Бичсэн Ц.Даланцагаан   

2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг

 

Хятадын ХАА-н яам 2009 оны сүүлээр гений өөрчлөлт хийсэн хортон шавьжны эсрэг онц тэсвэртэй цагаан будааны Huahui 1 болон Bt Shanyou 63 сортуудыг шинэ сортоор баталжээ. Гэвч амьд амьтны генд мэдээлэл дамжуулдаг тул шинэ бүтээгдэхүүн хүнд аюултай байж мэднэ гэж биологчид үзэж байна. Өөрчлөгдсөн ген нь тархахдаа амьд амьтан, ургамал хоёрыг үнэндээ ялгахгүй, төрөл зүйл ч түүнд падлийгүй. “Шавьж устгаж чадаж байгаа юм чинь түүнийг байнга хэрэглэх хүнд хор учруулах боломжтой” хэмээн Хятадын ШУ-ны академийн ботаникийн хүрээлэнгийн профессор Цзян Гаомин мэдэгджээ. «Генийн өөрчлөлттэй цагаан будаа хүнсний хэрэглээнд нэвтрэн орсноор бүтээгдэхүүн болон экологийн аюулгүй байдалд тун их нөлөөлөх болно” гэж Хятадын Гринписийн төлөөлөгч Фан Лифэн үзсэн байна.
 
Генийн өөрчлөлттэй цагаан будааг идсэн лабораторийн амьтад дээр харшил болон дархлаа нь эрс сулрах үзэгдэл ажиглагдсан болохыг тэрээр мөн дурьдсан байна. Хүн дээр ч энэ бүхэн илрэхийг байг гэхгүй юм. Хятадын үржил селекцийн нэртэй мэргэжилтэн Юань Лунпин энэхүү бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн эсрэг байгаа ба “Генийн өөрчлөлттэй организм нь бусад организмтай эрлийзжих замаар байгальд тархах боломжтой. Байгальд нэгэнт тархаж эхэлбэл хэн ч үүнийг хянаж чадахгүй бөгөөд маш том “генийн бохирдолд” хүргэж мэднэ” гэж “Хятадын Мичурин” үзэж байгаа ажээ. Генийн өөрчлөлттэй цагаан будаа нь тоос хүртээх замаар бусад сортуудад ч нөлөөлж чадна. Ердийн цагаан будаанд генийн өөрчлөлт дамжуулах боломж 18% юм.
 
Одоогоор Хятадад 75 мянган өөр сорт ургаж байгаа бөгөөд энэхүү хиймэл мутантын түрэмгий нян нь харин Хятадын цагаан будааны энэ баялаг сортыг устгах аюултай. Цагаан будааны төрөл зүйл цөөрөх нь үржил селекц хийж шинэ сорт гаргаж авах боломжийг муутгана гэж эрдэмтэд анхааруулж байна. Шинэ төрлийн будаа тархах үзэгдэл Хубэй мужид ажиглагдсан ажээ. Барууны орнууд генийн өөрчлөлттэй ургамалд хатуу хориг тавих болсон тул шинэ төрлийн цагаан будаа нь Хятадын экспортод сөрөгөөр нөлөөлөх вий гэж эдийн засагчид болгоомжилж байгаа гэнэ. Харин Европын Холбоо болон Японы зүгээс цагаан будааны мутантын талаар аль хэдийн гомдол гаргаад байгаа ажээ. Харин манай засгийн газраас энэ тухай дуугарч эхлээгүй л байгаа бололтой, дуугарах ч үгүй биз дээ. Гуанзанд орохгүй байлтай биш, манай гуанз ресторануудын хоолны дор хаяж хагас нь цагаан будааны орцтой хоол байдаг, бид ч одоо туршилтын туулай ч болох нь дээ. Дэлхийн бусад орнуудын шахалтаар Хятад энэ будаанаас татгалзах болтугай л гэж ерөөх үлдэх шив дээ.