Moderator: mgl_300
Анх өөрийгөө эмэгтэй хүний нүдээр толинд харж зогсохдоо дөнгөж л хөх ургаж байсан юм. Өөрөөсөө ичингүйрсэн, бас шохоорхсон тэр харц өөртэйгээ биш эмэгтэй хүнтэй анх танилцаж байлаа. Эмэгтэй хүний арьс арай зөөлөн, арай нимгэн. Эмэгтэй хүний бие арай эвлэг, арай уран. Энийг бүтээгч илүү нарийн ажиллагаагаар бидэнд хандсан нь шууд л мэдрэгддэг. Эмэгтэй хүнийг эвдлэхэд амархан. Зүс царай, бие бялдар, гоо үзэсгэлэнг нь. Тиймээс ч эмзэг, уян гоо сайхан гэгчийг хадгалан үлдэхийн төлөө хүүхнүүд мянга мянган жилээр тэмцэж ирсэн байх. Ийм байх нь тэдэнд бусдад харагдахаасаа илүү өөртөө таалагдахад тустай. Ийм байх нь эрчүүдэд бас тааламжтай. Авгай гэж адлаад байгаа ахимаг эмэгтэйчүүдийн ихэнх нь эвдэрсэн бие, эвдэлсэн зүрхтэй амьдарч байна. Бид үнэндээ эмэгтэй хүнийг эвдэж, хэмхэлж байж орчлонд дуугаа хадаан ирдэг. Төрж байгаа эхийн гавлын яснаас бусад нь заадлаараа салдаг гэдэг. Тийм агшинг би хоёронтаа үзсэн. Төрүүлж байгаа үрийнхээ төлөө тэд харин өөртөө байгаа бүхнээ зардаг. Ийм амьдралыг би одоо үүрч байна. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг гайхамшиг. Тийм гайхамшигт зориулж шүлэг бичдэггүй чулуун зүрхтэн ховор биз. Эхчүүд гоо үзэсгэлэн, залуу настай үхэн хатан зууралдахаасаа урьдаар үр хүүхдийнхээ төлөө үхэж ч чадахаар амьдралын бартааг үүрч гардаг. Тэдний гадаад төрхийг эвдэлж хэмхэлчихээд, дараа нь авгай, янхан, хөгшин үнээ, чавганц гэж бохир заваан нэр бүхнээр гутаан доромжилдог. Гэсэн ч тэдний үр хүүхдээ гэх сэтгэлийг эвдэх тийм их хүч гарч ирээгүй л байна. Цаашдаа ч чадахгүй биз. Бусдыг хайрлах сэтгэлийнх нь галыг унтрааж чадах тийм хүчтэй хүйтэн ус бүтээгдээгүй л байна. Бүтээгдэх ч үгүй биз. Бүх доромжлолыг хүртэх хэрнээ бүх гамшиг, бүхийн л зовлонг үүрч гарч чаддаг аугаа сэтгэлтэй эмэгтэй хүн та бол гайхамшиг. Эвдэлж булсан бие, эвдэгдсэн яс, эвдэгдэж байгаа гоо үзэсгэлэн, эвдүүлэхээр зэхэж байгаа бүсгүй таны хувь тавилангийн өмнө мэхийе. Бид нэг л замаар замнаж, нэг л ухаарлын утаснаас атгаж чаддаг. Биднийг эвдэж хэмхэлсэн ч устгаж унтрааж хэн ч чадахгүй. Таныг эмэгтэй хүн болж төрсний чинь төлөө гүнээ хүндэтгэж байна. |