Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Сарнай туйлдаж ядартлаа ажиллав. Гэвч дэлгүүрийн эзэн Жон түүний зүг нөгөөх л хүйтэн харцаа шидэж, хийсэн бүхэн сэтгэлд нь нийцэхгүй байгааг илтгэн үл мэдэг ярвайсан ч дуугарсангүй. Сарнай амандаа “Новш” хэмээн үглэж, саяхан шал угаасан усыг нүүрлүү нь цацмаар санагдаж байсан ч тэр нүүрэндээ худлаа инээмсэглэл нааж, хувцас солих өрөөг зүглэлээ. “Муу хар гахай, өнгөт арьстан, хүн боолчлогч” хэмээн Сарнай Жонг зүхдэг ч харь газар, хүний эрхэнд амьдарч байгаа болохоор яаж ч чадахгүй дээ уур нь хүрч байлаа. Тэрээр Америкт ирээд бараг жил болж байна. Хичээлдээ явахын хажуугаар Жонни хэмээх энэ өнгөт арьстны дэлгүүрт өдөр бүр дөрвөн цагийн ажил хийнэ. Муухай ааштай, хүйтэн хөндий Жон анх түүнийг ажилд орохоор ирэхэд л янз муутайхан байсан. “Монголоос ирсэн. Оюутан” гэхэд хүйтэн харц шидсэн хэрнээ түүнийг ажилд авч билээ. Зургаан сар гаруй ажиллачихаад байхад тэр Сарнайтай бараг дуугарсангүй. Тэгсэн хэрнээ Сарнайг нүд салгахгүй ажиглаж, ажлын ихийг, бас хүндийг хийлгэж байх шиг санагдах тусам бүсгүй түүнийг үзэн ядаж байлаа. Жон дэлгүүрийн бусад ажилчидтай тун найрсаг, инээд алдаж, онигоорхуу юм ярьж байснаа Сарнайг харахаараа могой харсан юм шиг хүйтэн царайлдгыг бүсгүй анзаарснаас хойш ажлаа солихыг хүсч байсан ч гэртэй нь ойрхон болохоор яаж ч чадсангүй. Үнэндээ хэл ус муу мэддэг хүн гэрээсээ хол ажил хийж, бас нааш цааш унааны мөнгө үрэх нь илүү зардал байсан учраас яаж ч чадсангүй. Хэлээ сайн сураад, амьдрах аргаа нэг л олчих юм бол хаана ч ажил олоод хийчихнэ хэмээн бодож, ёстой л шазуур зууж байлаа. Долоон сарын нар нэвт төөнөсөн халуун бүгчим өдөр Сарнай цэвэрлэгээгээ хийж дуусчихаад Анхмаатай утсаар ярихаар гадагш гарлаа. Анхмаа Америкт овоо хэдэн жил амьдарчихсан, бас Америкт ирээд нөхөртэй болчихсон, хүүхдийг нь гаргачихсан учраас Монголруу байн байн явна. Яваад ирэх тоолондоо Сарнайтай уулзаж нутгийн сонин ярьдаг байлаа. Анхмаа дуудуулж, дуудуулж байж сая л нэг утсаа авав. Сарнай баярласандаа “Сайн явж ирсэн үү? Чамайг ирэхийг ямар их хүлээвээ. За нутгаар сонин юу байна. Наадмын бичлэг авчирсан юм уу? Би очиж авна шүү” хэмээн ааг амьсгаагүй асуултаар булж чангаас чанга хашгирч байлаа. Утсаар ярьж дуусчихаад эргэтэл яг ард нь Жонни зогсож байв. Гэвч тэр юу ч дуугарсангүй. Сарнайг цоо ширтснээ хажуугаар нь зөрлөө. Нутгийн сонин сонсоно, бас наадмын бичлэг авч үзнэ гэхээс хөл нь хөнгөрчихсөн байсан Сарнай түүнийг нэг их анзаарсан ч үгүй. Хэд хоногийн дараа ажлаа тараад гарах гэж байтал Жон түүнийг дуудаж, “Чи амралтын өдөр завтай бол манайд очиж оройн хоол идээч. Урьж байна” гэхэд Сарнай гайхаж цочсондоо хэлэх үггүй болчих нь тэр. Татгалзах аятайхан шалтаг олж хэлэхээр ээрч муурч зогстол Жон “Манай ээжийн төрсөн өдөр байгаа юм.” гэж хэлэхэд үнэндээ татгалзаж чадсангүй. Хүйтэн хөндий бардам зантай энэ өнгөт арьст эртэй хамт оройн хоол иднэ гэдэг тийм ч сайхан зүйл биш байлаа. Нөгөө л даргын өөдөөс дальдардаг хүний арчаагүй зангаас болж татгалзаж чадаагүйдээ хий л бухимдаж байлаа. Амралтын өдөр Монголоос хэрэг болгон авч ирсэн ил захидлын цуглуулганаасаа нэгийг цүнхэлчихээд дэлгүүрийн үүдэнд ирвэл Жон машин дотроо түүнийг хүлээгээд сууж байлаа. Инээмсэглэх аядснаа хаалгаа онгойлгож өгөхөд Сарнай юу ч бодсонгүй. Мэнд мэдээд суув. Машин хөдлөж, аажмаар хурдаа нэмэхэд л тэр яах гэж ирснээ, энэ ааш муутай өнгөт арьстантай юунд хамт яваа билээ хэмээн эргэлзэж тээнэгэлзэж эхлэв. Жонни чимээгүй явж байснаа -Энд танай Монголчуудаас хэр олон хүн байдаг вэ? хэмээн асуув. Сарнайгийн сэтгэлд нэг л хар буугаад болдоггүй. “Энэ нөхөр ер нь яах гээд байна” хэмээн бодсноо -Олон оюутнууд бий хэмээн улаан цайм худлаа хэллээ. Үнэндээ энд хичнээн Монгол байдгийг тэр сайн мэдэхгүй. Анхмаагаас өөр хүн сайн танихгүй. Бас муухай зант зэвүүн Жонтой хамт хоолонд орох болсноо Анхмаад хэлдэг байж гэж гэнэт бодов. Жон доогтойхон инээмсэглэв. Гэхдээ түүний худлаа ярьж байгааг мэдсэн нь илт. Доогтой инээмсэглэхийг харсан Сарнай үнэндээ барьц алдаж, юм ярьж ч чадсангүй. Машин явсаар жижигхэн хэрнээ тун тохилог байшингийн үүдэнд ирж зогслоо. Гэрт нь орон ортлоо Сарнай эргэлзэж байлаа. Харин хаалгаар ортол сайхан хоолны үнэр ханхалж байхыг мэдээд жаахан тайвширав. Жон түүнийг зочны өрөөнд дагуулж буйдан дээр суухыг урьснаа “Маам манайд зочин ирсэн хэмээн” тун хавгүй, эвгүй аялгатай ч гэсэн монголоор хашгирах нь тэр. Сарнай гайхсандаа бараг л буйдан дээрээс огло харайн босоод ирэв. Гал тогооны өрөөнөөс цав цагаан толгойтой, дал эргэм насны намхан эмгэн гарч ирснээ Сарнайг хараад бас л хөшчихөв. Эмгэн хэсэг чимээгүй зогссоноо мартсан юм аа санасан мэт “Сайн байна уу?” хэмээн хэлснээ Сарнайг тун сүрхий ажиглан харснаа инээмсэглэв. Тэгснээ “Чи монгол уу?” гэхэд Сарнай чимээгүйхэн толгой дохилоо. Эмгэн дахиад л зөөлхөн инээмсэглэж, “Би ч гэсэн монгол хүн. Миний нэр Намжил” хэмээн хэлэхдээ хоолой нь чичирч байлаа. Сарнай сая л тайвширав. Хоол идэхээр суусан хойноо Сарнай яг яриагаа юунаас эхлэхээ мэдэхгүй балмагдаж байлаа. Хий дэмий л “Та нутгаасаа гараад удаж байна уу?” гэхэд Намжил эмгэн санаа алдснаа “ 45 жил болж байна” гэснээ чимээгүй болчихов. Монгол хүнтэй уулзах, бас монголоор ярих эмгэний хувьд тун сайхан байгаа нь илт. Гэхдээ яг юу ярихаа бас л мэдэхгүй байгаа бололтой. Харин Намжил, Сарнай хоёрын яриаг Жон чимээгүйхэн сонсож, гэхдээ яг л адалт явдалт кино үзэж байгаа юм шиг анхааралтай харж байлаа. Англиар ярих гэхээр Сарнай сайн ойлгодоггүй, Монголоор ярих гэхээр Намжил сайн чаддаггүй хоёр хүн эг маг хийн англи , монгол хольж, хутгаж ярьж гарлаа. Сарнай нутгаа санаж байна уу? хэмээн цагаахнаар асуучихав. Намжил санаа алдснаа -45 жилийн өмнө Кубад сурахаар Нутгаасаа гарсан. Жонийн аавтай танилцаад жирэмсэн болчихсон, “харын хүүхэд гаргасан” гээд бөөн хэл ам болно гээд буцаж явж чадаагүй. Тэгээд ч хүүгээ аав нь, өөрөө хайртай хүнээсээ салж чадаагүй. Тэр үед гадаад хүнтэй, тэр тусмаа хар арьстантай сууна гэдэг ямар том гэмт хэрэг байсныг та нар мэдэхгүй л дээ. Дээр нь хар хүүхэд бол гишгих ч газар үгүй байсан үе шүү гэж хэлээд нулимсаа арчив. Сарнай дахиад л гацчихлаа. Хэлэх үггүй болж сандарсан бүсгүй цүнхээ ухаж, ил захидлын цуглуулгаа гаргаж эмгэнд өгтөл Намжил бөөн дуу шуу болоод явчих нь тэр. Монгол орны үзэсгэлэнт газрууд нэртэй энэ ил захидлын зурагнуудаас Намжил нүдээ ч салгаж чадахгүй байгааг харсан Сарнай нутагаа улам их санаж байгаагаа мэдэрлээ. -Та одоо нутагтаа, Монголдоо очиж болно шүү дээ гэхэд эмгэн -Боддог л юм. Тэнд социализм нураад уначихсан, нийгэм өөр болсон гэж сонссон. Гэхдээ хэндээ ч гэж очихов дээ. Намайг хүлээж байгаа хүн байхгүй шүү дээ. Куба ч бас социалист орон. Хартай холбогдлоо, бараг л эх орноосоо уравлаа гээд хамт сурч байсан оюутнуудын дунд хэл ам гарч, шахаж хавчаад эхлэхээр нь би нөхрөө дагаад энэ газар тогоон чинээ гэдэстэй амь дүйж ирсэн юм. Намайг наашаа ирсний дараахан “Далайд живчихсэн” гэдэг мэдээ Монголруу өгчихсөн юм шиг байна лээ. Оюутнуудыг хариуцаж явсан Монгол багш маань нэг оюутнаа хар дагуулаад алдчихсан гэдэг хариуцлага хүлээхээс айсан байх. -Одоо тэр үе өөр болсон шүү дээ -Сонссоон. Ээж маань л намайг их хүлээсэн байхдаа гэж хэлэхдээ эмгэний хоолой зангирч байлаа. Бараг л эх хэлээ мартчихсан энэ эмгэн, ээж, нутаг, монгол гэсэн нэрийг тун цэвэрхэн ямар ч аяллагагүй хэлж байгааг Сарнай сая л анзаарав. Хүний газар, харийн нутагт төөрч будилсан монгол бүсгүй дөчин таван жил “Ээж, Монгол, нутаг” гэсэн гурван үгийг амандаа сэтгэлдээ тодоос тод хадгалж явсан бололтой.
thank you