Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг сар бүрийн 15-наас хойш
арилжааны гурван банкаар иргэдэд олгогдож байна. Тиймээс 15-наас хойш банкуудын
үүдэнд урт дараалал үүсдэг үзэгдэл түгээмэл болоод буй. 21 мянган төгрөгний
төлөө ингэж дараалж буй нь ард түмэн ямар ядуу байна вэ гэсэн бодол хүн бүрийн
толгой руу орж байгаа биз.
Иргэдийн энэхүү дараалал нь банкуудад
ч их ачаалал, дарамт болж Хүний хөгжил сангийн мөнгийг аль аль талдаа амар,
хялбар байдлаар тараах шийдэл гаргаж ирэх шаардлага хэдийнэ бий
болжээ.
Тиймээс ч банкууд Хүний хөгжил сангийн мөнгийг тараах асуудлыг
хялбаршуулах тал дээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай ярилцаж гэрээгээ
шинэчлэхээр болоод байгаа аж. Ер нь 21 мянган төгрөгний эргэн тойронд иргэдийн
мэдэхгүй олон асуулт бий. Иймд бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын
ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгтэй уулзаж иргэдээс хамгийн түгээмэл ирдэг
асуултуудад хариу авлаа.
-Хүний хөгжил сангийн мөнгийг иргэд
бөөнөөр урьдчилж авч болох уу гэсэн асуулт их ирж байна. Зарим банк олгоод,
зарим нь олгохгүй байгаа мэдээлэлтэй?
-Хүний хөгжил сангийн 2011 оны
төсөв батлагдсантай холбогдуулж Монгол улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам
гэж байдаг. Энэхүү журамд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөд хишиг, хувийг сар
бүр олгох эсвэл бөөнөөр олгох гэсэн хоёр хувилбар байгаа. Бөөнөөр олгох гэдэг нь
гэр бүл эсвэл хэсэг иргэн санал, санаачлагаараа нэгдэн нийлээд ажлын байр бий
болгох, бизнест хөрөнгө оруулах зорилгоор 10 саяаас доошгүй төгрөгийг бэлэн бус
хэлбэрээр олгох боломж байгаа. Яагаад бэлэн бус хэлбэрээр вэ гэхээр иргэд нэгэнт
ажлын байр бий болгож, бизнест хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа болохоор тухайн
мөнгийг бараа, материал, тоног төхөөрөмж авахад шилжүүлж байгаа. Тиймээс иргэд
аль аж ахуйн нэгжээс бараа, тоног төхөөрөмж авах гэж байгаа түүнийхээ
нэхэмжлэхийг нь бүрдүүлэх материалдаа хавсаргах ёстой. Түүнээс өөрөөр Хүний
хөгжил сангийн мөнгийг урьдчилан олгох нөхцөл одоогоор байхгүй байна. Дээрх
хэлбэр буюу ажлын байр нэмэгдүүлэх, бизнест хөрөнгө оруулах зорилгоор манайд
гэхэд 4685 иргэн бүхий 57 төсөл ирсэн. Үүнээс манайх эхний таван сард 3036 хүний
29 төсөлд 636,1 сая төгрөгний санхүүжилтийг хийсэн байгаа. Үлдсэнийг нь энэ
сардаа шийдэхээр Сангийн яамны Төрийн сан руу шилжүүлээд байна.
-Хүний хөгжил сангийн 252 мянган төгрөгөө иргэн урьдчилан авах
боломж зарим банкинд байгаа гэж байсан.
-Энэ асуудалд манай
байгууллага хөндлөнгөөс оролцох шаардлагагүй. Иргэн, банкны хоорондын асуудал
байж болно. Учир нь 2011 оны улсын төсөвт тухайн иргэний мөнгө төсөвлөгдсөн учир
иргэн, банк хоёр тохиролцсоны эцэст мөнгийг урьдчилан авах боломж байгаа. Үүнд
манай зүгээс ямар нэгэн дүрэм, журам байхгүй. Арилжааны банкуудын шийдэх эрхийн
асуудал юм.
-Одоо ямар ямар банкаар Хүний хөгжил сангийн мөнгийг
тарааж байна вэ?
-Хаан, Хадгаламж, Капитал гэсэн гурван арилжааны
банкаар иргэдэд мөнгө олгож байгаа.
-Банк бүрт нь хүний хөгжил
сангийн дэвтрээр нь хадгаламжийн дэвтэр автоматаар үүсгээд мөнгөө дуртай үедээ
авдаг байхаар шийдэж болохгүй юу. Хадгаламжийн данс үүсчихээр иргэний мөнгөнд
тухайн банкны хүү бодогдоно гэсэн үг.
-Монгол улсын иргэн бүр хишиг,
хувь хүртэж байгаа. Түүнээс гадна арилжааны банкууд халамж, тэтгэвэр, тэтгэмжийн
мөнгийг тараадаг. Тэгхээр ачаалал маш их болсон. Арилжааны банкуудаас бидэнд хэд
хэдэн хүсэлт ирсэн. Тиймээс ч бид дээрх гурван банктай хийсэн гэрээгээ шинэчилж
байна. Үүний хүрээнд Хүний хөгжил сангийн мөнгийг бид цахим картаар олгох
асуудлыг нэлээд судалж үзээд банкуудтай эргээд энэ талаараа ярилцаж эхэлж
байгаа.
Мөнгөө дуртай үедээ авч болох эсэх асуудал бол нээлттэй.
Иргэнийг заавал сар сардаа мөнгөө очиж авах хэрэгтэй гэж шаардлага тавьдаггүй.
Тухайн иргэнд өнөөдөр, маргаашдаа мөнгөний хэрэгцээ гарахгүй бол мөнгөө
арванхоёрдугаар сард ч очоод авч болох юм. Түүнчлэн өдөр тутам тогтмол ажилтай
хүмүүсийн хувьд банкинд очиж мөнгөө авч амжихгүй байгаа тохиолдол их байна. Ажил
тараад очихоор банк нь хаачихдаг. Амралтын өдөр хамт амарчихдаг. Тиймээс ч бид
цахим картны системийг нэвтрүүлэх гээд байгаа юм. Иргэн дуртай үедээ ATM-ээс
Хүний хөгжил сангийн мөнгөө авчих боломжийг бид шийдэхээр хэлэлцэж байгаа.
-Хадгаламжийн дэвтэр автоматаар үүсгэгдэх асуудал шийдэгдэх
болов уу?
-Энэ саналыг анх банкуудаас манайд тавьж байсан. Үүнийг
бид нэрийн данс гэж нэрлэдэг. Нэрийн дансийг ашиглаж байсан туршлага бидэнд бий.
Та бүхэн мэдэж байгаа, Хүний хөгжил сангийн мөнгийг олгож эхлэхээс өмнө төрөөс
18 хүртэлх насныханд хүүхдийн мөнгө олгож байсан. Энэ үед бид нэрийн данс нээж
ажилласан. Гэвч манай улсын бүртгэлийн асуудлаас үүдэж хяналт алдагдах явдал
байсан. Учир нь манай улсад бүртгэлийн нэгдсэн сан харайхан бүрдээгүй тиймээс
мэргэжлийн санхүү, хяналтын байгууллагуудаас энэ үйл ажиллагааг зогсоохыг
шаардсан. Тиймээс энэ нэрийн дансыг төдийлөн дэмждэггүй. Үүний оронд харин иргэн
өөрийн хүсэлтээр данс үүсгүүлээд Хүний хөгжил сангийн мөнгөө тухайн данс руу
шилжүүлж байх нь бас л иргэн, банк хоёрын шийдэх асуудал юм.
-Арилжааны банкууд төрийн энэ халамж, хишиг, хувийг тараахдаа
өөрсдөө саналаа гаргадаг юм уу. Танайх сонгож байна уу. Иргэд болдог бол бүх
банкаар л авчихмаар байдаг гэж ярих юм.
-Хүний хөгжил сангийн
тухайд манайх шууд сонгон шалгаруулах замаар банкуудыг сонгосон. Арилжааны банк
мэдээж бидэнд хүсэлтээ тавьсны дагуу бид шалгаруулалтаа
явуулсан.
-Одоо Хүний хөгжил сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг
яг яаж шийдэж байна вэ. “Эрдэнэт” үйлдвэрээс зээлж байгаа гэсэн үнэн
үү?
-Энэ талаар би хариулж мэдэхгүй байна. Сангийн яамны шийдэх
асуудал учир.
-Өнөөдрийн байдлаар Хүний сангаас хэчнээн иргэн
хэчнээн төгрөг аваад байна вэ?
-Хүний сангийн мөнгийг иргэний
шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан иргэдэд олгож байгаа. Шинэчилсэн бүртгэлдээ
хамрагдсан нийт хоёр сая, дөрвөн зуун 79 мянга, 700 хүн буюу нийт хүн амын 90,8
хувь нь Хүний хөгжил сангийн хишиг, хувинд хамрагдаад явж байна. Хишиг, хувийг
гадаадад байгаа болон хорих ял эдэлж буй бүх л хүн эрх тэгш байдлаар хүртэж
байгаа.
-Үлдсэн 10 хувь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй гэсэн
үг үү?
-Бичиг, баримтын зөрчилтэй хүмүүс гэж ойлгож болно.
-Энэ оны тавдугаар сард бичиг баримтын зөрчлөө арилгалаа гэхэд
өмнөх жил, сарын мөнгөө авч боломж нээлттэй байгаа юу?
-2010 оны
хувьд эхний 70 мянган төгрөгийг бичиг баримтын зөрчилгүй хүмүүст олгосон бол
үлдсэн 50-ийг нь Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгосон. Энэ жил
өнгөрсөн оны мөнгийг аваагүй иргэн байвал 2011 ондоо авч болохоор байгаа. Өөрөөр
хэлбэл энэ тавдугаар сард бичиг, баримтын зөрчлөө арилгалаа гэхэд өмнөх оны,
саруудын мөнгөө нөхөж авах боломжтой.
-Гадаадад байгаа иргэдийн
мөнгийг энд байгаа гэр бүлийнхэн нь итгэмжлэлээр авах боломж байгаа байх. Тийм
үү?
-Байлгүй яахав. Тухайн улс орноосоо журмын дагуу итгэмжлэлээ
гаргаад энд байгаа ар гэрийнхэн нь Хүний хөгжил сангийн мөнгийг нь авч болж
байгаа.
-Энэ итгэмжлэлийг хаанаас авах
вэ?
-Итгэмжлэлийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын
яамаар дамжуулж Гадаад харилцааны яам руу явуулдаг.
-Дээр нь
хууль бусаар гадаадад амьдарч байгаа иргэд Хүний хөгжил сангийн хишиг хувийг
хүртэж болох мөн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдахдаа баригдчих вий гэсэн нэлээн
айдастай байдаг гэсэн. Үүнд та нэг тодруулга өгөхгүй юу?
-Иргэд үүнд
нэг ойлголттой болох хэрэгтэй. Ямар ч улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын
яам, Консулын газар тухайн оронд байгаа Монгол иргэдийн эрх, ашгийг хамгаалах
гол зорилготой байгууллага гэж ойлгож болно. Түүнээс хууль бусаар ажиллаж байгаа
хүмүүсийг барьж, хорьдог буцаадаг газар биш юм.
ХЭДДҮГЭЭР САРД Ч ТӨРСӨН ШИНЭ ХҮҮХЭД
ТУХАЙН ЖИЛИЙНХЭЭ МӨНГИЙГ БҮТНЭЭР НЬ АВАХ
БОЛОМЖТОЙ
-Шинээр төрсөн хүүхэд тухайн сараасаа
мөнгөө аваад явч байгаа юу?
-Шинээр төрсөн хүүхдийн гэрчилгээ болон
бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний дараа мэдээж Хүний хөгжил сангийн
хишиг хувь хүртэх эрх нээгдэнэ. Өөрөөр хэлбэл төрсний гэрчилгээ авсны дараа
Хүний хөгжил сангийн дэвтэр нээлгүүлэх хэрэгтэй. Ингэж байж данстай болно. Мөн
шинэ хүүхэд тухайн оны хэддүгээр сард ч төрсөн жилийнхээ мөнгийг бүтнээр нь авах
боломжтой. Жишээ нь, 2011 оны гуравдугаар сард мэндэлсэн хүүхэд Хүний хөгжил
сангаас энэ жилийн нэг, хоёрдугаар сарын мөнгийг бөөнөөр нь авах боломжтой гэсэн
үг. Өөрөөр хэлбэл, 2011 оны хэддүгээр сард ч төрсөн бай 252 мянган төгрөгөө
бүрнээр авах боломжтой юм.
-Харин нас барсан хүний тухайд ямар
журам үйлчилж байгаа бол?
-Нас барсан хүний тухайд мөн шинэ төрсөн
хүүхэдтэй ижил зарчим үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн 2011 оны нэгдүгээр
сард нас барлаа гэхэд 2011 онд авах ёстой 252 мянган төгрөгийг нь гэр бүлийнхэн
нь бүтнээр авах боломжтой. Учир нь энэ хүний Хүний хөгжил сангийн мөнгө 2011 оны
төсөвт суучихсан гэсэн үг.
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ТӨЛБӨРИЙГ ХҮНИЙ
ХӨГЖИЛ САНГИЙН МӨНГӨӨРӨӨ ТӨЛӨХ АЖИЛ 2012 ОНООС ХЭТРЭХГҮЙ
ШИЙДЭГДЭНЭ
-Хүний хөгжил сангийн мөнгөө бөөнөөр
нь аваад орон сууцны санхүүжилтандаа өгч болно гэж байсан. Энэ талаар
тодруулахгүй юу?
-Ер нь бол Хүний хөгжил сангийн 1,5 сая төгрөгийг
500 мянгийг нь бэлнээр, нэг саяыг нь бэлэн бус хэлбэрээр хүртэнэ гээд заачихсан
байгаа. Өнгөрсөн оноос эхлээд бэлнээр тараах мөнгөө олгоод эхэлсэн нь 120 мянга,
энэ жилийн 252 мянган төгрөг. Бэлэн бус мөнгөний тухайд дөрвөн төрөл бий. Үүнд,
боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт, даатгалын
үйлчилгээнүүд хамгийн сүүлд нь орон сууц худалдан авсны төлбөрт Хүний хөгжил
сангийн хишиг хувийг шилжүүлэх асуудал байгаа. Гэхдээ энэ дөрвийг хэрэгжүүлэх
зорилгоор тухайн жилийн улсын төсөв батлагддаг. 2010 оны тухайд иргэддээ зөвхөн
120 мянган төгрөгийг олгох мөнгө төсөвлөгдсөн. Харин энэ жил нийт 805 тэрбум
төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс иргэн бүр сар болгон 21 мянган төгрөгөө хүртэнэ.
Бэлэн бусаар хоёр хэлбэрээр олгож байгаа. Нэгдүгээрт иргэн, 2011 оны Эрүүл
мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт Хүний хөгжил сангаас мөнгө шилжүүлж болж
байгаа. Үүнд, ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр малчид, ажил хөдөлмөр эрхлээгүй
байгаа хүмүүс, их, дээд сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн
ангийн оюутнууд хамрагдах боломж бий. Хоёрдугаарт, оюутны сургалтын төлбөр буюу
Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн
ангийн суралцагч хичээлийн төлбөрийн 500 мянган төгрөгийг бэлэн бусаар хийлгэж
болж байгаа.
Орон сууц худалдан авах төлбөрт Хүний хөгжил сангийн
төлбөрийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байгаа.
Одоо энэ ажил судлагдах шатандаа явж байгаа гэсэн үг. Ямар ч байсан орон сууцны
төлбөрт энэ жил Хүний хөгжил сангаас мөнгө шилжүүлэх төсөв байхгүй. Гэхдээ 2011
оны төсвийн тодотголд тусгагдахыг үгүйсгэхгүй. 2011 онд энэ ажил хийгдэж
амжихгүй бол 2012 оны төсөвт тусгагдах байх гэж бодож байна.
-Иргэдээс анх бэлэн бус нэг сая төгрөгөө дээрх дөрвийн алинд нь
зарцуулах вэ гэж нэг асуулгын хуудсаар санал авч байсан. Энэ хуудсанд орон
сууцны санхүүжилтад зориулна гэж бөглөсөн хүмүүс хамрагдана гэсэн үг үү. Өмнөх
Засгийн газрын хурлаар иймэрхүү зүйл яригдсан болохоор иргэд тэр хуудсаа
бөглөсөн билүү, яалаа гэж нэлээн санаа зовж байх шиг байна.
-Энэ
асуудалд тусдаа нэг журам гарч ирнэ гэсэн үг. Шинэ журам гарч ирэх учраас иргэд
одоо санаа зовох хэрэггүй. Дүрэм, журмыг олон янзын хувилбараар судалж байгаа.
Тухайлбал, гэр бүлийн нэг гишүүн нь орон сууц худалдан авсан зээлтэй бол гэр
бүлийн бусад гишүүн нь тэр хүүхдийнхээ зээлд нь өөрсдийн мөнгөө шилжүүлж болох,
эсвэл хашаандаа шинэ байшин барихад дэмжлэг үзүүлэх ч юм уу. Хувилбар, саналууд
зөндөө их байна. Удахгүй энэ журам гарна.
