Moderator: mgl_300
Амьдрал маань хэцүү байнаа, хэцүү гэхэд бас арай хатуудах биз. Миний уруудалтын үе намайг арван зургаатай байхад Герман явснаас минь эхэлсэн юм. Арван зургаа хүрч байхдаа би Герман явж сурахаар боллоо, явахаасаа өмнө нэгэн сайхан залууд сэтгэл алдран онгон биеэ өгсөн юм.
Тэгээд яах аргагүй Герман явах болж түүнийгээ сэтгэлдээ 2 жилийн турш ариун нандинаар нь хайрлаж явлаа. Түүнийгээ санаж, гэрээ санаж, гадаад оронд дасахгүй байж, олигтой ч сурсан зүйлгүй байсаар бие минь өвдөж сургуулиа хаяад эх орондоо ирлээ.Ингээд л ээж аавдаа эрхлэн биеэ тэнхрүүлж аваад шинэ хүсэл мөрөөдөл зорилготойгоор шинэ сургуульд орж, хайртай хүндээ ирэхээр шийдлээ. Гэтэл нөгөө хүн маань хүнтэй суугаад хүүхэдтэй болчихсон байдаг байгаа. Тэгээд л ёстой бүх зүйл утгаа алдаж ганцаардаж сэтгэлээр унаж архи дарстай найзалж, сайхан залуу наснийхаа эхлэлийг бүтэлгүйтгээр эхлэж билээ. Удалгүй нэг хүнтэй би таарлаа. Тэр миний хаана ч хүрэхгүй гэсэн их эелдэг, хүнийг ойлгож сонсдог, сайхан сэтгэлтэй сайн залуу байсан юм. Хатаж эмтэрсэн сэтгэлд минь гэрэл гэгээ тусах шиг болж би ганцаараа биш намайг хайрлах хүн байдаг юм байна гэж бодож эхэлсэн юм. Түүнтэй суух талаар бодож яваагүй ээ, зүгээр л үерхдэг байлаа. Гэтэл удалгүй жирэмсэн боллоо. Ахиад л хамаг байдаг хамаатан садан, ах дүү нар найз нөхдөөрөө муу хэлүүлэн байж нэг хөөрхөн хүүг энэ дэлхийд авч ирлээ.
Энэ үед манай ээж аавын хувийн бизнес дампууралд хүрч, ээжийн минь бие өвдөж, эмээ минь өнгөрч, бид гэрээсээ хөөгдөхдөө тулсан байсан юм. Ийм шалтгаанаас болж би хайртай гэдгээ ч мэдэхгүйгээр нэгэн хүнтэй сууж хүүг нь төрүүлээд гэрт нь очиж амьдрахаар явлаа. Хүүхэд төрүүлнэ гэдэг хүн бүхний хийж чадахаар тийм амархан сайхан ажил биш юм байна лээ. Энэ хугацаанд би зөндөө зүйл бодож зөндөө зүйл сурч авсан.
За тэгээд нэг гэрт ороод хүүхэдтэйгээ зууралдаад нөхөр бид 2 эвтэй байхаа болилоо. Анхандаа энэ бүхэн надаас л боллоо гэж бодоод би зөндөө сургалт дамжаа, фитнэс гэх зэргээр сэтгэлээ сэргээх гэж оролдсон. Гэсэн ч нэг л болсонгүй, толгойд минь нөхрөөсөө салах л бодол орж ирээд, тэр хүнээс л хол байвал сайхан болох мэт санагдаад байв.
Ингээд удаагүй байтал нэг найзтайгаа гадуур явж байгаад би өөрийнхөө мөрөөдлийн залуутайгаа учирсан юм. Энэ бүхэн яг одоо болж байгаа л даа. Бид бие биедээ ихэд таалагдсан ч намайг нөхөртэй гэхээр тэр зайгаа жаахан бариад байгаа. Бидний хооронд дотно гэх зүйл болж амжаагүй байгаа ч сэтгэлээрээ түүнтэй байх надад сайхан байдаг. Үүнийг нөхөр маань мэдээд бөөн юм болсон. Ээж аавд минь хэлээд, салах дээрээ тулаад байна. Хүүгээ би авч үлдэхийг хүсэж байгаа ч боломж байхгүй. Ээж аав дээрээ очиж болохгүй, нөхөр дээрээ очиж болохгүй, нөгөө залуу дээрээ очиж чадахгүй, би гэдэг хүн энэ орчлон ертөнцөд багтах зайгүй мэт л санагдах юм. Би зүв зүйлээ хийгээд байна уу? Аль эсвэл бүр алдаа хийж байгаа юм болов уу? Би яг яах ёстой юм болоо? Өмнө нь би толгой мэдэн өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж, хэн нэгний өөдөөс сөрж байгаагуй л дээ. Магадгүй ийм байсан болоод л би одоо их сул дорой байгаа байх тийм үү?
Үүгээр дамжуулан би бусад залуу охиддоо хэдэн зүйл хэлмээр байна. Хүний амьдрал ялангуяа эмэгтэй хүний амьдралаар амьдрах гэдэг бүхэл бүтэн урлаг юм байна. Энэ хооронд нэг л зүйлд чи хайнга хандаж, нэг л зүйлд сэтгэл дундуур шийдвэр гаргаж ингэж тэгэсгээд болно гэж бодоод орхиж хэрхэв ч болохгүй. Юунаас ч хамааралгүй, хэнээс ч санаа зовохгүй, эрх дураараа чөлөөтэй байх үедээ сайн сайхан зүйлд тэмүүлж амьдралын сайхан бүхнийг мэдэрч, амсаж үзэх хэрэгтэй. Өөрийгөө л тордон хайрлаж, өөртөө хөрөнгө оруулж, өөрийнхөө ирээдүйн төлөө өөрөө л санаа тавих хэрэгтэй. Хичнээн сайн нөхөр сайхан хүүхэд байлаа гээд хэн нь ч чамайг өөр шиг чинь хайрлаж ойлгож мэдэхгүй. Өөрийгөө сонсож, өөрийгөө гүн мэдэрч, зорилгоо тод болгож, сайхан амьдрах хэрэгтэй. Би энэ бүх бололцоо боломжийг алдсаныхаа дараа маш их харамссан. Энэ эрх чөлөөг, энэ өөрийхөөрөө байх сайхан мэдрэмжийг, энэ сэтгэл ханамжийг би одоо эргүүлж олж авахын тулд нөхөр хүүхдээ золиослож байна.
Ахиж хэн нэгэн сайхан бүсгүй амьдралаа эхлэх торгон агшиндаа ийм алдаа хийж сэтгэлдээ мөнхийн сүүдэр унагаасай гэж би ерөөсөө ч хүсэхгүй байна. Хүний амьдралыг сонсох нь нэгэн сэтгэл догдлуулсан киног үзээд өнгөрөх шиг амархан санагддаг байх л даа. Гэхдээ ганцхан удаа ч болов би ингэж амьдарч байсан бол яах бол, юу хийх бол гэж бодон хэцүүг нь сэтгэлдээ мэдрээд үзэх хэрэгтэй. Тэгсэн цагт өөртөө байгаа эрүүл бие саруул ухаан, эрх чөлөө, хайр дурлал сайн сайхан бүхнийг үнэлж ямар үнэ цэнэтэй гэдгийг нь ойлгож авах болно. Алдахгүйн тулд энэ бүхэн надад аз жаргалыг өгч чадах уу гэж дандаа бодож байгаарай. Би энэ бүхнийг өөрийгөө мэдрээгүй таниагүй, амьдрал эрх чөлөөг ямар шан гэдгийг мэдрээгүй явж байгаа хүн болгонд ялангуяа эмэгтэй хун бүрт хэлэхийг маш их хүсдэг. Би дотроо хэзээ нэг өдөр энэ бүхний тухай олон хүнд танилцуулан ярьж өгч олон мянган залуу охидод тусална гэж бодож явдаг юм. За ингээд нуршуу удаан захиаг минь залхалгүй уншсан та бүхэнд баярлалаа. Боломж байвал надад зөвлөгөө, сэтгэгдэл юу ч хамаагүй бичээрэй.