Д.Ганцэцэг: Гурван эр хүнээр хайрлуулж амьдарна гэдэг их аз жаргал
УДЭТ-ийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, драмын “алаг нүдэн” гэгддэг Д.Ганцэцэгийг “Сайн өдрийн зочин”-оор урилаа.
-Жүжигчин хүний амралтын өдөр хэрхэн өнгөрдөг бол. Уран бүтээлийн бэлтгэл гэрт ч гэсэн өрнөдөг л биз дээ?
-Амралтын өдөр уран бүтээлдээ цаг зав гаргахаас илүү гэртээ өнгөрөөх дуртай. Гэр бүлээрээ гарынхаа хоолыг хийж идээд амрах сайхан. Манайхан надаар төмсний хучмал л хийлгэдэг юм. Сүүлийн үед утаа ихтэй хотоос зугтаж амралтын өдрөөр цэвэр агаарт гарахыг эрхэмлэх болсон. Эрүүл мэндэд ч тустай, бас алжаал тайлагддаг.
-Гэхдээ л урлагийнхны ажил цаг наргүй шүү дээ. Уран бүтээлийн хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?
-Би ч сүүлийн үед их амарч байгаа шүү дээ. /инээв/ Өнгөрсөн жил хоёр дахь хүүхдээ төрүүлээд саяхнаас ажилдаа орсон. Бүтэн хоёр жил шахуу амарлаа. Гэртээ суухаар сүүлдээ ажлаа их санадаг юм байна. Тайзан дээрээ сургуулилтаа хиймээр санагдана гээч. Гэхдээ хоёр дахь хүүхдээ төрүүлж байж л ээж болсноо илүү мэдэрдэг юм шиг ээ. Анхны хүүхдээ гаргачихаад хоёр сартайд нь ажилдаа орж байсан.
Гэтэл одоо хүүгээ хоёр гурван цаг орхиод явахаар л яаж байгаа бол гэж бодогдоод бүр яардаг болсон. Ажилдаа орсноос хойш цаг зав бага болсон ч аль болох ажлаа зохицуулаад амрахаа л боддог.Учир нь өмнөхөөсөө илүү хариуцлага үүрч байгаагаа ухамсарлаж байна. Ажлаа сайн хийхийн зэрэгцээ ар гэрээ авч явна. Хоёрын хоёр хүүхдийг ирээдүйд нийгэмд эзлэх байр суурьтай, боловсролтой иргэн болгож хүмүүжүүлэх үүрэг хүлээж байна шүү дээ. Урьд нь ажил гээд л гүйдэг байсан бол одоо аль алиныг нь зохицуулах гээд л явж байна.
-Удаан хугацаанд амарсан болохоор эрч хүч ихтэй байгаа юм байна. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Одоогоор “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хэмээх жүжигт Ану хэмээх хүүхдийн дүр дээр ажиллаж байгаа. Бид театрынхаа 80 жилийн ойг угтан “Ромео Жулетта”-г тавих гэсэн боловч төсөв мөнгөний асуудлаас түр хойшлогдсон. Удахгүй Б.Шүүдэрцэцэгийн зохиол “Ану хатан” жүжгийг тоглохоор бэлтгэж байна. Одоохондоо фондод байгаа жүжгүүдээсээ тоглож байгаа.
Ирэх есдүгээр сараас Хүннү гүрний тухай шинэ жүжиг тоглохоор төлөвлөж байна. Саяхан бид Сэлэнгэ аймагт “Надаар тоглосон хайр”, “Ээж ээ”, “Бардам туулай”, “Шөнө амталсан нулимс”, “Хунгийн дуу”, “Эхнэрээ зээлээч” гэсэн жүжгүүдийг тоглосон. Ирэх сарын дундуур Дарханд очиж тоглоно доо.
-Удахгүй “Гэгээн Муза” наадам болно. Та энэ жил нэр дэвшиж байгаа юу?
-Миний хувьд уран бүтээлээс бага зэрэг хол байсан учраас энэ жил хараахан оролцож чадахгүй. Тухайн жилийн шинэ уран бүтээл шалгаруулах наадам шүү дээ. Энэ жилийн хувьд театрынхаа хамтран ажилладаг уран бүтээлчдэд үзэгчдийн суудлаас баяр хүргээд л оролцох байх.
-Жүжигчин болсноосоо хойш хэчнээн дүр бүтээсэн бэ. Тоолж үзсэн үү?
-Анх 2000 онд УДЭТ-т орж байлаа. Жил гаруй дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад 2001 онд жинхэлсэн. Театрт ороод 10 жил болжээ. Бас л багагүй хугацаа өнгөрсөн байгаа биз. Энэ хугацаанд 30 гаруй жүжгийн 28-д нь гол дүр, долоо найман жүжигт туслах, тав зургаан жүжигт олны хэсэгт тоглосон байна. Ихэвчлэн эерэг талын дүр бүтээдэг. Хайр дурлалын баатрын дүр бүтээж, цөөхөн хэдэн дүрд л эсрэг дүрд тоглосон. Мэргэжлээрээ удаан ажиллах тусам улам өөрийгөө мэдэрч яаж хөгжих вэ гэдгээс эхлээд олон зүйлд суралцаж байна. Жүжиг болгон шинэ байдаг болохоор дүр бүрээс шинэ юм сурдаг.
-Таны хувьд санаанаас гардаггүй хамгийн хайртай дүр тань юу вэ?
-Дүр бүр дээрээ л их хөдөлмөр гаргаж ажилладаг учраас бүтээсэн дүр бүхэндээ л хайртай. Онцолж хэлбэл, театрт орсныхоо дараахан сонгодог жүжигт том жүжигчидтэй анх хамтран тоглосон “Цахлай” жүжгийн Машагийн дүрдээ илүү хайртай. Мөн “Шөнө амталсан нулимс” жүжгээр бахархдаг. Дандаа гавьяатуудтай хамтарсан болохоор тэр л дээ. “Надаар тоглосон хайр” жүжигт залуу үеийнхэн гар нийлж бүтээсэн. Ер нь бүтээсэн дүр бүхэн минь сайхан.
Сүүлд тоглосон “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээ их буян дагуулсан жүжиг гэж эрхэмлэдэг. Яагаад гэвэл энэ жүжигт тоглосны дараа би хоёр дахь хүүхдээ төрүүлж, манай театрын энэ жүжигт оролцсон залуу уран бүтээлчдийн ихэнх нь анхныхаа хүүхдийг төрүүлэн эцэг эх болцгоосон.
-Жүжигчин бүрт бүтээх юмсан гэж хүсдэг дүр бий. Таны хувьд ямар дүрд тоглохыг илүү мөрөөддөг вэ?
-Би түүхэн монгол хатны дүр бүтээх сэн гэж хүсдэг. Бид хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан Мандухай хатныг хэн нь ч харж байгаагүй хэрнээ Сувд эгчээр төсөөлдөг шүү дээ. Яг л тийм сайхан түүхэн дүр бүтээх сэн гэж хүсч байна. Гэхдээ жүжигчин хүн найруулагчийн эрхшээлд л уран бүтээлээ туурвидаг. Найруулагчаас л команд хүлээж байдаг.
-Жүжигчний амжилт гэдэг дан ганц өөрөөс шалтгаалдаггүй. Хамгийн ойр дотно зөвлөгч нь найруулагч байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Найруулагчтайгаа нягт ажиллаж, тэр хүний хэлэх гэж байгаа санааг мэдэрч дүрээ гаргана гэдэг жүжигчин, найруулагч хоёроос маш их хөдөлмөр шаарддаг. Найруулагчаас бид их зүйл сурдаг, яг л анх удаа сургуульд орж байгаа хүүхэд шиг. УГЗ, Ардын жүжигчин Мөнхдорж багштай хамтран “Бооцоо” жүжигт ажиллаж байсан. Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Наранбаатартай “Надаар тоглосон хайр” жүжгээр хамтран уран бүтээлээ эхэлж байлаа.
Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатартай “Цахлай” жүжигт хамтран ажилласан. Найруулагч болгон өөрийн гэсэн онцлог, арга барилтай. Энэ багш, найруулагчдаас гадна өөр олон сайн багш, найруулагчидтай хамтарсан. Тэдэндээ үргэлж талархаж явдгаа хэлмээр байна.
-Театр нэг үеэ бодвол залуу уран бүтээлчид олонтой болжээ. Таны бодлоор театр ямар байвал илүү хөгжих вэ?
-Энэ жил театрын маань 80 жилийн ой тохиож байгаа. Өгүүлэх түүхтэй, байгуулсан гавьяатай тийм л сайхан ариун сүм. Үе үеийн гавьяатууд энэ л тайзан дээр амьдарч, уран бүтээлээ туурвиж ард түмэндээ үнэлэгдсэн. Зөвхөн уран бүтээлийн төлөөл нэг насныхаа амьдралыг зориулсан хүмүүс. Ийм сайхан түүхтэй газар ажиллахаар орж ирсэн залуучууд илүү сайн ажиллах хэрэгтэй.
Миний бодлоор Драмын театр сэргэж байгаа. Залуу, чадварлаг, уран бүтээлчид ажиллахаар ирж байгаад баяртай байдаг. Хамгийн гол нь урлагийн, оюуны бүтээлийг төр засгаас үнэлдэг байгаасай гэж хүсдэг. Бүх уран бүтээлч, хамт олондоо баярын мэнд хүргэе. Ийм сайхан хамт цэнхэр эмжээртэй бүч зүүдэг байлаа. Ахлах ангид ороод л жүжигчин болохоор шийдсэн Тэр үед манай ангийн багш “Эдийн засагч мэргэжил эзэмших ёстой хүн жүжигчин болох гэлээ” хэмээн уурлаж байсан.
Би их кино үздэг, ном уншдаг, уран уншлагын уралдаанд дандаа тэргүүлдэг хүүхэд байлаа. Энэ бүхэн нөлөөлсөн байх л даа. Мэргэжилдээ хайртай, сэтгэл хангалуун яваа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний нөхөр Батболд хувиараа бизнес эрхэлдэг. Том хүү маань хоёрдугаар ангид сурдаг, бага хүү маань ой өнгөрч байгаа. Анхны хүүхдээ хүү байгаасай гэж их хүсч байсан маань биелсэн. Хоёр дахь хүүхдээ ч гэсэн битүүхэндээ хүү байгаасай гэж бодож байсан минь ч хүслээр болсон. Би багаасаа л хоёр хүү, нэг охинтой болно гэж мөрөөддөг байсан.
Энэ хорвоо дээр би ганцаараа ирсэн бол одоо дөрвүүлээ болсон. Намайг гэх хүн аав ээж, ах дүүгээс минь өөр хүн байгаагүй бол одоо гурвын гурван хүн нэгдүгээрт Ганцэцэгийг гэнэ гэж бодохоор сайхан шүү дээ. Ялангуяа гурван эр хүнээр хайрлуулж амьдарна гэдэг их аз жаргал шүү.
-Тэгвэл охиноо хэзээ төрүүлэх төлөвлөгөөтэй байна?
-Хоёр ахыг нь жаахан том болохоор л. Тэгэхээр тав, зургаан жилийн дараа юм уу даа. |
ene manai surguuliin В BULEGT BSAN OHIN SHDEE IH SERGELEN NIITECH SURLAGATAI OHIN BSIIN EGCH NI BAS UURTEI NI TUSTEI EGCH BAS MANAI SURGUULID BSAN ODOO ZAN AASH NI YAMAR BOLSIIN BGAA YUM