Италийн Милан хотноо болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ дөнгөж сая /Монголын цагаар 03.45 цагт/ Украины тамирчин Александр Ключког ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа. Хоёр тамирчны нэгдүгээр үеийн тоглолт 3:3 харьцаагаар тэнцсэн бол хоёрдугаар үед 6:3 харьцаагаар Украйны тамирчин оноогоор тэргүүлсэн ч манай тамирчин сүүлийн үеийн тоглолтод оноо цуглуулсаар 8:3-ын харьцаагаар тэргүүлж, гурван үеийн нийлбэр дүнгээр 14:12-оор ялалт байгууллаа. Ийнхүү Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө тоглосон манай гурван тамирчин болох П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар гурвуулаа гайхалтай ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид нэг өдрийн дараа мөнгөн медалийн төлөө өрсөлдөх болно.