
Өчигдөр оройноос эхлэн нийслэлд хүчтэй шуурч, дуу цахилгаантай бороо орж эхлэсэн. Харин өглөө долоон цагаас эхлэн гурван ч удаа мөндөр орж нийслэлийг цагаан өнгөөр будлаа. Тэмээний хоргол шиг том хэмжээтэй мөндөр маш хүчтэй орсон учраас айлуудын цонх хагарах, цуурах зэрэг багагүй хохирол учруулсан байна. Мөндөртэй зэрэгцэн ширүүн бороо их хэмжээгээр орсрн учраас замууд бас л усанд автан хамраа сөхсөн машинууд хаа сайгүй зогссон харагдаж байна лээ. Нийслэлийн замын 80% нь ус зайлуулах хоолой байршуулаагүй учир бороо орох болгонд зам дээр ус тогтон багахан хэмжээний нуур цөөрмийг бий болгодог. Ямар сайндаа монголын машинууд сэлдэг болсон байна гэсэн мэдээ гадаадын ТВ-ээр гарч байхав. Мэдээж энэ нуур цөөрөм нь жил бүр замын ажлын чанарыг шалгаж, тэр чинээгээр төрийн халааснаас багагүй мөнгийг гаргуулдаг. Бүхэл бүтэн зуны турш жолооч нарын уур уцаарыг баран, түгжрэл үүсгэн байж хийсэн зам засварын ажил ийнхүү ганцхан шөнийн бороонд хэр чанартайгаа харуулчих нь тэр. 2005 оноос хойш тавьсан бүх зам нь борооны ус зайлуулагчтай гэж нийслэлийн захиргаанаас мэдэгдэж байгаа ч өнөөдөр тэр нь хогоор дүүрч бөглөрсөн учраас борооны ус нь зам дээгүүрээ мэлтэлзэж, урссаар л байна.