Нийслэлд өнгөрсөн баасан гаригт болсон үерийн улмаас нэг айлын гурван хүүхэд амиа алдсан харамсалтай явдал гарсан. Дөрвөн сайхан хүүгийнх нь гурвыг нэг өдөр аваад явчихсан энэ айлынхны уй гашууг юутай ч зүйрлэх аргагүй.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 9-ийн “А” гудамжны 316 тоотод оршин суудаг С.Батсайханы 6, 13 настай, зургаан сартай гурван хүү тэр өдөр харамсалтайгаар амиа алдсан юм. Ах дүү гурвыг өнөөдөр нутаглуулж байна. Хуучин буурин дээрээ байхаас ч эвгүйцэж, С.Батсайханых 13 дугаар хороолол дахь ажлынхаа хашаанд гэрээ барьжээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 1,5 сая, Засгийн газраас 2,9 сая, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 750 мянган төгрөгийн тусламжийг үерт хүүхдүүдээ алдсан С.Батсайханыд олгосон байна. Талийгаач хүүхдүүдийнхээ нас барсны гэрчилгээг авахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт байхад нь С.Батсайхантай уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Харамсалтай явдал болсонд эмгэнэл илэрхийлье. Танайх хэзээнээс 19 дүгээр хороонд суурьшсан юм бэ? -Манайх 2007 онд Увс аймгийн Баруунтуруун сумаас ирсэн юм. Төв, суурин газар бараадаж ирсэн нь энэ л дээ.
-Уучлаарай, үер болох үед та хаана байсан юм бэ? -Эхнэр бид хоёр тус, тусынхаа ажлыг хийгээд байж байсан юм. Эхнэр барилгын салбарт, би өөрөө бас нэгэн барилгын компанид харуулаар ажилладаг.
-Осол болсныг та анх яаж мэдсэн бэ? -Есөн настай хүү маань /амьд үлдсэн/ “Аав аа, манай гэр усанд урсчихлаа. Би айлын байшингийн дээвэр дээр байна. Айгаад байна” гэж утсаар ярьсан. Дараахан нь нэг эмэгтэй яриад “Ах аа, энд үер болоод байна” гэсэн юм. Тэгэхээр нь би 18.00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд тэр явдал болсон байсан.
-Гэрт чинь хүүхдүүдээс өөр хүн байсан юм уу? -Дөрвөн хүү маань л байсан. Том хүү маань дүү нараа хардаг байсан юм.
-Хажуу айлд чинь хүн байгаагүй юм уу? -Байсан. Хүүхдүүдээ тэдэнд захиж үлдээдэг байсан юм. Гэтэл хажуу айлын маань хүн бас үерт нас барчихсан байсан.
-Есөн настай хүү чинь азаар амьд үлджээ? -Базарваань хүү маань хашааны банз дээр суугаад хөвж явахад нь азаар том хүн таарч, олсоор татаж авч амийг нь аварсан байна лээ.
Би дөрвөн сайхан залуу¬тай байлаа/тэр ингэж ярихдаа нулимсаа барьж тэвчсэнгүй/. Тэд маань сэргэлэн цовоо, онц сурдаг хүүхдүүд байсан. Том хүү маань /Очирваань/ 44 дүгээр сургуульд сурдаг, сургуулийнхаа тэргүүний сурагч байв. Харин зургаан настай хүү “Дэлхийн зөн” байгууллагын цэцэрлэгт хүмүүждэг байсан. Цэцэрлэгтээ онц сурдаг. Бид түүнийгээ өхөөрдөж, “Хаалганы дарга” гэж дууддаг байлаа. Хашаагаар хүн орж, гарах тоолонд хаалгаа онгойлгож өгдөг болохоор нь хүүгээ тэгж өхөөрддөг сөн. Хүүхдүүдээ дурсаж, сайн үйлсийн сан байгуулъя гэж бодож байна. Миний гурван хүү байгалийн гамшигт өртсөн. Байгаль дэлхий ингэж хүссэн гэж бодож л өөрийгөө тайвшруулж сууна.
-”Ширүүн бороо орно. Үер бууж болзошгүй” гэсэн сэрэмжлүүлгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэр үед ажлаа орхиод гэртээ харих боломж байгаагүй юү? -Зурагтаар мэдээ сонссон. Ажлаа орхиод явж чадаагүй юм. Ийм зүйл болно гэж үнэндээ бодоогүй.
-19 дүгээр хорооноосоо нүүчихсэн юм байна. Одоо хаана амьдарч байна? -Хуучин буурин дээрээ дахиж амьдарна гэхээр эвгүй санагдаад байх юм. Тэгээд 13 дугаар хороололд, ажлынхаа хашаанд гэрээ түр барьчихсан байгаа. Дүүргээс удахгүй газрын асуудлыг шийдэж өгнө гэсэн. Тэр болтол ажлынхаа хашаанд байна. Ч.Энхбат
Зууны мэдээ |