Цаст Алтайн хязгаар нутагт сүрлэг уул шигээ ханагар биетэй Адууч хэмээх аялаг сайхан Монгол нэр алдартай эр аж төрөн амьдран суудаг байлаа. Төр нийгэм ард түмэн нутаг усныхаа хөгжлийн төлөө ажиллаж хөдөлмөрлөсөөр иржээ. Цэцэг цэврүү шиг арван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор буян нь дэлгэрч чухамдаа араараа дүүрэн адуун сүргээ багшруулж, өврөөрөө дүүрэн үр хүүхдээ бужигнуулсан өнөр өтгөн халуун дулаан айл юм.
Хүүхэд нь удмаа дагаад эрэлхэг баатарлаг хөдөлмөрч ахас ихэсээ дээдэлсэн ухаалаг хичээнгүй хүмүүс боллоо. Өнөр өтгөн айлын долоо дахь хүү болон мэндэлсэн Баатархүү ах маань эр өсөж эсгий сунадагийн үлгэрээр жилээр биш сараар, сараар биш хоногоор, хоногоор биш хормоор өссөөр бяр хүч амтагдаж булчин шөрмөс нь зангирсан эр боллоо.
Тэрбээр бусдын адил эрдэм боловсролд шамдахын зэрэгцээ урган төлжиж өсөн чангарч байгаа бие бялдраа чийрэгжүүлэн хичээллэж эхэлсэн юм. Баатараа ах маань 1970–аад оны дунд үеэс үеийнхнээсээ авъяас чадал бяр тэнхээгээрээ онцгойрон тодорч спортын замналын алтан хуудсаа нээсэн юм. Тэрээр асар богино хугацаанд төрж өссөн аймагтаа төдийгүй улс Монгол, Ази тив дэлхий дахины спортын алтан тавцанд амжилтаараа дуурсгах бөх болсон юм.
А.Баатархүү ах маань 1975 онд Ховд аймгийн наадамд түрүүлж, 1979 онд Улсын наадамд шөвгөрч “Улсын начин” цол, 1983 онд дахин шөвгөрч “Өсөх идэр начин” цол хүртэж байсан бол чөлөөт бөхөөр улсын 10 удаагийн аварга болсон билээ. 1989 онд Ази тивийн аваргын мөнгөн медаль, 1978, 1990 онуудад Ази тивийн спортын их наадмын мөнгөн медаль, 1979 онд Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдаас анхны аварга цол, алтан медаль, 1983 онд Зөвлөлтийн шигшмэл бөхчүүдээс гадна дэлхийн 22 орны шилдэг бөхчүүд оролцсон ЗХУ–ын Бүх ард түмний нээлттэй 8 дугаар спартакиадад гадаадын тамирчдаас ганцаараа мөнгөн медаль хүртэж чөлөөт бөхийн ертөнцөд том шуугиан дэгдээж дэлхийн спортын түүхэнд үүрд мөнхөрсөн гавъяатан билээ.
Нутгийнхаа ханагар уул шиг сүрлэг дүртэй шулуун шударга гүдэсхэн зантай Баатараа ах минь соёо сахландаа ёжтой инээмсэглэл тодруулан мишээх нь үлгэрийн баатар шиг баяр бахдал төрүүлж сэтгэл нэг л сайхан харагддагсан.
Цол, шагнал нь багадсан таныгаа бурханы орны дэвжээнд барилдахаар заларч одлоо гэхэд дэндүү харамсмаар ...
Баатараа ах минь та үлгэрийн баатар шиг гэгээн дүрээрээ бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болноо.
Ум сайн амгалан болтугай.
МУ. НачинИ.Мөнхбаяр
Чөлөөт бөхийн олон улсын шүүгч
О.Заяамандах
Amar amgalan orshih boltugai/um maani bad mi hum