
Монголын ууган бөхийн сургууль болох “Шонхор” дээд сургуулийн 10 жилийн ойн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өндөрлөлөө. Тус сургуулиас төрж гарсан хүчит 256 бөх зодоглосон өнөөдрийн барилдаанд улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Б.Ганбат, Д.Бумбаяр, Д.Амгаланбаатар, улсын начин Ц.Цэрэнхүү, улсын начин Н.Алтансүх, Д.Батболд, Т.Өсөх-Ирээдүй нарын бөхчүүд зодоглосноос улсын заан Б.Ганбат түрүүлж, улсын гарьд Б.Гантогтох үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын заан Д.Бумбаяр, улсын начин Т.Өсөх-Ирээдүй нар үлдсэн байна.
Барилдааны үеэр олгосон уран барилдааны шагналыг Увс аймгийн харьяат, аймгийн заан н.Мөнхбат хүртсэн юм.
“Шонхор” клуб, “Шонхор” дээд сургуулийн ойн барилдааны үеэр тус сургуулийн төгсөгч, даян аварга А.Сүхбат хувийн зүгээс “Шонхор” сургуулийн захирал, дархан аварга Х.Баянмөнхөд хүссэн улсдаа амрах эрхийн бичиг олгосон бол ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн Тувагийн их хурлын гишүүн дархан аварга Х.Баянмөнхийг тус улсын төрийн жуух бичгээр шагнасныг гардуулав. Мөн Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, далай аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр нарын тамирчид болон тэдгээр тамирчдыг бэлтгэж байсан “Шонхор” клубын анхны дасгалжуулагч О.Мөнхбат нар тус сургуулийн анхны тугийг есөн алд хадгийн хамт Х.Баянмөнх аваргад гардуулсан нь аваргын хамгийн их сэтгэл хөдөлсөн бэлэг болж чадсан юм.
>-)