
Манайхан БНСУ-ын иргэдтэй гэр бүл болох нь хэдийнэ байдаг л нэгэн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь БНСУ-ын цэцэрлэг, сургуульд Монгол хүүхэд олон байдаг байна. Монголоос багшийн мэргэжлээ дээшлүүлэх гэсэн монголчуудыг “Солонгос хүнтэй гэрлэсэн үү” хэмээн БНСУ-ын сургуулийн захиргаа асуудаг гэнэ. “Үгүй” гэхээр тэгвэл дадлага хийлгэхгүй, энд дандаа солонгос хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүдийн хүүхдүүд байдаг гэжээ.
БНСУ-ын иргэдтэй гэрлэгсдийн нас улам ч залуужиж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд ч бидэнд дурдаж байсан. Учир нь дөнгөж 18 нас хүрээд гадаад паспортоо авсан охин ч БНСУ-ын иргэнтэй гэр бүл болохоор явдаг болоод байна. Нийт 120 гаруй мянган монгол иргэн БНСУ-д амьдардаг гэдэг албан бус тоо байдаг ч тэнд эхнэр болоод явсан хүмүүсийн тоо ч эргэлзээтэй юм. Манайх шиг цөөхөн хүн амтай улс өөрсдөө хууль гаргаад гадаадын иргэдтэй гэр бүл болох асуудлыг шийдвэрлэхдээ нэлээд нухацтай харахгүй бол мөнгөний хойноос хүүхнүүд хэдэн арваараа зуучлалын компанид хандаж байна. Зуучлалын компаниудад тавих хяналт гэж юу ч алга. Зургаа явуулсан хүнтэй нь суулгаад л амьдруулна гэсэн тогтолцоотой ч зарим тохиолдолд зургаасаа өөр хүн байх нь ч элбэг байдаг байна. Гэвч БНСУ-ын хилийг давсан тэдний хувьд тэнгэр хол, газар хатуу болно.
Учир нь зуучлагч компанийн маш хариуцлага шаардсан гэрээ байдаг. Гэрээг зөрчинө гэвэл хэдэн зуун мянган ам.доллараар торгуулна, харин гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзвэл гадаадын хэн ч танихгүй иргэний гэрт царай харж амьдарна. Үндэсний аюулгүй байдалд орчихоод байгаа энэхүү асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй бол баахан цус холилдсон хүүхдүүд ирээдүйг угтахад ойрхон болжээ. Монголд ажил олдохгүй гэж ярьдаг ч тэд хүний газар зовж зүдэрснээс Монголдоо өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхлээд амьдарч яагаад болохгүй гэж. Амар хялбар аргаар мөнгө олж, Солонгосын олон ангит киноноос иш татан бүх зүйлийг гоё сайхнаар төсөөлөн байж гадаад хүнтэй суудаг тэдэнд “Эх орондоо эргээд ир, ээж аав чинь дуудаад байна” гэж хэлмээр байна.