Нойрсон буй үр минь
Хөрвүүлсэн МУҮИС-ийн багш, Хумбангийн ЭНХБАТ (2009-02-08)

Бүсгүй хүнийг ээж, эхнэр, охин, мэргэжилтэн, найз, оюутан гэх зэргээр олон янзаар тодорхойлж болно. Бүсгүй болгон өвөрмөц, хосгүйн зэрэгцээ бас нийтлэг ижил зүйлсээр холбоотой байдаг. Хайрыг илүү гүн мэдэрдэг, шинэ амьдралыг төрүүлдэг, үр хүүхдийнхээ өмнө илүү хариуцлага үүрч явдгаараа эмэгтэйчүүд нийтлэг билээ.

АНУ-д цувралаар хэвлэгддэг “Chicken soup for the woman`s soul” ном нь америк эмэгтэйчүүдийн амьдралд учирч байсан олон саад бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулсан тухай сургамжтай, ухаарал хайрласан, хамгийн гол нь бодит амьдралд тохиолдсон үнэн бодитой үйл явдлуудыг өгүүлсэн байдаг. Уншигч танд бас нэгийг сануулж, хоёрыг бодуулах буйзаа хэмээн бид уг бүтээлээс цувралаар хүргэж байна.

Уншигч та хүүхдээ загнадаг уу? Заримдаа бүр гар хүрчихдэг үү? Дэлхийн олон сая аав ээжүүд бас л тэвчээр алдан үр хүүхдээ загнаж, зандчиж байдаг бөгөөд дараа нь хүүхдээ сургууль, цэцэрлэгтээ явсан хойно нь, эсвэл унтаж байхад нь нэг их гэмшдэг аж. Байнга л загнуулж байдаг хүүхдээ унтаж байхад нь харан сууж, гэмшиж байгаа нэгэн америк ээжийн энэ захидал дэлхийд нэлээд алдартай бөгөөд Монголд ч ганц нэг хэвлэлд урьд нь нийтлэгдэж байсан билээ.

Англиар “As I watch you sleep” хэмээх нэртэй, Диана Люмансын энэ бяцхан захидлыг үг үгээр нь уншиж суух бүртээ, хүүхдээ загнасаар байгаад, мартах шахсан ээжийн, аавын хайрын дулаан мэдрэмж надад эргэн ирж, заримдаа нулимс унагах дөхөж буйгаа би мэдэрдэг юм. Хүүхэд загнах байтугай өчнөөн айхтар зүйлс тохиолдож байгаа манай өнөөгийн нийгэмд хүүхдийнхээ аманд хийх хүнс, сурах бичгийн мөнгийг дөнгөж залгуулж, бас цухалдаж яваа олон эцэг эхчүүд маань энэ захидлыг уншаасай, өнөөгийн бэрх нийгэмд томчуудын адил зовж, тэрүүхэндээ ганцаардаж явдаг үр хүүхдүүдээ хааяа боловч хайрлаж байгаасай хэмээн хүсч, чадан ядан хөрвүүллээ.

“Хүүхэд ч бас тусдаа өрөөтэй байх ёстой” гэж үздэг өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүд аав, ээжээсээ заримдаа хэт тасарч, ганцаардах сөрөг тал үүсдэг аж.

Амин хайртай үр чамайгаа унтаж ахуйд ээж нь гэнэт үгүйлж, дэргэд нь хэсэгхэн суухаар өрөө рүү чинь сэмээрхэн орж ирээд амьсгалахыг нь ажиглан сууж байна. Үр минь нүдээ тайван аниад, зөөлөн сэвлэг үс нүүрийг нь хүрээлсэн харагдана. Хэдхэн агшны өмнө ээж нь мухрын өрөөндөө бичиг цаасны ажлаа хийж, өдөр болсон явдлуудаа эрэгцүүлэн бодож суутал гэнэт уул овоо шиг их гуниг цээж нөмрөн дарсан. Тэгээд, хийж байгаа ажил дээрээ анхаарлаа тогтоож чадахаа болиод, нам гүмийн дунд унтаж байгаа чамтайгаа сэтгэлдээ ярихаар хүрээд ирлээ.

Өнөө өглөө чамайг хувцаслаж байхад ээж нь тэвчээр алдаж, “Ямар удаан юм бэ, алив хурдлаач” хэмээн тэсэлгүй загнасан. “Юм хумаа энд тэндгүй тавьчих юм” хэмээн би чамайгаа зэмлэж, өглөөний цайгаа ууж байхдаа цамц руугаа дусаалаа гэж уурлан харсан. “Дахиад л” хэмээн би санаа алдаад, толгой сэгсэрсэн. Харин үр минь над руу гэмшингүй инээмсэглээд “Баяртай, ээж ээ” гэж билээ.

Үдээс хойш чи өрөөн дотроо тоглож, орон дээрээ бүх тоглоомоо хазгай муруйхан өрөөд, чанга дуулж, даган хөдөлж байхад ээж нь утсаар ярьж, тэгснээ “дуугүй байгаад өгөөч”, “боль, чи” хэмээн чам руугаа цухалдан бас л тэсэлгүй зандарсан. Тэгсэн мөртлөө хүүхдээ уйдааж орхичихоод зөвхөн амиа хичээж, утсаар дахин бараг бүтэн цаг завгүй гэгч нь ярьсан билээ. Дараа нь ээж нь “Одоо суугаад гэрийн даалгавраа хий. Өчнөөн цагийг дэмий битгий үрээд бай” хэмээн цэргийн түрүүч шиг огцом зандран тушаасан. “За ээжээ” хэмээн чи минь гэмшингүй хэлээд, ширээндээ сууж үзгээ гартаа аваад, тэгээд чиний өрөө нам гүм болсон билээ.

Үдэш намайг бичгийн ширээндээ суун ажлаа хийж байтал үр минь над руу шийдэж ядан дөхөж ирээд “Өнөө орой үлгэр уншиж өгөх үү, ээж ээ?” хэмээн бяцхан найдлага тавин асуусан. Харин би “Өнөөдөр үгүй” гэж огцом дуугараад бас нэрмэж “Өрөө чинь замбараагүй хэвээрээ байна. Би чамд хичнээн дахин хэлэх юм” хэмээн уцаарлаж билээ. Чи минь толгой унжуулан, хөлөө зөөсөөр гарч өрөө рүүгээ явсан даа. Тэгснээ удалгүй чамайг эргээд ирэхэд “Бас одоо яах гээ вэ?” хэмээн төвөгшөөсөн дуугаар ээж нь асуусан.

Харин чи үг хэлээгүй. Өрөө рүү минь зүгээр л орж ирээд хүзүүгээр тэвэрч, хацар дээр минь үнссэн. “Сайхан амраарай, ээж ээ. Ээждээ хайртай шүү” хэмээн хэлэхдээ надад чанга наалдаж байсан. Тэгээд л дараа нь хүрч ирсэн шигээ хурдан яваад өгсөн.

Харин би ширээ рүүгээ ширтэн удаан сууж, гэмшлийн давалгаа намайг нөмрөн байгааг мэдэрсэн дээ. Үр минь ээжийнхээ сэтгэлийг сэвтүүлэх юу ч хийгээгүй. Ердөө л хүүхэд хэвээрээ байж, өсөн бойжих, аливааг сурах гээд завгүй байсан. Элдэв хариуцлага, элдэв үүрэг шаардлагаар дүүрэн байдаг томчуудын ертөнцөд өнөөдөр би эцэж ядраад чамдаа зориулах энерги бараг үлдсэнгүй дээ. Өнөөдөр ээжийнхээ ааш араншингийн эрхээр өлмий дээрээ шахам явж өнжсөн ядармаар өдрийн эцэст ч чи минь ээж рүүгээ гүйн ирж, ээжийгээ үнсэх дийлдэшгүй хүсэлтэй байж чадсанаараа ээждээ багш болж чадлаа.

Тэгээд, одоо бөх гэгч нь унтаж байгаа чамайгаа харахдаа өнөө өдрийг эхнээс нь дахин шинээр эхлүүлэхийг л маш их хүсч сууна даа. Өнөөдөр чиний надад харуулсан тэвчээрийн ачаар маргааш би өөрийгөө барьж, жинхэнэ ээж болж, нойрноос сэрэхэд чинь дулаахан инээмсэглэн угтаж, сургуулиасаа ирэхэд чинь урмын үг хэлж, унтахын өмнө чинь сонирхолтой ном уншиж өгнөө.

Чамайгаа инээх үед би инээж, уйлах үед чинь уйлах болноо. “Хүүхэд шүү дээ, том хүн болоогүй” гэж би өөртөө сануулж, чинийхээ ээж байгаадаа баярлаж явах болноо. Тавгүй байсан ч сэтгэл нь хурдан сэргэж чаддаг үрийн минь өнөөдөр надад харуулсан сэтгэлийн хүч ээжид нь их ухаарал өгч,тэгээд ийм шөнө орой болсон хойно миний хүүхэд, миний багш, миний анд чамдаа хайрын бэлэг өгсний чинь төлөө талархлаа илэрхийлэх гэж ээж нь ирсэн юмаа.

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.