
Хөл бөмбөг дэлхийн хамгийн түгээмэл спортын нэг бөгөөд энэ спортын хажуугаар бизнесийн томоохон үйл ажиллагаа ч явуулдаг билээ. Энэ удаа та бүхэнд Делоиттегийн хөл бөмбөгийн клубуудын Мөнгөний лиг хэмээх жил бүр гаргадаг жагсаалтын 2008-2009 оны улирлын хамгийн баян клубыг танилцуулж байна.
1.Реал Мадрид – 441,4 сая евро /2008 онд 365,8 сая евро/
Испанийн эзэн хааны клуб нь Мөнгөний лигийг тав дахь жилдээ дараалан тэргүүлж байгаа юм. Тус клуб 400 сая евро давсан орлоготой анхны клуб болжээ. Телевизээр тоглолтыг нь дамжуулсны хөлсөнд Реал Мадрид клубын авдаг орлого нь өмнөх үзүүлэлтээсээ 18 хувиар өссөн байна.
2.Барселона клуб – 365,9 сая евро /2008 онд 308,8 сая евро/
2008-2009 оны улирлын тоглолтуудад Испанийн хөл бөмбөгийн Барселона клуб түүхэнд тэмдэглэх амжилт олжээ. Барсачуудын хувьд Аваргуудын лиг, Ла Лигагийн аварга зэрэг цолыг хүртсэн билээ. Клуб өнгөрсөн таван жил орлогоо хоёр дахин өсгөсөн байна. Тоглолт /95,5 сая евро/, зар сурталчилгаа /112 сая евро/ зэргээс клубын орлого ихээхэн нэмэгджээ.
3.Манчестер Юнайтед – 327 сая евро/2008 онд 324,8 сая/
Английн хөл бөмбөгийн дээд лигийн аварга, ФИФА-гийн клубуудын дэлхийн цомын эзэн Манчестер Юнайтед клубын 2009 оны орлого буурч, жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. Өнгөрсөн онд Италийн Ром хотод болсон Аваргуудын лигийн тоглолтод Барселона клубт ялагдсан нь тус клубын орлого буурахад нөлөөлсөн байна.
4.Байерн Мюнхен – 289,5 сая евро /2008 оны 295,3 сая еврогоос буурсан/
Германы хөл бөмбөгийн Байерн Мюнхен клуб өнгөрсөн улирлуудад хангалттай тоглолт гаргаж чадаагүй. Гэвч тус клуб зар сурталчилгааны нөлөөгөөр нэр хүнд нь хэвээр байгаа юм. Зар сурталчилгаагаар багагүй орлого олсон ч бусад байдлаар хангалттай орлого цуглуулж чадаагүй байна. Хэрэв Германы хөл бөмбөгийн клуб зар сурталчилгаанаас ийм хэмжээний орлого олоогүй бол жагсаалтын 11 дүгээрт бичигдэх байжээ.
5.Арсенал – 263 сая евро /валютын ханшийн улмаас 2008 оны 264 сая еврогийн орлого буурсан/
2008-2009 оны улиралд Английн хөл бөмбөгийн дээд лигийн Арсенал клубын орлого 14,7 сая фунтээр өсч, 224 сая фунт хүрснээр өрсөлдөгч клуб Челсиг ардаа орхиход нь тусалжээ. Ингэснээр мөн Английн хөл бөмбөгийн хоёр дахь баян клуб болсон байна. Арсенал клубын нэг өдрийн тоглолтын орлого анх удаа 100 сая фунт хүрчээ. Улирлын тоглолтын тасалбарын борлуулалт муу байсан учир их орлого олоход бэрхшээлтэй байсан байж болох юм.
6.Челси – 242 сая евро /2008 оны 268,9 сая еврогоос буурсан/
Английн хөл бөмбөгийн дээд лиг болон Аваргуудын лигийн тоглолтод гаргасан амжилт болон тоглолтоо телевизээр нэвтрүүлэх гэрээний ачаар Челси багийн саяхны орлого нэмэгдсэн байна. Оросын тэрбумтан Роман Абрамовичийн өмч Челси клубын зар сурталчилгааны орлого 8,2 сая фунтээр буурчээ.
7.Ливерпуул – 214 сая евро /2008 оны 207,4 сая еврогоор өссөн/
Мөнгөний лигт Английн хөл бөмбөгийн клубууд дундаас Ливерпуул клуб дахин дөрөвдүгээрт оров.
Өнгөрсөн оны улиралд тус клубын орлого 20,6 сая фунтээр өсч, нэг байр ахисан байна. Талбайдаа өрсөлдөгчөө хүлээн авсан тоглолтыг 43600 гаруй хүн үзэж, 3,3-42 сая фунт хүртэл орлого олоход тусалжээ. Үүнээс гадна шинээр дөрвөн компанитай түншлэгч болсноор 10 сая фунт олжээ.
8.Ювентус – 203,2 сая евро /2008 оны 167,5 сая еврогоор өссөн/
2005-2006 оны улирлын тоглолтын орлогоос хойш Италийн хөл бөмбөгийн лигийн Ювентус клуб дахин энэ жагсаалтад орж байгаа юм. Тоглолтоос ердөө 16,7 сая евро олсон нь нийт орлогын найман хувийг бүрдүүлжээ. Энэ нь Мөнгөний лигийн хамгийн бага үзүүлэлтийн нэг ч гэлээ “Нью Холланд групп” /33 сая евро/, “Nike” компанитай /12,4 сая евро/ байгуулсан гэрээ болон тоглолтоо телевизээр нэвтрүүлсний орлого зэргийн ачаар нийт орлогоо ахиулсан байна.
9.Интер Милан – 196,5 сая евро /2008 оны 172,9 сая еврогоос өссөн/
Италийн хөл бөмбөгийн шилдэг клубын нэг Интер Милан клуб өрсөлдөгч АС Миланаас хэдхэн мянган еврогийн илүү орлого олж, Мөнгөний лигийн жагсаалтад өмнө нь бичигджээ. Тус клуб Медиасет компанитай байгуулсан дотооддоо тоглолтоо нэвтрүүлэх гэрээгээ 2009-2010 оны улирал хүртэл сунгасан байна. 2010-2011 онд телевизүүдтэй байгуулсан Италийн шилдэг клубуудын гэрээний орлого буурч магадгүй гэж дүгнэж байгаа юм.
10.АС Милан – 196,5 сая евро /209,5 сая еврогоор буурсан/
Италийн хөл бөмбөгийн лигийн АС Милан клуб өмнөх оны үзүүлэлтээс гурван байр ухарч, эхний 10 байрын сүүл мушгисан байна. 2008-2009 оны улиралд тус клуб Аваргуудын лигийн тоглолтод өрсөлдөж чадаагүй бөгөөд орлого нь 13 сая еврогоор буурчээ. Харин зар сурталчилгааны орлого нь 3,8 сая еврогоор нэмэгдэн 64,1 сая болжээ.
С.Отгонбаяр