Moderator: mgl_300
1. Асуулт: Багадаа тетрациклиний хордлогоос болоод гүн шарласан шүдийг цайруулж болох уу? Хариулт: Нэгэнт шүдний уг эдэд нөлөөлсөн байгаа учир пааландах, эсвэл шаазан бүрээсээр шүдийг цайруулж болно. Тетрациклиний хордлогын улмаас шүд хөхөрдөг бөгөөд пааландсан тохиолдолд паалангийн өнгө цэнхэр болох хандлагатай.
2. Асуулт: Шүд цайруулагчийг хэрэглэхэд шүд хэврэг болдог гэж үнэн үү? Цайруулсан тохиолдолд яаж хамгаалах юэ?
Хариулт: Шүд цайруулагч бодисууд ихэвчлэн шүдний пааланг сийрэгжүүлдэг. Ийм учир цайруулагч уусмал хэрэглэж байгаа үедээ эрдэсжүүлэх эмчилгээ хийх шаардлагатай. Хэврэг гэхээсээ илүү мэдрэмтгий болдог.
3. Асуулт: Хиймэл шүдийг хэдэн жил хэрэглэх вэ? Авагддаггүй хиймэл шүд гээд яриад байдаг үүний талаар мэдээлэл өгнө үү?
Хариулт: Хиймэл шүдийг 3-4 жил зүүх ёстой байдаг. Үүнээс олон жил хэрэглэхэд тухайн хиймэл шүд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог.
4. Асуулт: Шүдэнд зай завсар гараад байна. Энэ юунаас болж байна вэ? Нөхүүлж болох уу?
Хариулт: Шүдэнд зай завсар гарах хэд хэдэн шалтгаан байдаг. - Шүд авхуулах - Шүдний чулуужилт - Шүдийг чигчлүүрээр чигчлэх гэх мэт. Тухайн хүний шүдийг эмч үзэж байж шийднэ.
5. Асуулт: Хугарсан шүдийг залгаж сэргээж болох уу? Хэврэг болчихдог гэсэн үнэн үү?
Хариулт: Шүд яаж хугарснаас хамаарна. Хэрэв сурвалж хугарсан бол сэргээж болохгүй, цөгц хугарсан бол сэргээж болно. Хэрэв тухайн шүдний мэдрэлийг авч эмчилсэн бол хэврэг болно.
6. Асуулт: Шүд харлаад байх юм? Юунаас болж байна вэ?
Хариулт: Олон шалтгаантай. Тухайлбал: Эмийн нөлөөгөөр (төмрийн бэлдмэл) үүсч болно. Та тамхи татдаг, кофе, хэт өтгөн цай зэргийг хэрэглэсний дараа шүдээ угааж, тогтсон өнгөрийг тухай бүр арилгаж чадахгүй байна.
7. Асуулт: Шүд угаах сойзоо яаж зөв сонгох вэ?
Хариулт: Сойзны үс нь долоовор хурууны эхний үе хүртлэх урттай байвал зохимжтой. Сойзны үс нь хатуу, хатуувтар, дунд зэргийн, зөөлөн байна. Эдгээрийг амны хөндийн эрүүл ахуйн байдлаас шалтгаалж сонгож хэрэглэнэ.
8. Асуулт: Буйл улайж хорсоод байх юм? Энэ шүдтэй холбоотой өвдөлт мөн үү?
Хариулт: Эхлээд шалтгааныг олох хэрэгтэй. Шүдний өвчлөлтэй холбохоос илүү тулгуур эдийн үрэвсэлтэй холбож үзэх нь чухал. Амны хөндийн үзлэг хийлгэсний дараа эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
9. Асуулт: Цоорхой шүдгүй байж халуун хүйтэн юм идэж уухаар өвдөх шиг болох юм, энэ яаж байгаа хэрэг вэ?
Хариулт: Яг ийм тохиолдолд таны шүд сийрэгжиж байна. Хамгийн түрүүнд фторын агууламж өндөртэй оо хэрэглээрэй. Мэргэжлийн эмчид хандаж хэт мэдрэгшил бууруулах лак түрхүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
10. Асуулт: 2 ойтой хүүхдийн доод талын үүдэн 2 шүд юманд цохиод уначихсан, дараагийн шүд гарах уу? Муруй гажиг ургах болуу?
Хариулт: Санаа зоволтгүй ургана. Гэвч эрт гэмтлийн улмаас унасан учир шүд гажиг, муруй ургах магадлал өндөр. Энэ асуудлыг аппарат зүүлгэж шийдэж болно.
11. Асуулт: Хүүхдийн сүүн шүдийг яагаад авах дургүй байдаг юм бол? Хүүхдийг яавал шүдний эмчээс айдаггүй болгох вэ?
Хариулт: Өсөлтийн нас учир сүүн шүдийг авчихаар байнгын шүд гажиг, муруй ургах хандлагатай. Хүүхдэд айдас өгөх, шүдийг авахдаа тариа хийж, багажаар авдаг учир мэдрэлд нь хүчтэй айдсын цочрол өгснөөс эргээд шүдээ эмчлүүлэх, шүдний эмчид очих дургүй болдог. Гэр бүлийн гишүүд тухайлбал: аав, ээж, ах, эгч нь шүдний эмч болж тоглож болно. Эрүүл өвчтэй шүдийг харьцуулан харж, зурж тайлбарлаж үзүүлэх. Эрүүл шүдтэй байх нь ямар ач тустайг зааж, сургах хэрэгтэй.
12. Асуулт: Шүдийг яаж бат бөх байлгах вэ? Хатуухан юм идэхээр үйрээд байх юм?
Хариулт: Юуны өмнө эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эрдэс дутагдсанаас шүдний бат бөх чанар алдагдах бөгөөд таньд ясны сийрэгжилт явагдаж байж болзошгүй.
13. Асуулт: Юунаас болж шүдэнд өнгөр, чулуу үүсдэг вэ? Чулууг нь ширүүн үстэй сойзоор угаагаад унахгүй юм?
Хариулт: Буйлны болон ходоод, элэг, цөсний үрэвслээс хамаарч мөн шүдний угаалт өнгөц, муугаас хамаарч чулуу үүснэ. Хүнсний зүйл, амттан чихэр идэх, тамхи татсаны дараа шүд, хэлийг сайтар угаах хэрэгтэй бөгөөд нэгэнт үүссэн чулуу, өнгөрийг шүдний эмнэлэгт хандаж түүлгэн эмчлүүлэх нь чухал. Өөрөө оролдоод сайн үр дүнд хүрэхгүй.