Дэлхий нийтэд хамгийн түгээмэл болоод буй өвчний нэг чихрийн шижин юм. Судалгаанаас үзэхэд Монголын хүн амын дунд энэ өвчин газар авч буй нь нийгмийг эмзэглүүлсэн асуудал болоод байна. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, нийгтийн стресст өртөх, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл ихэссэнтэй холбоотой. УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч Ц.Бодьцэцэгийн “Жирэмсний үеийн чихрийн шижин өвчин”-ий талаарх зөвлөгөөг хүргэе.
Чихрийн шижин өвчин гэж юу вэ?
Цусны сахар хэвийн хэмжээнээс их болдог халдварт бус өвчин юм. Чихрийн шижин өвчин нь архаг явцтай, удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Бодисын солилцоо алдагдан, глюкоз их хэмжээгээр үлдсэнээс цусан дахь сахарын түвшин ихэсдэг. Ийм үед глюкоз шээстэй хамт ялгарч эхэлнэ. Цусны сахар эрүүл хүнд 5,4 ммоль литрээс, 110 мг/дл-ээс бага байх ёстой.
Жирэмсний үеийн чихрийн шижин
Жирэмсэн үед дааврын өөрчлөлт орсноор цусан дахь глюкозын зохицуулга хямрах эмгэгийг жирэмсний үеийн чихрийн шижин гэнэ. Жирэмсэн болсноос хойш төрөх хугацаанд үүсэж буй чихрийн шижинг үүнд хамруулдаг. Жирэмсэн эхчүүдийн тав орчим хувь нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн барьж чадахааргүй инсулинтэй байдаг. Өвчнийг эрт илрүүлэн, цусны сахарыг хэвийн хэмжээнд барьж, эмчилгээг даруй эхэлбэл эх болоод ирээдүйд мэндлэх хүүхдэд хүндрэл өгөхөөс урьдчилан сэргийлж чадна.
Эрт илрүүлэлт
Жирэмсэн эхийн цусанд байх сахарын хэмжээ нь өлөн байх үед 5,5 ммоль литрээс их, глюкозын ачаалалт сорил хийснээс хойш хоёр цагийн дараа үзэхэд 8,0 ммоль литрээс их байвал жирэмсний чихрийн шижин гэж үзнэ. Жирэмсний үеийн чихрийн шижин өвчинг эрт илрүүлэхийн тулд глюкозын ачаалалт сорил тавьж үздэг. Сорилыг хоёр аргаар хийнэ.
1. Жирэмсэн эхэд хоол идсэн байхаас хамааралгүйгээр 75 грамм глюкозыг 200 ммоль литр усанд уусгаж уулгаад, нэг цагийн дараа сийвэнгийн сахар хэмжиж үзнэ.
2. Жирэмсэн эхийг урьд өдөр нь шинжилгээнд бэлтгэж, маргааш өглөө өлөн үед нь 200 мл глюкозын уусмал уулгаад, хоёр цагийн дараа мөн сийвэнгийн сахарыг тодорхойлж үзнэ. Хэрвээ эх өмнө нь жирэмсний диабет хэмээн оношлогдож, сорил хийсний дараа эрүүл гарвал 12 долоо хоногтойд дахин сорилд оруулна. Жирэмсэн байх үеийн чихрийн шижинг эрт илрүүлэх сорилыг тогтмол хийх нь нарийн мэргэжлийн эмчийн анхаарах чухал асуудлын нэг юм.
Өвчний үед барих дэглэм
Тухайн эх жирэмсэн байх хугацаандаа төдийгүй төрсний дараа таван жил нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байна. Өвчнийг чихрийн шижин, эмэгтэйчүүдийн эмч давхар хянана. Хоол зүйч эмчээс зөвлөгөө авч, сургагч багшийн хичээлд 4-6 удаа сууж, дасгал хөдөлгөөнийг хийнэ.
Жирэмсний үеийн чихрийн шижин өвчин эдгэрдэг үү
Төрсний дараа бүрэн эдгэрч болдог. Гэхдээ өвчний 10-50 хувь нь таван жилийн дараа чихрийн шижингийн II хэлбэрт шилждэг тулд төрсний дараа эх жин ихтэй бол хасах шаардлагатай. Төрөхөөсөө өмнө дасгал, хөдөлгөөнөө сайжруулж, спортоор идэвхтэй хичээллэх хэрэгтэй.
Чихрийн шижингийн I, II хэлбэрийн өвчтэй эх жирэмсэлбэл ямар эмчилгээ хийлгэх вэ
Инсулин эмчилгээ хийлгэнэ. Энэ үед эмчилгээний менежмент сайн байх шаардлагатай. Өвчтөн хоолны өмнө, хоолны дараа, унтахын өмнө цусны сахараа өдөр бүр үзүүлнэ. Өлөн үеийн цусны сахарыг 5,5 ммоль литрээс бага, хоолны дараа хоёр цагийн дараах сахарыг 7,0 ммоль литрээс бага барьж байх ёстой. Жирэмсний эхний гурван сард инсулины тунг багасгаж, харин жирэмсний сүүлийн гурван сард инсулины тунг нэмнэ. Өдөрт инсулиныг 4-5 удаа тохирсон тунгаар килограмм жинд бодож тарина.
Хийх тунг диабетолог эмч тохируулна. Чихрийн шижингийн II хэлбэр оношлогдоогүй үед эмэгтэйчүүд жирэмслэх тохиолдол их байдаг. Энэ үед хүндрэл их гардаг тул урьдчилан сэргийлэлтийг эрт эхлэх хэрэгтэй. Чихрийн шижингийн II хэлбэрийн өвчтэй эх жирэмсэлбэл сахараа хатуу хяналтад байлгана. Сахаржсан гемоглобины шинжилгээг хэвийн хэмжээнд барьж, артерийн даралт буулгах эмийг эмчийн зөвлөснөөр ууна.
Эхчүүдэд гардаг хүндрэл
Өвчний хожуу үед нүд болоод бөөрний хүндрэлтэй эмэгтэй жирэмсэлбэл амаргүй. Энд эх, үрийн амь насны тухай томоохон асуудал яригдаж байна шүү дээ. Эх хэт өндөр, эсвэл хэт бага сахартай байх амь насанд нь аюултай. Чихрийн шижингийн I, II хэлбэрийн өвчтэй жирэмсэн эх нарийн мэргэжлийн эмчийн хяналтад төрөх ёстой. Төрөлтийг эмч хариуцлагатай удирдана. Төрөх явцад эхийн сахар цусанд ихсэж, багасаж болдог. Зарим эх хугацаанаасаа өмнө эх хоёроос, гурван долоо хоногийн өмнө төрөх тохиолдол байдаг.
Төрсний дараа эх юү анхаарах вэ
Төрсний дараа сахараа тогтмол хэвийн хэмжээнд нь барина. Эх хүүхдээ хөхөөр хооллох нь зүйтэй. Харин хэрэглэж буй хоол хүнсээ зөв тохируулан, эмчийн зөвлөгөөний дагуу төмрийн бэлдмэл, иодын нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагатай.
Хориглох хоол, хүнс
Амьтны гаралтай өөх тосоор баялаг хоол, хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахай, хонины мах, лаазалсан бүтээгдэхүүн, шарсан тахиа, давсалсан загас, тосонд чанасан боорцог, шар тос, айраг, чихэрлэг зүйлийг хориглоно. Мөн жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, жимсний чанамал, зөгийн бал, хийжүүлсэн ундаа, зайрмаг, квас, усан үзэм, бананыг хэрэглэж болохгүй. Хоол амтлагчийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хоолыг усанд чанах, эсвэл ууранд жигнэж боловсруулах нь хамгийн тохиромжтой.
Хэрэглэж болох хоол, хүнс
Хар гурил, хар талх, хивэг, хөх будаа, алим, лийр, өргөст хэмх, байцаа, лууван, вандуй, талх, булчин махаар хийсэн хоол түлхүү хэрэглэж болно.
Урьдчилан сэргийлэлт
-Эрүүл зөв хооллох
-Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх
-Илүүдэл жингүй байх
-Хорт зуршлаас татгалзах
Чимээгүй тахал мэт нүүрлэж буй чихрийн шижин өвчний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсээ зөв сонгох нь чухал юм. Өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний орцонд агуулагдах нүүрс ус, уураг, өөх тосны зохистой харьцааг мэдэж байх нь эрүүл амьдрахад ихээхэн тустай. Монголчууд зөв хооллож ирсэн өвөг дээдсийнхээ ухаан, сургаалийг дагаж, мөрдөх хэрэгтэй.
Залхуурч хэзээ ч болохгүй. Идэвхтэй хөдөлж, хөдөлмөрлөж сур. Уур уцаараар өөрийгөө бүү зовоо. Аливааг бүтнэ гэж өөдрөгөөр харж, бодож байгаарай. Бид хамтдаа эрүүл энхийн төлөө зүтгэж байж, аз жаргалтай амьдарна шүү дээ. Эрүүл байна гэдэг амьдралын баяр баясал, юугаар ч сольшгүй аз жаргал юм.
당뇨병 GEJ MON BIZ DEE?
당뇨병 식이요법
당뇨병 치료법
당뇨에 좋은 음식
GEJ NETEES XAIGAAD UZEEREI.
OOR YUM XAIJ ORUULNAA.