Moderator: mgl_300
-Умайн хүзүүний хорт хавдар үүсэх гол шалтгаан нь бэлгийн замаар халдварладаг хүний папилома вирүс байдаг. Үүний дээр бусад буруу дадал зуршлууд орж байгаа. Харин хөхний хавдрын шалтгаан нэлээн олон боловч зонхилон жирэмснээс хамгаалах эм, дааврын бэлдмэлүүдийг хяналтгүйгээр олон жил хэрэглэх, олон удаа үр хөндүүлэх, биеийн жин нэмэгдэх, сарын тэмдэг хэт эрт эсвэл хэт орой ирэх гэх мэт дааврын гаралтай хүчин зүйлүүд байдаг. Мөн жимс ногооны хэрэглээ бага байх, хэтэрхий их өөх тостой зүйлүүд хэрэглэх гэх мэт хүнсний холбогдолтой эрсдэлт хүчин зүйлүүд багтдаг.
-Насжилтын хувьд?
-Умайн хүзүүний хорт хавдар нь гучаас дээш насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байна. Хөхний хавдар нь дөчөөс дээш насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдож байна.
-Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох ямар аргыг манай улсад хэрэглэж байна вэ?
-Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлдэг, олон хүнийг хамруулдаг өртөг багатай хоёр арга байдаг. Манай Монголд харж оношлох буюу цууны хүчлийн аргаар оношлох, мөн эсийн шинжилгээний наалдцын аргыг хэрэглэж байгаа. Одоогийн түвшинд орон даяар зохион байгуулалттайгаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээгүй байна. Зөвхөн бодлогын түвшинд асуудлууд гарчихсан байна. Одоо энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэрэгтэй байна. Мянганы сорилын сангийн тусламжаар идэвхтэй хэрэгжүүлж эхэлнэ. Эрүүл мэндийн байгууллагууд түвшин түвшингээрээ энэ ажлыг зохион байгуулах ёстой. Эрүүл мэндийн байгууллагууд шат шатандаа хавдартай тэмцэх ёстой. Эхний шатандаа илрүүлж дараагийн шатандаа эмчилж, эмчилгээнийхээ үр дүнг хянадаг байх ёстой.
-Хувийн эмнэлэгүүдэд эмэгтэйчүүд маань голчлон үзүүлдэг болжээ. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд хорт хавдрыг оношлох боломжтой юу?
-Ер нь энэ хэрэглэх гээд байгаа арга маань хувийн, улсын аль ч эмнэлэгт хэрэглэх шаардлагатай. Зүгээр эмэгтэйчүүдийн эмнэлэгээр зеркало тавиад үзэхэд энэ хавдар илрэхгүй. Цууны хүчлийн 3-5 процентын уусмалыг умайн хүзүүнд түрхээд өөрчлөлтийг харж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ аргыг хэрэглэхэд эмч нараа сургаж, дадлагажуулах шаардлага их хэрэгтэй байна.
-Ходоодны хорт хавдрыг үүсгэгч хеликобактерийн тухай их яригдах болж.
-Хеликобактер бол ходоодны хорт хавдрыг үүсгэх гол хүчин зүйл болдог. Хоол унд, архи тамхины зохисгүй хэрэглээ мөн ихээхэн нөлөөтэй. Тамхины халуун утаа улаан хоолой, ходоодны салстыг цочроодог. Архи тэгэхээр бүр ойлгомжтой байна байх. Хэтэрхий их хуурсан шарсан, ходоодыг цочроох халуун ногоотой хоол их хэрэглэх, нөгөө талаар жимс ногооны хэрэглээ бага байх нь нөлөөлдөг. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр өдөрт хүн 400 гр шинэ жимс ногоо хэрэглэх ёстой байдаг. Мөн манай Монголчууд хэтэрхий орой, хүнд хоол идэж байна. Өвлийн цагтаа калоритой хоолоо идэж, зуны цагтаа цагаан идээгээ сайтар хэрэглэж байх ёстой. Хелико бактери тухайн хүнд илрэнэ гэдэг маань халдвар авсан л гэсэн үг. Эрүүл хүнд байх ёстой хелико бактери гэж байдаггүй. Харин бактерийн тоо хэтэрхий их байна уу гэдгийг хянаж эмчилгээ хийлгэж байх ёстой.
-Элэгний хорт хавдрын хувьд?
-Элэгний хорт хавдрын хувьд гол үүсгэгч нь В, С вирүс байгаа. Манайд зөвхөн В вирүсийн вакцин байгаа. Дэлхий даяараа С вирүсийн вакцин гэж байдаггүй. Эмчилгээний хувьд дэлхийн жишгээр явагдаж байгаа. Гэхдээ тун хүнд эмчилгээ байдаг.