

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 31 дэх тоглолт болох Чили болон Швейцарийн шигшээ багийн тоглолт 6 сарын 21-нд Монголын цагаар 22:00 цагаас Nelson Mandela Bay цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө.
Тоглолтын эхний үед аль аль багууд бие биенийхээ довтолгоог таслан хурдан сөрөг довтолгоонд орох байдлаар довтолгоонууд явагдаж байсан. Эхний хагаст багууд төдийлөн цэвэрхэн тоглолтыг үзүүлэлгүй нэлээд хэдэн шар хуудсыг багууд авч байсан ба тоглолтын 31 дэх минутанд Швейцарийн шигшээ багийн хагас хамгаалагч Valon BEHRAMI Чилийн шигшээ багийн тоглогчийг тохиолдон бүдүүлэг алдаа гаргасныхаа хариуд улаан хуудсаар торгуулан талбайг чөлөөлсөн. Шүүгчийн энэ шийдвэр нь бараг уг тоглолтын хувь заяаг шийдсэн ба Швейцарийн шигшээ багийнхны хувьд талбай дээр 10-уулаа үлдэн, хүндхэн 60 минутыг үдэх шаардлага гарсан. Гэсэн хэдий ч Чилийн шигшээ баг хүний илүүтэй байдлаа төдийлөн ашиглаж чадахгүй байсаар эхний хагас өндөрлөсөн.
Тоглолтын 2 дугаар үе эхлээд Чиличүүд довтолгоогоо ширүүсгэн, тун удалгүй Чилийн 7 дугаартай довтлогч Alexis Alejandro Sanchez хаалга руу хүчтэй цохилт хийн гоол оруулсан ч Чилийн шигшээ багийн 3-н ч тоглогч отон тоглолтын байрлалд байсан гэсэн шалтгаанаар уг гоолыг тооцсонгүй. Гэсэн хэдий ч 2 дугаар үеийн дунд үед Чилийн шигшээ багт сэлгээгээр орж ирсэн 11 дугаартай тоглогч Mark Gonzalez баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг мөргөн гоол оруулж тоглолтын тооны харьцааг “1-0” болгосон. Уг гоолын эхний дамжуулалт явагдахад дамжуулалт хүлээн авсан тоглогч отон тоглолтонд бага зэрэг орсон байсан ч шүүгч түүнийг гоолд тооцсон юм.
Иинхүү Чилийн шигшээ баг ялалт байгуулснаар хэсгээ 6 оноотойгоор итгэл төгөс тэргүүлж байгаа юм. Харин Швейцарийн шигшээ багийн хувьд 3 оноотой хэвээр үлдсэн юм.