

Новицки “бухнууд”-ыг номхотгов
Өчигдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд улирлын долоон тоглолт боллоо.
"Даллас" өөрийн талбай дээр цаг сунгаж тоглосны эцэст "Чикаго"-г ганц оноогоор (115:114) ялжээ. Тоглолт эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй явагдсан. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд тооны харьцаа 97:94 болж "бухнууд" ялахад ойрхон байв. Гэвч "Даллас"-ын холбон тоглогч Жейсон Киддийн тоглолт дуусахаас 13 секундийн өмнө шидсэн гурван онооны шидэлт ялагдлаас аварлаа. Цаг сунгаж тоглоход "Даллас" 18 оноо авсны 14-ийг нь Дирк Новицки авч, нийт 44 оноо авснаар "бухнууд"-ыг номхотгожээ.
"Милоуки"-гийн хамгаалагч Саймон Сэшнс мөн адил 44 оноо авсан ч "буганууд" гэртээ "Детройт"-ыг барсангүй. Тэд бас цаг сунгаж тоглоод 121:126-оор ялагдал хүлээсэн байна. "Детройт" нийт 126 онооны 92-ыг нь Ричард Хэмилтон (38), Рашид Уоллес (27), Аллен Айверсон (27) гурав авчээ.
Бусад тоглолтуудаас энэ улиралд муугүй тоглолт үзүүлж байгаа "Атланта" лигийн хамгийн муу багуудын нэг "Клипперс"-т талбай дээрээ 121:97-оор хожигджээ. Мөн "Филадельфи" "Майами"-г 94:84, "Нью-Жерси" "Денвер"-г 114:70, "Мемфис" "Торонто"-г 78:70, "Хьюстон" "Миннесота"-г 107:90-ээр тус тус буулган авсан байна.
“Астон Вилла” “Челси”-гийн өмнө гишгэлээ
Английн премьер лигийн 25 дугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Бирмингемийн "Астон Вилла" "Блэкберн"-г талбай дээр нь 2:0-ээр буулган авснаар 51 оноотой болж, гэртээ "Халл"-тай 0:0-ээр тэнцсэн "Челси"-г гүйцэж түрүүлэн гуравдугаар байрт дэвшлээ.
"Астон Вилла"-гийн хожлын гоолыг нэгдүгээр үеийн 27 дахь минутад Жеймс Милнер хийж, 90 дэх минутад Габриэль Агбонлахор баталгаажуулав. Ялалтын гурван оноо авснаар"Астон Вилла" "МанЮ"-гаас хоёрхон оноо дутуу явна.
"Ливерпуль" "Портсмут"-ыг 3:2-оор ялснаар 54 оноогоор премьер лигийг тэргүүлж эхэллээ. Тэдний ард 53 оноотой "МанЮ" байгаа. Гэхдээ "МанЮ"-д хоёр тоглолт нөөцөнд байгаа.
"Эвертон"-д түрээсээр ирсэн Жо "Болтон"-той хийсэн тоглолтод анхны гоолоо орууллаа. Тоглолтын 40 дэх минутад Артета эхний гоолыг оруулсан бол 49 дэх минутад Жо анхны гоолоо оруулсан байна. Улмаар 90 дэх минутад торгуулийн цохилтоор дахин нэг гоол оруулжээ. "Эвертон" "Болтон"-ыг 3:0-ээр буулган авлаа.
"Вест Бромвич" "Ньюкасл" багуудын тоглолт маш сонирхолтой болж 3:2-оор, "Ньюкасл" өрсөлдөгчөө хожжээ. Тоглолтын эхний арван минут гэхэд л "Вест Бромвич" нэг, "Ньюкасл"хоёр гоол оруулж амжсан байв.
Мөн "Уиган" "Фулхэм"-тэй 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан бол "Сандерленд" "Сток Сити"-г 2:0-ээр буулган авчээ.