Ювентусыг эс тооцвол Италийн шилдэг багууд энэ тойрогт бүгдээрээ 3 оноо халаасаллаа. ”Дархан аварга” Интер Милан хомоол хамагч Ливорнод аварга багийн амтыг мэдрүүлж талбайд нь 2 : 0-ээр буулган авлаа. Долоо хоногийн дундуур явагдах аваргуудын лигийн тоглолтонд Жосе Моуриньо анхаарлаа хандуулж хэд хэдэн гарааны тоглогчдоо сэлгээнд суулгасан ч тэдний ялалтад нэг их нөлөө үзүүлсэнгүй. Златаны оронд талбайд гарсан Диего Милито 49 дэх минутад гоолын салхийг хагалсан. Тэрээр тоглолтын дараа ”Энэ ялалт бидний хувьд тун чухал оноо авчирлаа. Эхний хагаст бид тийм ч сайн байгаагүй. Харин 2-р үед олдсон боломжуудаа маш сайн ашиглаж чадлаа. Динамо Киевийн эсрэг хийх тоглолт ч энэ үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсэж байна” гэжээ. 80 дахь минутад Майкон 2 дахь гоолыг Бенуссигийн хаалганд оруулж тоглолтын цэгийг тавьсан юм. Тэдний араас нэхэж байсан Ювентус өмнөх өдөр нь Наполигид ялагдсан тул Моуриньо сэтгэл өөдрөг Ливорног орхисон нь ойлгомжтой. Роберто Донадонигийн орыг Мазарри муугүй залгаж хэдхэн долоо хоногийн дотор хүснэгтийн доод хагасаас 6-р байр луу урагшлуулж чадлаа. Тэдний энэ ялалтад дубль хийсэн Словак эр Марик Хамсик голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Ювентус улиралын 2 дахь ялагдлаа амсаж Интерээс 7 оноо алдаж эхэллээ. Үүний хажуугаар Сампдорид гүйцэгдэх аюул ч тэднийг зовоож байна.
Марко Боррьело дубль хийж Миланд 3 оноо авчирлаа. Реал Мадридтай хийх чухал тоглолтын өмнө багийн сэтгэлзүйг энэ ялалт өргөж өгсөн нь ойлгомжтой. Дашрамд дурьдахад шүүмжлэлийн бай болоод байсан Шидэт Ронни энэ өдөр тун сайн тоглосныг дурьдахгүй өнгөрөх аргагүй.
Бусад сонирхолтой тоглолтуудын хувьд Бари Сампдоригийн талбайд тэнцлээ. 90 дэх минутад Баррето торгуулийн цохилтоо алдаагүй байсан бол тэд ганц ч оноогүй харих байв. Мөн Сиена есхөн мянган дэмжигчдийнхээ өмнө Лациог ялж чадалгүй оноо хуваасан байна. Ялалт амжилтаар цангаж байгаа Рома клуб Болоньяг ялж фенүүдийнхээ уур цухлыг бага ч гэсэн дарлаа. Бэртлээс эргэн ирсэн Мирко Вучинич, сүүлийн үед нэг их харагдахгүй байгаа Перротта нар багтаа ялалтын гоолуудыг авчирсан юм. Мэргэн буучдыг Ди Натале 7 гоолтой тэргүүлсээр байгаа. Харин түүний ардаас Хамсик, Паззини, Милито гэсэн 3 довтлогч 2 гоолын зөрүүтэй нэхэж байна