Хортой жимснээс холуур

Дахиад л иргэд бөөн бөөнөөрөө хордлоо. Энэ удаагийн хордлогод эрүүл энхийн манаад зогсдог эмч нар маань өртөх нь тэр. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн долоон эмч мандаринд хордсон. Тэд хордлогод орохынхоо өмнө хурал зөвлөгөөн хийж байсан аж.

Харин энэ үеэр мандарин идсэн эмч нар нэг цаг орчмын дараагаас л бие нь тавгүйрхэж, нүд нь харанхуйлж, толгой нь эргэн газар дээрээ ухаан алдсан байна. Эмч нарын өөрсдийнх нь хэлснээр энэ нь мэдрэл давамгайлсан хордлого гэсэн. Тийм болохоор тархи толгойд нь муугаар нөлөөлдөг байна.

Эмч нарын идсэн мандариныг дүүргийн хүнсний захаас авсан тухай ярьцгааж байсан. Тэднээс гадна нэг хүүхэд мөн л мандаринд хордоод эмнэлэгт хүргэгдэн иржээ, Налайхад.

Жимсэнд бөөнөөрөө хордсон энэ удаагийн тохиолдол ард иргэдэд айдаст төрүүлж байгаа нь лавтай. Гэтэл хэвлэл мэдээлийн хэрэгслээр мэдээлэгдээгүй үүнтэй төстэй хэрэг энд тэнд өчнөөн гарсаар л байна. Тухайлбал, хамт ажилладаг эгчийн маань жаахан хүүхэд мандаринд хордоод эмнэлэгт хүргэгдэж байсан. Түүнчлэн бас нэг танилын маань охины ангийн зургаан хүүхэд мөн л жимснээс хордлого авч байсан тухай санаж байна.

Үүнээс харахад хортой мандарин дан ганц Налайх дүүргээр хэрэн хэсээгүй нь мэдээж. Манай улс бүх төрлийн жимс жимсгэнээ БНХАУ-аас оруулж ирдэг. Бүр хэдэн зуун чингэлэгээрээ орж ирж байгаа. Ганц мандарин гэлтгүй түргэн муудаж, аюулгүй чанараа алддаг жимс жимсгэнэ дэлгүүр бүрийн лангуун дээр хэвтэж байна. Бараг л идээний дээд хэмээн хүндэтгэх нь холгүй бид өдөр тутмын хэрэгцээндээ эдгээрийг хэрэглэдэг. Эмнэлэгт хэвтсэн нэгэндээ, орой гэртээ ороход алгаа тосоод гүйх хүүхэддээ бид хамгийн түрүүнд алим, мандарин барьдаг.

Гэтэл энэ нь амь насанд ч хүрч болох эд аж. Энэ бүхэнд нарийн хяналт тавьж байгаа газар ч гэж үнэндээ алга. Бид нэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа сав, баглаа боодол дээрх он, cap, өдрийг л харахаас хэтэрдэггүй. Ингэж л тухайн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг нягталдаг. Гэтэл урд хөршийн жимс жимсгэнэд үзээд өгье ч гэсэн тийм он, cap, өдөр байдаггүй. Хий дэмий л гаднах өнгө үзэмжийг нь харахаас хэтрэхгүй.

Түүнчлэн урд хөршөөс орж ирсэн жимс жирэмсэн эхийн урагт хүртэл нөлөөлж байгаа тухай яригдах болсон байна билээ. Тэгэхээр бөөн амин дэм, амт чанар хэмээн хөөцөлдөх жимснүүд харин ч эсрэгээрээ бөөн хор тээн бидэн рүү айсуй.

Тун удахгүй cap шинийн баяр болно. Баярын ширээний чимэг болгож, айл бүр л жимс жимсгэнэ ширээн дээрээ тавихыг хичээнэ. Мөн түүгээрээ төрөл бүрийн зууш, салат бэлтгэнэ. Түүнээс нь голдуу хүүхдүүд иднэ. Ингээд бодохоор хятадын хортой жимс бидний эрүүл мэндэд заналхийлсээр л…