Я.Баяржавхлан: Цөсний чулуужилт хижээл насныханд их үүсч байна...
Ахимаг насныхны дунд нэлээд их тохиолдож буй өвчин бол цөс чулуужих өвчин юм. Тэгвэл үүнээс яаж сэргийлэх талаар БЗД-ийн эрүүл мэндийн нэгдлийн дотрын эмч Я.Баяржавхлантай ярилцсан юм.

-Сүүлийн үед хүн бүр л цөсний чулуутай болсон, цөсөө авахуулна гэх болж. Ингэж элэг цөсний өвчин ихсээд байгаагийн шалтгаан нь юунаас үүдэлтэй байна вэ?
-Цөсний хүүдий болон цөсний гуурсанд чулуу үүсэхийг цөс чулуужих гэдэг. Цөсөнд чулуу үүсэхэд гэдсээр хүчтэй хатгуулан өвддөг. Хэт идэх, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, бие ядрах зэргээс болж өвдөх нь бий ч гэнэт хүчтэй хатгуулан өвдөх нь энэ өвчний гол шинж тэмдэг юм.

Цөсний чулуу нь дунд, хижээл насныханд, тарган хүмүүст мөн хэт идэх, хөдөлгөөн багасах, дэглэм журамгүй хооллолтоос болох ба эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өргөн тохиолддог. Тухайлбал, 40-өөс дээш насныхан уг өвчнөөр өвчилж байна.

Цөсний чулууг найрлагаас нь холестролоос үүдэлтэй, билирубинээс үүдэлтэй гэж хоёр ангилна. Цөсний чулуунаас сэргийлэхэд юуны өмнө өөх тос багатай, тосонд шарсан, хуурсан, түлэгдсэн хоол, хүнс аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Мөн архи дарс, кофе, хийжүүлсэн ундаа, халуун ногоо аль болох бага хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа өлөн элгэн дээрээ архи, дарс, кофе хэрэглэхгүй байвал зохино. Мөн хамгийн анхаарвал зохих зүйл нь зөв хооллолтын асуудал болоод байна. Манайхан өглөө өлөн гараад орой нь маш их хэмжээгээр хоол идэж байна. Энэ нь цөсний чулуу үүсэх гол шалтгаан болж байна.