээлийн бодисууд их хэмжэгээр агуулагддаг болохоор хоолныхоо цэсэнд байнга байлгах шаардлагатай. Тэгээд ч шаржиганасан амттай самарнаас татагалзах хүн байхгүй биз ээ.
БҮЙЛС САМАР-(Almond, Миндаль) нь маш их хэмжээний уураг агуулдаг, хүний биед ашигтай тэжээллэг бодисуудын юугаар ч сольшгүй эх үүсвэр юм. Түүнчлэн арьс арчилгаанд чухал шаардлагатай цайрыг их хэмжээгээр агуулдаг. Хүний биед цайр дутагдвал гормоны өөрчлөлтөнд ороод зогсохгүй батга гаралт ихсэх шалтгаан болдог ажээ. Цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байвал батга гарахаас урьдчилан сэргийлж, булбарай, толигор арьстай болгодог байна.
ЛУУВАН-Энэ бол арьсыг сайхан байлгахад тустай хүнсний ногооны нэг. Тэрээр бета-каротин болон ликопины эх үүсвэр бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр арьсыг нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалдаг. Луувангийн найрлаган дахь тэжээллэг бодисууд нь амархан шингэдэг учраас бета-каротиныг витамин А болгоход хялбар байдаг. Гэхдээ илүү сайн шингээхийн тулд бага зэргийн тос /сайн чанарын/-той хамт хэрэглэх нь зүйтэй.
СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН–Эдгээр нь өө сэвгүй арьстай байхыг хүсдэг хүмүүсийн хоолны цэсэнд чухал байр суурь эзэлдэг. Найрлагандаа их хэмжээний Са, уураг агуулдгаас арьсанд сайн нөлөө үзүүлдэг. Бие организмд нь Са дутагдсан хүмүүс хөгшрөлтөнд эрт өртдөг болохыг судалгаагаар тогтоосон нь бий. Түүнээс гадна тараг, сүүнд агуулагддаг сүүн хүчил нь түрхэж хэрэлэхэд ч арьсыг толигор болгодог шидтэй.
Загасыг хэд хэдэн учир шалтгаанаас болоод хоолныхоо цэсэнд оруулах зайлшгүй шаардлагатай юм. Нэгдүгээрт түүнд агуулагддаг Омега-3 хэмээх тосны хүчлүүд нь үрэвслийг намдаадаг болохоор арьсны хэд хэдэн асуудлыг нэг мөр шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт, зарим төрлийн загас, тухайлбал туна загас нь эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг Селен хэмээх эрдэс бодисоор маш баялаг байдаг.