Moderator: mgl_300
Хувь заяаны эрхээр 20 гаруй жилийн өмнө хүүхдүүдээсээ хагацан, амьдын тамд унаад байсан И.Галсанжав гуайг бид өнгөрсөн ням гаригт отгон хүү Г.Шинэхүүтэй нь уулзууллаа. Ховд аймгийн Алтай сумын харьяат И.Галсанжав гуай амьдралын эрхээр 1960-аад онд ээжийнхээ хамт Улаанбаатарт шилжин ирж, аар саархан ажил хийж байгаад Түнхэл рүү шилжин, тэндээ мал маллаж байсан юм. Амьдрал түүнд дэндүү хатуу загнасан гэлтэй. Түү нийг цаашид амьдрах боломж тааруу хэмээн хамаатнууд нь нэг л өдөр таван хүүхдээс нь салган өөрийг нь Батсүмбэр дэх Улсын асрамжийн газарт, хүүхдүүдийг нь Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд өгсөн юм. Энэ гэр бүлийн гашуун хувь заяаны талаар бид өмнө нь дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Батсүмбэр сум дахь Улсын асрамжийн газрыг зорив. Тавдугаар сарын эхээр явж байсныг бодвол ногоо сайхан ургажээ. Гэсэн ч нутгийнхан “Дахиад жаахан бороо орчихвол жинхэнэ зун болох гээд байна” хэмээн ярьж суулаа. Улсын асрамжийн газар байрлах Тугт хайрханд зун хэдийнэ айлчилж. Хайрхны арын модонд хөхөө донгодно. Баянголын бургас гөлөглөж, нялх ногооны үнэр хамар цоргино. Асрамжийн газрын хөгшчүүл байрнаасаа гарч наранд биеэ ээн, ямар нэг юмны тухай хүүрнэлдэх аж. Наранд удаан суусан зарим нь зүүрмэглэж, зарим нь эрихээ имрэн, маань уншина.
ЭЭЖ ЭЭ, ХҮҮ НЬ БАЙНА
И.Галсанжав гуай дөрвөн хүү, нэг охинтой. Тэднээс одоо отгон хүү, охин хоёр нь үлджээ. Том гурав нь ээжтэйгээ уулзахааргүй холын хол одсон ч тэдний талаар хөгшин дуулаагүй яваа. Ганц охин Г.Алтанцэцэг нь айлын бэр болж, дөрвөн хүүхдийн ээж болжээ. Нөхөртэйгээ аар шаархан ажил хийж байгаа тэрбээр амьдралаа тогтохоор ээжтэйгээ уулзана гээд энэ удаа бидэнтэй явж чадсангүй. Дээрээс нь нөхөр нь гэмтээд, хэдэн хүүхдийнхээ хажуугаар нөхрөө асрах бас нэг ажилтай болжээ.
Харин Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Цэргийн хөгжмийн ангийг дүүргэсэн отгон хүү Г.Шинэхүү нь ээжтэйгээ уулзахаар би дэнтэй явлаа. Тэднийх Амгаланд байдаг . Эхнэр нь Боловсролын их сургууль төгссөн, математикийн багш, хүү нь удахгүй хоёр ой хүрнэ. Г.Шинэхүү эхнэр, хүүтэйгээ ээждээ очно гэж байсан боловч сурагчдын шалгалт эхэлсэн тул гэргийд нь чөлөө олдсонгүй. Тиймээс хүүтэйгээ явлаа. Асрамжийн газрын нийгмийн ажилтанд И.Галсанжав гуайн хүүг ээжтэйгээ уулзахаар ирсэн тухай хэлэхэд тэд ихэд баярлан “Нэг хүний ч гэсэн нар гарах нь. Та нар түр хүлээж байгаарай, хувцас хунарыг нь солиулъя” гэсээр гарлаа. Хэсэг байж байгаад биднийг гуравдугаар давхарт дуудав. И.Галсанжав гуай өмнө нь бидэнтэй уулзахдаа өмсөж байсан цэцгэн хээтэй, цэнхэр торгон тэрлэг, капронон улаан алчуураараа гоёжээ. Хүү нь ирсэн талаар Асрамжийн газрын нийгмийн ажилтан эмэгтэй түүнд хэлээгүй байсан бололтой.
Биднийг ороход хэд хоногийн өмнө уулзаж байсан бидэнтэй мэнд мэдээд юу бол сон юм бол гэсэн шиг гайхан хэсэг суув. “Таны отгон хүү Шинэбаяр байна шүү дээ. Та хүүтэйгээ олон жил уулзаагүй болохоор танихгүй байх шиг байна” гэвэл “Нээрээ хүү маань мөн гэж үү, мөн байна, алив ээждээ ир” гэсээр золголоо. Хөгшин ийм юм болно гэдгийг зүүдлээ ч үгүй байсан тул олон юм ярьж чадахгүй байгаа бололтой, нулимсаа барьж дийлэхг үй суув. Г.Шинэбаяр ээждээ үнсүүлээд, гарыг нь атгасан чигээрээ хажууд нь хэсэг зогсов. Орон дээр суулгасан хүүгээ ч мартжээ. “Хүү чинь ганцаараа ирээгүй, бас таны ач ирсэн” гэж биднийг хэлэхэд ээж, хүү хоёр сая л ухаарав бололтой. Г.Шинэхүү хүүгээ тэврэн эмээтэй нь золгууллаа. “Чамайг ийм жаахан байхад ээжээс чинь салгаж аваад явсан юм шүү дээ. Аавтайгаа адилхан хүү байна” хэмээн ачийгаа өвөр дээрээ суулгав. Ээж, хүү хоёр чухам юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой бие биенээ харан хэсэг суув.
-Таны бие сайн уу, ээж ээ хэмээн хүүгээ асуухад;
- Сайн л сууж байлаа. Ингээд ороод ирнэ гэж санасангүй шүү. Ямар том болоо вэ. Хөхнөөсөө гараагүй шахам, жаахан амьтан явсан юм шүү дээ. Та хэд маань яажшуухан амьдарч байна даа. Ах, эгч нар нь сайн уу, чамтай хамт ирээгүй юм уу?
-Сайн байгаа, ээж ээ. Бүгдээрээ сайн. Гурван ах гадаадад байгаа гэж хэлэхдээ хүүгийн хоолой сааралтсаныг хөгшин яриандаа болоод анзаарсангүй. Үнэндээ бол гурван ах нь мөнх бусыг үзүүлсэн гэдгийг тэрбээр ээждээ хэлэхийг хүссэнгүй бололтой. Ээж ээ, эхнэр маань ирэх гээд амжсангүй. Шалгалт эхэлсэн гээд захирал нь чөлөө өгсөнгүй. Дараа заавал дагуулж ирнэ. -Тэгээрэй миний хүү. Ах, эгч нарыгаа ч гэсэн дагуулаад ирээрэй. Одоо ээжийгээ хаана байгааг мэдлээ шүү дээ. Та нарыг ээж нь үргэлж санаж явдаг байсан. Уг нь Асрамжийн газраас чөлөө өгөөд хот руу явуулдаг л юм. Ээж нь чөлөө аваад гарлаа гэхэд газар мэдэхгүй, хэнтэй уулзахаа ч мэдэхгүй шүү дээ. Ээж, хүү хоёрт саад болоод яах вэ гэсэндээ бид тэднийг орхилоо. Ээж, хүү хоёр нэг цаг гаруй ярилцав.
ХҮҮХДҮҮД МААНЬ САЙН БАЙГАА ГЭНЭ, УДАХГҮЙ НАМАЙГ АВНА ГЭСЭН
Хот руу буцахаасаа өмнө И.Галсанжав гуайтай уулзав.
-Хүүтэй минь уулзуулсан та нарт их баярлалаа. Ингээд нэг уулзах юмсан гэж олон жил хүлээсэн, тийм өдрийг үзэх хувьтай л байж. Бас ачийгаа харлаа. Одоо эмээд нь гомдох юм алга. Хүүхдүүд минь сайн яваа гэнэ. Гурван том ах нь гадаадад ажил хийдэг гэж хүү хэллээ. Охинтойгоо утсаар ярьсан. Дууг нь танихгүй, бэртэйгээ андуураад, хөглөлөө шүү дээ. Удахгүй нөхөр, хүүхд үүдтэйгээ ирнэ гэж бай на. Амьдрал нь гайгүй гэнэ ээ. Нөхөр нь мөдхөн гайгүй цалинтай ажилд орох гэж байгаа юм байх. Отгон хүү маань цэргийн газраасаа гараад өөр ажилд орсон гэсэн. Цалин мөнгө нь ч ахиу гэж байна. “Одоохондоо амьдрал арай л тогтоогүй байна. Удахгүй өөрийн гэсэн гэр оронтой болно. Тэгэхээрээ таныг эндээс авна. Тэр болтол эндээ байж бай” гэсэн. Төдийгөөс өдий хүртэл амьдраад ирсэн юм чинь, одоо юу байх вэ. Хүү, охин хоёр минь ажлынхаа зав чөлөөгөөр эргэж тойрч байна гэж ярьсан. “Ганцаараа хот руу яваад хэрэггүй ээ, аягүй бол төөрнө. Бид нар ойр ойрхон ирж байна, тэгээд гэр орондоо аваачна” гэсэн хэмээн тэр баярласан сэтгэлийн гүнээс ундарсан баахан үг урсгалаа.
-Та тэгээд юу гэж бодож байна даа. Эндээ байх юм уу, хүүхдүүд дээрээ очих уу?
- Харин нь ээ, одоохондоо бодсон юм алга. Юу ч болсон хүүхдүүдээ эсэн мэнд байгааг мэдлээ, уулзсандаа маш их баярлаж байна. Сургийг нь гаргаад өгөөч гэж арай л шувуунд хэлээгүй байх. Гэтэл та нар олоод аваад ирсэнд баярлаад барахгүй нь. Цаашдаа яахыг хүүхдүүд л мэдэж дээ. Юу ч болсон гэр орноор нь очно, амьдрал ахуйг нь үзье. Шинэхүү “Одоохондоо эндээ байж бай, их сайхан газар байна шүү дээ” гэж байна лээ. Ярианаас нь сонсвол дунд зэргийн л амьдарч байгаа бололтой. Ийм байхад би дээрээс нь дараа болоод яах вэ ч гэж бодлоо. Хөгшин би юу удаа аж, хаана ч байсан ялгаа алга.
-Хүүгээ анх орж ирхэд нь таньсангүй юү дээ?
-Яаж таних вэ, өөрийнх нь хүү шиг жаахан байхад нь салсан юм чинь. Том эр болжээ гэв. Ийнхүү амьдралын эрхээр олон жилийн өмнө хагацсан эх үрсийг бид ямар ч гэсэн уулзууллаа. Хорь гаруй жилийн турш үр хүүхдүүдээ санан, элэг нь эмтэрч явсан энэ эхийн сэтгэл бага боловч амирласан буй за. Өдий хүртэл өөрсдийгөө өнчин өрөөсөн гэж бодож явсан ах дүү нар ээжийгээ эсэн мэнд амьдарч байгааг мэдлээ. “Өнөөдөр” сонин “Төөрсөн тавилан” хэмээх шинэ булан нээж тавилан заяагаар хүйн холбоотой төрсөн ч цагийн эрхээр чагтага тасарсан нэгэн гэр бүлийнхнийг эргэж нийлэх замыг гаргалаа. Бид дахин уулах биз ээ. И.Галсанжав гуай болон тэдний үр хүүхдүүдэд тохиолдсон шиг төөрсөн тавилан байх аваас бидэнд хандаарай.
Д.ЗАЯАБАТ
ymar orowdmoor yum be yagaad ene emee torson vreesee hol olon jiliig vdsen yum bol zondoo orowdmoor yumaa gol harlaad hooloin deer har yum zangirchaad er zvgeer boldoggvi hoorhiidoo hvvhedvvdn bas tiimch saingvil amidarch bgaa yum bndaa eejiigee awah bolomjgvi bgaan hetsvv yumaa