Даяаршлын цаг үед Солонгосын их, дээд сургуулиуд олон улсын харилцаагаа өргөтгөх, гадаадын их, дээд сургуулиудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэх үүднээс дэлхийн олон орны оюутнуудыг сургах үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй уялдуулан БНСУ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам нь гадаадын оюутны тоог нэмэгдүүлэх үүднээс Ерөнхий чиг хандлага (Study Korea Project, 2004) төслийг гаргаж 2012 он хүртэл 100,000 гадаадын оюутнуудыг суралцуулах зорилт тавиад байна. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд БНСУ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам нь Солонгосын засгийн газрын тэтгэлэгт оюутны тоог нэмэгдүүлэх, гадаад оюутны суралцах, амьдрах орчинг шинэчлэх, үр дүнтэй захиргааны дэмжлэг үзүүлэх системийг бүрдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Гадаад оюутны статистикийн тоо баримт авч үзвэл 2008 оны 4-р сарын 1-ний байдлаар нийт 407 их, дээд сургуульд 63,952 гадаадын оюутан суралцаж байна. Дэлхийн 143 орноос ирсэн оюутнууд Солонгост суралцаж байна. Сурч байгаа салбарыг нь авч үзвэл хэлний курс 19,592 оюутан, Бакалаврын төвшинд 28,197 оюутан, магистр, докторын сургалтанд, 12,388 оюутан, Бусад сургалтуудад 3,846 оюутан суралцаж байна. |