Moderator: mgl_300
Ээжтэйгээ ярих дургүй гэв үү миний охин
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ охин минь гомдвол гомд доо
Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомд доо охин минь
Бүлээрч хоносон шөнөжин ээжээ дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл алсаас тарни шивнэж бурханд даатгачихаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж чадаагүй
Ээждээ чи гомдвол гомд доо охин минь
Орчлонд мөрөө тамгалж хөлд орж гэнэ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй хол л байлаа
Орхиж явчиxаад хайртай гэж хуурдаг муу ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо
Ангирхан чи минь ээжээ гэж хэлд орж гэнэ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол л байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан муу ээждээ
Амь минь чи гомдвол гомд доо
Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь
Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө гэж зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэж уужирдаг шүү үр минь
Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа л жиндээхгүй гэсэндээ
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж яваа юм шүү
Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа зовооxгүй гэсэндээ
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л охиноо үнсэж яваа юм шүү
Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь
Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйж
Шувуудын түрүүчтэй ээж нь үрдээ очноо
Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүр бүрийг чинь амилуулнаа
Ээж нь үрдээ очноо
Д.Болорхон