
Бичлэгийн тоо 4,494
Өчигдөр Монголын хөлбөмбөгийн фанатуудын хувьд сэтгэл догдлон үзэх тоглолттой өдөр байлаа. Азийн хөлбөмбөгийн “Challenge Cup” тэмцээний урьдчилсан шатанд учраа таарсан Монгол-Макаогийн хариу тоглолт манайд болсон нь тэр. Долоо хоногийн өмнө Макаод болсон эхний тоглолтод манайхан 2:0-ээр хожигдсон билээ. Тиймээс энэ удаа нутаг дээрээ дор хаяж хоёр гоолын зөрүүгээр хожих, хэрвээ өөрсдөө гоол алдчихвал гурван гоолын зөрүүгээр буулгаж авах хүндхэн даалгавартай тоглосон юм. Манай хөгжөөн дэмжигчид энэ өдөр Европын хөлбөмбөгийн өрсөлдөөнийг түр мартаж, шигшээ багаа дэмжихээр ногоон талбайд цугларчээ. Лав л 3000 орчим хүн ирсэн байх. Тоглолтын эхэнд манайхан үнэхээр илүүрхэв. Хэд хэдэн сайхан довтолгоо зохион байгуулсан ч харамсалтай хүсэн хүлээсэн гоол орсонгүй. Манайхны цохисон хоёр ч бөмбөг хөндлөвч оноод өнгөрлөө. Залуу довтлогч А.Мөрөн боломжуудаа ашигласан бол байдал арай дээрдэх байв. Гэтэл 39 дэх минутад Макаогийн багийн довтлогч Чан Кин Сен хамгаалагчдын алдааг ашиглан гоол оруулах нь тэр. Хаалгач М.Батгүн бөмбөгийг хаахаар үсэрсэн ч арай хүрсэнгүй. Ингэснээр Монголын шигшээ дөрвөн гоол хийж байж дараагийн шатанд шалгарах бараг боломжгүй нөхцөлд орсон. Гэсэн ч манайхан биелэгдэшгүй даалгаврыг гүйцэлдүүлэх тун дөхсөн. 55 дахь минутад багийн ахлагч Лүмбэнгаравын эхлүүлсэн довтолгоог Мөрөн гүйцээж, багтаа итгэл найдвар төрүүллээ. Тэрбээр ойгоод ирсэн бөмбөгийг унаж татаад тун уран гоол хийсэн юм. Үүний дараа, 77 дахь минутад Монголын шигшээ булангийн цохилтоос хоёр дахь бөмбөгөө оруулсан. Бужигнаан дундаас орсон энэ бөмбөгийг автогоол гэж тооцжээ. Улмаар 89 дэх минутад Лүмбэнгарав мөн л булангаас ирсэн бөмбөгийг гүйцээн чихэснээр тооны харьцаа 3:1 боллоо. Дахин ганц гоол оруулахад манайхан даалгавраа амжилттай гүйцээх байв. Гэвч тоглолтын цаг биднийг хүлээсэнгүй. Энэ гоолоос хойш манай хөлбөмбөгчид хэтэрхий яаран олигтой довтолгоо хийхгүй байсаар цагаа дуусгалаа. Ингээд хоёр тоглолтын харьцаа 3:3 болон тэнцсэн бөгөөд өрсөлдөгчийнхөө талбайд нэг гоол хийсэн үзүүлэлтийнхээ ачаар Макаогийн баг дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм. Хэдийгээр дараагийн шатанд шалгарч чадаагүй ч манай хөлбөмбөгчид тун сайн тоглосон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
ok