Moderator: mgl_300
Дэлхийн хэмжээнд “4 сая бүсгүйчүүлийг хилийн гортиг давуулан наймаалснаар 7 тэрбум долларын ашиг олж байна” гэсэн судалгааг олон улсын байгууллага гаргасан байна.Түүгээр зогсохгүй охид эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэргийн цар хүрээ өсөн нэмэгдсээр байна. Жил бүр олон мянган охид, бүсгүйчүүл бүс нутаг, улс хязгаар дамжин амьжиргаагаа дээшлүүлэх, амьдралаа сайжруулахын тулд харийн орныг зорин одсоор…
Гэвч энэ шилжих хөдөлгөөнд автагдсанаар тэд хууртагдан хулхидуулах, худалдагдах, элдэв бэлгийн болон бусад заналхийлэл, дарамтлалд өртөх гэх зэрэг олон замаар орсноор өөрийн эрхгүй хүчинд автагдан биеэ үнэлэх, өөр бусад хэлбэрийн боолчлолын нөхцөлд орж түүнээсээ бултан зайлсхийх аргагуй болдог. Ингэснээр тэдний ихэнх нь эрх чөлөөнөөсөө хагацан хоригдох, эсвэл төлж баршгүй өр ширэнд дарагдан амь зуухад хүрдэг аж. Ийнхүү тэд нарийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдээр удирдуулсан дэлхийн хэмжээнд олон тэрбумаар тоологдох ашиг олдог “бараа” -тай эн зэрэгцэх хэмжээнд нэгэнт хүрчээ.
Сүүлийн жилүүдэд Оросын өмнөд нутаг, Баруун Сибирийн хил хязгаар нь охид эмэгтэйчүүд хүүхдийг наймаалах гүүр болж байгаа аж. Хүн наймаалагчид ихэвчлэн ядуу амьдралтай, зах хязгаарын муж нутгуудаас бүсгүйчүүл, хүүхдүүдийг сонгон Тайланд, Таивань, Япон, БНСУ, Канад, Америк, Англи, Макао зэрэгт гарган зардаг байна.Энэ мэт баримт нь уг гэмт хэрэг хэрхэн тархаж байгааг, мөн манай хоёр хөрш энэ гэмт хэрэгт хэрхэн нягт холбогдсон болох нь, Монгол Улс бусад улс орны эмэгтэйчүүдийг дамжуулан өнгөрөөх, хүлээн авах, орогнуулах, өөрийн бүсгүйчүүдээ гаргах гадаад нөхцөл хэдийнээ бүрэлдсэнийг харуулж байна.
Монгол охид, бүсгүйчүүлийг хил дамнуулан худалдах гэмт хэргийг үйлдэхэд монголчуудаас гадна Хятад, Герман, Макао, Хонконг, Япон, Солонгос улсын иргэд ихээр оролцдог гэсэн баримт бий. Эдгээр гадаадын иргэд хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхэд манай иргэд, компаниуд багагүй үүрэгтэй оролцож байна.
Тухайлбал, иргэд, компаниуд өөрийн нэр дээр зар тавин охид, бүсгүйчүүдтэй хүртгэл судалгаа хийх маягаар ярилцах, гэрээ байгуулах, фото зургийг нь авах, хуурамчаар гэрлэлт батлуулах, виз гаргуулах, бүжгийн хөдөлгөөн заах, хэлний мэдлэг олгох, гадаадад ажилд зуучлах, гадаадад ургуульд сурапцуулах, гадаадын иргэнд монгол хүүхдийг үрчлүүлэх, гадаад хүнтэй гэр бүл болгох эрэг өнгөлөн далдлах хэлбэрээр итгүүлэн үнэмшүүлэх ажлыг голлон хийдэг аж. Хүний наймаа эрхлэгчид нь “Гэр бүл зуучлал” -ын компани нэрийдлээр монгол охид, эмэгтэйчүүдийг гадаадын иргэдтэй гэрлүүлэх ажиллагаагаа явуулж байгаа нь гадаадын иргэдтэй гэр бүл бологсдын тооноос харагдаж байгаа юм. Тухайлбал, 2005 онд 704, 2006 онд 824, 2007 онд 970 хүн гадаадын иргэнтэй гэр бүл болжээ.
Жил бүр гадаадын иргэдтэй гэр бүл болж буй харчууд, хүүхнүүдийн тоо харилцан адилгүй өсч байгаа ч эмэгтэйчүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь 90-95 хувьтай байна. Харин зуучлуулж буй бүсгүйчүүдийн 80 хувь нь 18-25 нас хүртэлх, 20 хувь нь 30-35 насных байдаг гэнэ. Харин тэдэнтэй гэрлэж буй гадаад харчуудын нас 35-60 байгаагаас харахад монгол бүсгүйчүүл өөрөөсөө 2 дахин настай хүнтэй гэрлэж байгаа нь харагдана.
Мөн зуучлалын компаниуд гэрлэлтэнд шаардлагатай баримт бичгийг хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлсэн байдаг нь эртнээс зохион байгуулж бэлтгэсэн болохыг нь харуулдаг. Хэрвээ материалаа бүрдүүлсэн л бол тухайн өдөрт иь бүртгээд л гэрлэлтийн гэрчилгээг нь олгодог, гэтэл бас зуучлалаар гэр бүл болж буй хосууд 2-3-хан хоногийн дотор танилцаж гэрлэж, тун ч удадгүй цуцлуулдаг байдал сүүлийн жилүүдэд давтагдан гарч байна.
Гэр бүл зуучлалын компаниуд нь ихэвчлэн эрүүл саруул, царай зүс сайтай, гэр бүлгүй, ганц бие, эсвэл салсан, өмнө нь гэрлэж байгаагүй, хагас өнчин өөрөөр хэлбэл ганц эхтэйгээ эсвэл эцэгтэйгээ хоёулаа гэр бүлд өссөн охидыг голчлон сонгодоггэнэ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Гэр бүл зуучлал” -ын компаниуд тодорхой хаяг, оффисгүй, ажилтнуудаа байнга халж солих байдлаар энэ гэмт үйлдлээ нууцлагдмал хэлбэрээр явуулдаг нь хэнд ч ойлгомжтой хэрэг. Зуучлуулж буй бүсгүйчүүдтэйгээ болоход нөлөөлж байж болзошгүй юм. Ер нь гадаадын иргэдтэй гэрлэж буй монгол эмэгтэйчүүдийг гэрлэж байгаа байдлаас нь харахад тэд сайн дураараа бус гадаад улсад гарах гэсэн сонирхол, “гадаадын хүн л баян мөнгөтэй” гэсэн гэнэн бодлын үүднээс, зарим нь албан хүчээр эцэг эх, ах эгч гэх хүмүүсийн албадлагаар гэрлэдэг байна.
Монгол Улс дахь хүн худалдах гэмт хэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй олон талаар холбоотой байна. Хэвлэл мэдээлэл ашиг орлогоо юун түрүүнд бодон, хүний өгч байгаа зар мэдээнд хяналт тавихгүй шууд нийтэлдэг.
Цагдаагийн байгууллагаас судалгаа хийн, “Нэгдүгээр бүлгийн цустай хүний элэг авна”, “Царай зүс сайтай охидыг японд ширээний үйлчлэгчээр ажиллуулна” гэсэн зар өгснийг зарын сонингууд ямар ч хяналтгүй нийтлэж байх жишээтэй. Зарын дагуу олон арван хүн утасдан, гадаадад явж ажиллах, мөн элгээ ч өгье гэсэн байна.
Монголчууд “манай охин, хүү энд ажилгүй байгаа, ингэж байснаас гадагшаа явж ажил төрөл хийг гэх мэтээр ямар ч баталгаагүй, зар төдий зүйлд итгэн, хөнгөн аргаар амьдрах арга зам хайж, амьдралаа эрсдэлд оруулж байгаа нь өөрсдийн ухамсрын түвшин дор байгааг харуулж байна. Энэ гэмт хэргийг үйлдэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээс гэмт үйлдлийнхээ хохирогчоо олж авахдаа ашигладаг.
Тухайлбал, “Солонгост өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн зараар очиход “X” болон өөр 3 охиноос өөрийгөө Цэцгээ гэгч эмэгтэй 200-500 мянган төгрөг авч, Эрээн хотод очмогцоо охидуудын паспортуудыг хураан авч, Макаод хүргэсэн байна. Цэцгээ гэгч нь тэнд байсан монгол эмэгтэй охидод хандан ‘Та нараар массажны ажил хийлгэнэ. Сард 1500 долларын цалинтай. Юу хийхийг чинь хэлээгүй юм уу. Та нар юу л бол юу хийнэ, охидууд эхлээд ингэдэг л юм. Сайн бод” гэх зэргээр хандаж байжээ. “X” тэндээс зугатахаар шийдэж хамт очсон Т” -ийг ятгасан байдаг. Харин Т” нь “Би Солонгос явна гээд баахан мөнгө зээлсэн өртэй тул буцаж хэрхэвч болохгүй” гээд үлджээ. Энэ мэтчилэн олон эмэгтэй хууртагдан хүний наймааны золиос болсоор л байна.
Энэ бүхний эцэст хохирч ирсэн эмэгтэйчүүд бие болоод сэтгэл санааны гүн хямралд орж, сохор зоос ч үгүй гэртээ ирсэндээ гутарч, найз нөхдөөсөө нуун ихэд ичиж зовдог учир хэнд ч хэлэлгүй нуун дардгаас энэ гэмт хэрэг нуугдмал болж, илрүүлэлт нь үр дүнгүй болдог. Хохирогчдийн цөөн хувь нь хүний эрхийн байгууллага болон шүүхэд ханддаг учраас мэдэгдэлгүй хохирч үлдэгсдийн тоо маш олон байгаа. Зарим эмэгтэйчүүд “Ирсэн хойноо ч нөгөө хүн наймаалагчдын дарамтанд байсан” гэж ярьцгаадаг. Оргож ирсэн заримыг нь зуучилсан хүмүүс нь утасдаж “Гэрээгээ дуусгалгүй оргосон” хэмээн мөнгө төгрөг нэхэн дарамталдаг, ар гэрийнхнийг нь ч заналхийлдэг байна.
Үүнээс харахад хүн худалдаапах гэмт хэрэг нь золиосны хүнээ олох, дамжуулах, хүлээн авах, хүлээлгэн өгөх гэх мэт олон шат дамжлагатай, нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болох нь харагдаж байна.
Иймээс хүн худалдаалах гэмт хэргэзс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэх, Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэн, харьяатын тухай хууль, Эрүүгийн болон Иргэний гэх зэрэг хуулиудад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлуудыг илүү нарийн чанд тусгасан нэмэлт, өөрчлөлтийг нэн даруй оруулах зэрэг эрх зүйн орчинг сайжруулан боловсронгуй болгох, олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар үйл ажиллагаа явуулах шаардлагатай болжээ.
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла