Урд зүгээс нисээд ирэх улаан галууны зулзага аа хөи Урт их Шармөрөндөө суухгүйгээр ниснэ үү дээ хөи Урваад гарсан Гаадаа мэйрэний учир явдалыг хэлвэл дээ хөи Өргөн олон монголчуудын газар шорооны учир аа хөи
Зохиогч Манхан (Өвөрмонгол)
Уяруун жавхлант аястай энэ дууг би багаасаа сонсч, бахархаж, сурч, дуулж явсан байгаа юм. Тэр үед "Гаадаа мэйрэн" гэгч чухам юу хийсэн ямар хүн гэдгийг тодорхой сайн мэдэхгүй боловч "газар нутгаа хамгаалахын төлөө босч, тэмцэж, үрэгдсэн баатар хүн" гэдгийг ээжээсээ сонсч ойлгож мэджээ. Тэгээд бага насны минь оюунд, "Гаадаа мэйрэн" гэх сайхан дуу, Гаадаа мэйрэн гэх баатар хүний дүр сийлэгдэн үлдсэн юм. Харамсалтай нь одоо болоход энэ дуу надаас бүр холдон одсон шиг санагдах боллоо. Амьдрал дунд, радио телевиз дээр ч гэсэн энэ дуу алгуур аажмаар орон зайгаа алдаж, янагийн дуу, хувьсгалын дуугаар орлогдлоо. Мэдэх мэдэхгүйн хооронд байхад "Гаадаа мэйрэн" маань бидний оюун сэрлээс холдон мартагдахад хүрлээ. Б
ид яагаад "Гаадаа мэйрэн"-ээс холдсон бэ?
Нэгэн үл үзэгдэх гар энэ дууг, тэрчлэн түүнд илрэх зориг санааг ч манай оюунаас арилгахыг оролдож байгаа биш гэж үү, гэж сэтгэж үзсэн үү? Хүн бол хүн төрөлхтөний нийгмийн нэгэн жижигхэн эс нь болсоны хувьд нийгмээс оюуны шим хүртэж, үзэл бодол, сэтгэл ахуй, нийгмийн өртгийн үзэлтээ бүрэлдүүлж байдаг учиртай. Одоохоны төв ёс, мораль суртал алдран алдагдаж байгаа хятадын нийгмийн орчинд оршин амьдраа өвөрмонголчуудын заримууд нь эрх ашиг зоос мөнгийг хөөцөлдөлөө болгож Гаадаа мэйрэн биш харин “Дархан ван” болцгоож бий. Эрхтэй нь газар усаа, эрхгүй нь хүн мөсөө худалдан мөнгө зоос олж баяжихыг бодоцгоох болжээ. Тэнэг хүн сая Гаадаа мэйрэн шиг засаг төрийг эсэргүүцнэ гэж үзэх буюу цаашлаад Гаадаа мэйрэнээ баатар биш харин “балар эр” гэж бодох хүмүүс гарч байгаа. Юу ч гэсэн Гаадаа мэйрэнийг бахдаж бишрэх хүн цөөн болж, өнгөрсөнд Гаадаа мэйрэнийг дуулцгааж нулимс асгаруулж байсан монголчууд одоо харин “ Үүдээ нээгээд хүлээж байна, манайд ирээрэй, манайд ирээрэй, манайд ирээрэй...” гэх хүн нь олдож нутаг нь барагдсан Өвөр монголдоо хятадуудыг хадагаа бариад үүдээ нээгээд залж л байна, дуулж л байна. Үүнийг гуниг гэж хэлэх үү, гутамшиг гэж хэлэх үү бүү мэд.
Монгол соёл одоо хөгжиж байна шүү гэж үзэх хүн ч олширлоо. Бид чинь өөрөө монгол телевизтэй, монгол радиотой, монгол сонин сэтгүүлтэй, цаашлаад монгол вэбсайттай ч боллоо. Одоо дэлхийтэй мөр зэрэгцэх болжээ гэж бахархаад явцгаах нь ч олширлоо. Гэтэл эдгээр олон гэх зүйлсүүдийн дотор манай “монгол” гэгч юм нь чухам хэд байхыг бодож үзсэн хүн цөөн байх. Тэдгээр нь бүр “намын дуу хоолой” болохоос биш “өвөрмонголчуудын дуу хоолой биш” гэдгийг ухаарах нь чухал гэж бодно. Яг эдгээр намын дуу хоолойнууд “Гаадаа мэйрэн”-ийг бидний тархинаас угааж оюун сүнснээс зайдуулж хаясан юм. Бид тэдгээрийн “монгол” шошгонд хууртаад сууж огт болохгүй. Бүдүүлгээр үлитгэж хэлбэл, бусдад монголоор хараагдвал, “ За яахав, монголоороо харааж байх юм чинь” гээд баярлаад сууж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл эдгээр зүйл нь агуулгад нь байхаас биш, харин хэлбэрт нь огт байхгүй юм.
Энэ мэтээр “эв хамт, нийгэм журам”-ыг л сурталчилж, “намын соёл”, “эв хамтын онол”-оор ард түмнээ мунхруулж байдаг монгол зуучлуур хэдий цөөн бол төдий сайн гэж бодно. Эдгээр “намын дуу хоолой” болсон монгол зуучлуур нь манай монгол соёлыг хөгжүүлэхэд ашиггүй мөртөө харин гэдрэгээ ард түмний тархи толгойг “эв хамтын соёл”-оор угаан зэвсэглэх ноцтой хүчин зүйл болж байгаа юм. Манай зарим хүмүүс “одоо аливаа бүхэн бүр чөлөөтэй болсон шүү, хувь хүний сонин сэтгүүлээс вэбсайтыг хүртэл чөлөөтэй хийж болж байна” гэж байгаа. Гэтэл энэ бүхнийг чөлөөтэй биш харин захиа зарлиг, зохих хүрээ хэвчээний хязгаарлагдмал байдлын дагуу хийвэл болдог гэдгийг санах хэрэгтэй. Нийгмийн хурц мөргөлдөөнтэй асуудал, үндэстний асуудал, хүний эрхийн тухай асуудал, эрх чөлөөний тухай асуудал, ардчилалын тухай асуудал зэргийг ярихгүй бол болдог, эдгээрийн тухай бага л цухуйлгавал хаагдаж хоригддог. Гэтэл эдгээр зүйлээс зайлсхийн хийгдсэн зүйлс бол яриангүй сүнсгүй хүнтэй адил, гол чөлөөгүй үзмэрийн төдийн юмс төдий юм. Зарим хувь хүний хийсэн вэбсайт буюу сэтгүүл зэрэг нь гэдрэгээ монгол соёлоо биш харин “намын соёлыг” сурталчлан ухуулахад нь багаж болчихсон байдаг нь харамсалтай. Яг үнэндээ бүх хятад улсад, яриангүй Өвөрмонгол оронд ч гэсэн биеэ даасан зуучлуур гэж одоо болтол байгаагүй бөгөөд тэр нь чөлөөт ардчилсан улс болоогүй урьталын доор байж ч чадахгүй юм. Учир нь ганц нам ноёрхон төр барьсан ганцаар эзэмших төр засгийн доорхи зуучлуур бол зөвхөн ганцаар эзэмшигч ангид л эзэмшигдэн түүнд үйлчилж, тэдний төрийн эрхээ бататган хамгаалах чухал арга барил нь болж байдаг. Ганцаар эзэмшигч анги нь зуучлуураар дамжин худал хуурмаг сонин мэдээ зохиох, үнэнийг гажуудуулах, бодтойг балархайшуулах, сайныг гүтгэх зэрэг янз янзын арга барилыг хэрэглэж, хүмүүсийн оюун санааг эзлэн ноёрхож, захиран жолоодож, өөрийн улс төрдөө үйлчлүүлж, “номхон шударга”, “үг сонсдог” ард түмнийг хүмүүжүүлж байдаг юм.
Жишээлбэл “1989 оны 6 сарын 4-ний ТяньАньмэний хэрэг”, “2008 оны 3 сарын 14-ний Төвдийн хэрэг”, “2009 оны 7 сарын 5-ны өдрийн уйгурын хэрэг” зэргийг эв хамтын засгийн газар нь бүр зэвсэгт дарангуйлал явуулж ард түмний хөлсөөр тэжээсэн, “Ардын чөлөөлөх цэрэг”-ээр ард түмэнд хядлага явуулж “төвшитгөсөн” байдаг. Гэтэл “Төвийн телевиз хороо”, “Ардын өдрийн сонин” зэрэг “намын дуу хоолой” нь ард түмний төв ёсны төлөө явуулсан сүрт жагсаалыг “урвалган” буюу “цохиж, балбачиж, булааж, шатаасан” ялт хэрэг болгон улсын дотоод гадаадад мэдээлж байдаг. “Өвөр монголын Одон телевиз”, “Өвөр монголын өдрийн сонин” зэрэг “намын дуу хоолой” нь ч энэ худал хуурмаг мэхлэлийн мэдээг монголоор мэдээлж монголчуудыг хуурч мэхэлж байдаг. Үүнтэй адилаар Өвөрмонгол оронд иймэрхүү төв ёсны төлөөний тэмцэл гарахад хүрвэл тэрхүү намын дуу хоолой болсон монгол зуучлуур нь мөн “урвалга” гаргасан “дээрэм” гэж гүтгэж мэдээлэх юм. Үүнийг бид монголоороо ярьсанд нь болоод манай зуучлуур гэж нялхсагаар ойлгож болохгүй билээ. “Өвөр монголын Одон телевиз”-ээр жишээлж хэлэхэд тэр нь намын дуу хоолой болсоны хувьд “намын шугам, чиглэлт, төрийн бодлогыг ард түмэнд сурталчлан ухуулах”-аар өөрийнхөө тэргүүн чухал үүрэг зорилгоо болгосон байдаг.
Телевизийн сонин мэдээгийн ихэнх нь нам ба дарга нарыг магтаж, ардын амьдрал өдрөөсөө өдөр дээшлэн хөгжиж байгаа гэж сурталчлаад агуулгаа дуусгадаг. Сонин мэдээнээс харахад удирдах хүмүүс нь өдөр бүр ард түмний төлөө яарч, зүтгэж, чармайж, халамжилж байдаг. Телевиз мэдээлэлд хамгийн үндсэн шатны ард түмний амьдралын байдал юу болж, яаж байхыг өнцөг сэжүүрээс нь л жаахан ярих шиг болоод л бас нэвтрүүлгийн эцсийн дүгнэлтдээ олонхи зол бус учрал тохиолдолын үндэс шалтгаан нь бүр ард иргэдийн хувийн биед байж, бичиг соёл мэдэхгүй буюу эсхүл асвар цагаавараасаа боллоо гэх мэт янз янзын шалтгаан эрж төгсгөдөг. Энэ бүхнийг харсан хүн тэдгээр зол бус учралтай хүмүүсийг өрөвдөж, түүний ухаан төхөөгүйд нь уцаардах сэтгэл л төрөгдөхөөс биш, эдгээр явдлын үүсч байгаа гол шалтгаан, үндэс ишийг нь ер нь ухчилж бодохгүй байдаг бөгөөд телевизийн хэн ч ингэж ухчилж бодуулахгүйгээр оролдож зохиодог. Жишээлээд хэлбэл: сумын кадр болон гацааны кадр хоёул хуйвалдаж малчдын хуваан хувьдсан газрыг хуваан идсэн эсхүл ойр садандаа даачлуулан өгсөн, малчид буюу тариачид худал хуурмаг бараа товар буюу тарианы үр зэргийг худалдан авсан зэрэг олон олон мэдээлэл нь хувь хүнээс л шалтгаан эрэхээр (мэхэлсэн буюу мэхлэгдсэн) гол зорилгоо болгосон байдаг. Харин энэ нийгмийг захирч байгаа төр засаг болон намд жаахан ч хариуцлага байхгүй шиг зохиодог. Учир явдалын үүсэх шалтгааныг бүр хувь хүнд түлхэж, эцэстээ намын хороо засагийн ордон нь л сая сайхан шийдвэрлэж өгөөд хүмүүсийн баяр талархалыг олж байдаг. Харин намын хороо, засгийн ордныг учирын үүсэлд ямар ч хариуцлагагүй болгож байдаг билээ.
Нэг удаа Өвөрмонголын Одон телевизийн “Нийгэм амьдрал” нэвтрүүлгийнхэн малчдын амьдрал хийгээд монгол сонин сэтгүүлийн харьцааны тухай ярилцааны нэвтрүүлэгт өвөрмонголын их сургуулийн нэг профессор “-Малчид яагаад ядуурч байгаа вэ, гэдэг асуудлын уг сурвалжийг нь эрвэл тэд соёлгүйгээс (үнэндээ энэ багш соёл хийгээд үсэг бичгийн ухагдхууныг хутгаж буруу ярьсан байна – зохиогчоос) болсон байна. Энэ учир ёсыг таниулсаны дараа сонин унших, сураг занги хүлээн авах ухамсарыг хүмүүжүүлэх бол үндсэн асуудал гэж бодож байна” гэж малчдын ядуурч байх шалтгааны тухай хүмүүсийг уйлж ч чадахгүй, инээж ч чадахгүй болтол хариулт өгсөн билээ. Яг тэрхүү сонин сэтгүүл, радио телевиз дээр нь ухуулж сурталчилж байгаа төрийн бодлого нь малчдыг ядуурал хоосролын замд түлхэн оруулж байгааг улайж цайтал нууж тавих нь үнэхээр ичгүүр төрмөөр санагдлаа. Намын төрийн бодлогоос болж өвөрмонголчууд өөрийн нутагтаа “нүүдэл иргэн” болж хотын хятадуудад “хүчний ажил” хийж амьдрах боллоо. “Өршөөл”-өөр нутагтаа үлдсэн малчид нь ч халуун зуны дунд сар болтол хонь малаа хашаалж, малаа худалдаад малаа тэжээж дийлэхгүй амьдралыг хийж байгаа гэдгийг энэ багш мэдэж байж таарна. Өвөр монгол оронд амьдарч байгаа монголчууд “нүүдэл иргэн” хийгээд малаа хашаалан малжиж байгаа малчдын амьдрал ямар байгааг хэн ч харж байгаа ил зүйлүүд юм. Гэтэл энэ багш түүний нам төрдөө үнэнч шударга байгаа сэтгэлгээсээ болж, ард түмнийхээ ашиг тусаас тэрсэлж, намын дуутэй хоолой нийлүүлж байгаа төдий юм. “Намын дуу хоолой” болсон өвөр монголын телевизийнхэн ч иймэрхүү хүмүүсээ ашиглаж өөрийн сурталчилгааны зорилгодоо хүрч байгаа юм. Төр засаг нь нийгэм дээр оршиж байгаа асуудалд жаахан ч хариуцлага үүрэглэхгүйгээр бүхнийг хувь хүнд түлхэж, эцэстээ “агуу нам” нь харин асуудалыг шийдвэрлэж өгсөн “ачтан энэрэлтэн” болж, хүмүүсийн “магтаал дууг” олоод явдаг. Ардчилсан улсад бол засгийн газраас тус улсын иргэн бүхнийг сайн сайхан амьдруулах үүрэг хариуцлагыг үүргэлж, эл дэсийн хариуцлагатан нь тушаал хүлээн авдагаас тэд нийгэм дээрхи сайн муу учирт бүр хариуцлага үүрэглэх ёстой байдаг. Гэтэл ганцаар эзэмшилт улсад бол яг эсрэг байж, нийгэмд үүссэн асуудлын сайныг нь засаг төр үүргэлж, мууг нь үүсгэсэн буюу оногдсон хувь хүн үүргэлж байдаг. Үүний сурталчилгааны ажиллагааг нь телевиз, радио, сонин сэтгүүл зэрэг нь үүрэглэн өдөр өдөр цаг цаг зогсоо зайгүй нэвтрүүлж ухуулж байдаг. Ганцаар эзэмшилт улсын хууль цааз нь зөвхөн цаасан дээр бичсэн төдий зүйл юм. Тэр нь ямар нэгэн намаас өөрсдөө хуулийг тогтоож, өөрсдөө хэрэгжүүлж, өөрсдөө хянаж, өөрсдөө үнэлж байдаг. Үнэндээ жинхэнэ хууль дүрэм гэдэг нь тийм биш байдаг. Гэтэл ганцаар эзэмшилт улс оронд, намын үг бол хууль цаазыг орлож, хууль цаазанд тогтоож байсан ч нам зөвшөөрөхгүй бол болохгүй байдаг. Дөхөмхөн жишээ татвал, хятадын улсын “үндсэн хууль”-д эрхэт ард ном хэвлэлийн эрх чөлөө, яриа хэлэлцээний эрх чөлөө, бүлгэм цуглаан байгуулах эрх чөлөөтэй гэж тогтоож байсан ч энэ нь хоосон үг төдий гэдгийг хятад улсад, өвөрмонгол оронд амьдарч байгаа хүмүүс тэнэг бши бол бүр ойлгож мэднэ. Үүнтэй адил “монгол хэл бичгийн ажлын дүрэм” ч адил юм. Өвөр монгол оронд хоёр мянган түмэн хятад хүн, дөрвөн зуун түмэн монгол хүн байгаа. Дөрвөн зуун түмэн монгол хүн дотор монгол үгээ мэдэхгүй монгол хүн буюу эсхүл яг хятад хүн байгаад монгол үндэстэн гэж байгаа хүмүүс нь хагасыг эзлэж зөвхөн хоёр зуун түмэн гаруй монгол хүн л монгол үг хэлээ мэддэг. Тэр мөртөө хятад хүн нь өвөр монгол орны бүх засаг захиргааны байгууллагад гол, дэд байрнаас эхлэн энгийн ажилтан ажилчин хүртэл зонхилох тоог эзлэж монгол хүн цөөнөөс цөөн тоогоор байдаг. Тэдгээр монгол хүмүүс нь ч нэгэнтээ хятаджисан эсхүл хятадыг дагасан, монгол сэтгэлгээ нь алдагдчихсан хүмүүс дийлэнх байдаг(үнэндээ монгол сэтгэлгээ өндөр хүнийг иймэрхүү байгууллага нэгч авдаггүй бөгөөд тус хүн нь ч орох дургүй байдаг). Иймэрхүү далай олон хятадын дунд живсэн өвөр монгол оронд “монгол хэл бичгийн дүрэм” газар авч зогсож дийлнэ гэж үү. Хятад монгол хүн телевиз буюу радио дээр “бид монголоороо амьдаръя” гэж уриалаад биелэгддэг учир мөн гэж үү? Зөвхөн нэг “монгол хэл бичгийн ажлын дүрэм”-ээс (хэрэгжүүлэх төсөл гэж бас тогтоосонгүй) болж, хэдэн монгол хүн зээлд гарч тэр дүрмийг дармаллан олонд тархааснаас болж, өвөр монгол оронд байгаа далай олон хятадуудтай газарт монгол үг хэл үсэг бичгээ сураад хэрэглэж эхлэх гэдэг нь ёстой худал үг биш гэж үү? Тэр дүрэм бол зөвхөн “зургийн боорцог” төдий. Монголчууд түүнийг нь хараад өлөө дарж байгаа учир юм. Гэтэл манайханы зарим хүмүүс иймэрхүү зүйлд хууртаад “нам засаг бол болж байна, бид харин өөрөө болохгүй байна” гэж үздэг. “Намаас өдий төдий сайн төрийн бодлого тогтоож өгч байна шүү, бид өөрснөө л болохгүй байхаас...” гэж ярьдаг. Тэгээд яагаад хэрэгжүүлэх нарийн төсөл тогтоодоггүй вэ? Бид асуудлыг үзэхдээ гүн давхаргад нь хүрэх хэрэгтэй. Харин түүний өнгөн талд нь хууртаж болохгүй юм. Энэ хууль дүрэм нь хэрэгжүүлэх гэсэн юм биш харин үзүүлэх гэсэн юм. Тэгэх мөртөө монгол соёлын уруудлын хариуцлагыг монгол хүнд түлхэх гэсэн башир мэх байгаа юм. “Өвөр монголын өөртөө засах орон” гэдэг юм байгуулагдаад жаран жил болж байхад “монгол хэл бичгийн ажлын дүрэм” нь нийтлэгдээд сая дөрөвхөн жилийн нүүр үзэж байгаа. Энэ нь зөвхөн инээдэмтэй учир гэж үү? Бид бас энэ дүрмийн төлөө баярлаад талархаад байх нь юун билээ. Энд би ингэж ярьж байгаа нь энэ дүрмийг нийтэлснийг нь муу учир гэж байгаа биш, бид тэднүүсийн өнгөн талын зүйлд хууртаж болохгүй, харин тэдний башир мэхийг нь нэвт харан таних хэрэгтэй гэдгийг ярих гэж байгаа. “Зургийн боорцог” шиг тэдгээр олон дүрэм горимоо ард түмэн буюу гадаад оронд харуулаад “манай намын үндэстний төрийн бодлого сайн байгаа” гэж үлээн гайхуулах нь сая тэдний уг зорилго мөн гэдгийг бид ухан мэдэх хэрэгтэй. Монгол соёл, монгол үг хэл, монгол үсэг бичиг хямралын зүгт хандаж байгаагийн үндсэн шалтгаан нь ард түмний бие дээр байгаа биш харин энэ засаг төр дээр байгаа юм. Бид эдгээр дүрэм горимыг нь барьж ард олондоо хандах биш харин “-Үүнийг хэрэгжүүл!” гэж засгийн газарт шаардвал зохино.
Бидэнд Гаадаа мэйрэнгийн зориг санаа хэрэгтэй. Гаадаа мэйрэн хэдийгээр мэйрэн зэрэгтэй, цалин пүнлүүтэй байсан ч малчин түмнийхээ төлөө, монголын сайхан газар нутгийнхаа төлөө тэр бүхнийг ардаа таягдан босон тэмцсэн юм. Яг түүний энэхүү зориг санаанаас одоогийн ганцаар эзэмшилт анги нь айн сүрддэг учир түүнийг бадруулан тэмцэх хэрэгтэй.
2009 оны 8 сарын 1
Худам үсгээс шинэ үсэгт буулгаж “Даяар монгол” сонинд ирүүлсэн Авгачууд цонгоол Б.Нацагдорж
|