Moderator: mgl_300
Өнгөрсөн даваа гаригт гурван хүүхдийн эх 34 настай жирэмсэн эмэгтэй Нийслэлийн III амаржих газарт их хэмжээний цус алдсан байдалтай хүргэгдэн ирж яаралтай хагалгаанд орсон боловч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хагалгааг хийсэн эмч нарын бүрэлдэхүүнд багтсан Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч Д.БАТ-ОЧИРТОЙ уулзаж доорх мэдээллийг авлаа.
Талийгаач эмэгтэй 22-23 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Тэрээр дөрөв дэх хүүхдээ тээж байсан нь энэ. Хохирогч эмэгтэй урьд нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд харьяалалтай н. Алтанцэцэг эмчийн хяналтад хоёр хүүхдээ төрүүлж байжээ. Түүний нөхөр эмч нарт ярьсанаар бол “Энэ сарын зургаанд эхнэр нь дээрх н.Алтанцэцэг эмчийн хувийн эмнэлэгт очиж үр зулбуулах эм тариулсан байна. Маргааш нь буюу энэ сарын долооны орой эмчдээ үзүүлтэл савны чинь ам нээгдээгүй байна. Байж байгаад хүрээд иргээд гэр рүү нь буцаажээ. Ингээд нэг их удалгүй тэрээр цус алдаж эхэлсэн байна. Хохирогч эмэгтэй н.Алтанцэцэг эмчид хандаж түүний хувийн эмнэлэгт ирсэн байна. Эмч түүнийг өөр нэг хүнтэй нийлж үзээд нэг их удалгүй бушуулаарай, түргэлээрэй болон сандарч өөрийнхөө машинаар гуравдугаар хороололд байрлах нэгэн хувийн эмнэлэг мөн Сүхбаатар дүүрэгт байрлах “Хатагтай эмнэлэг рүү тусламж хүсэн очжээ. Их хэмжээгээр цус алдаж ухаангүй байгаа эмэгтэйг дээрх эмнэлгүүд аваагүй” хэмээн талийгаачийн нөхөр ярьсан байна.
Харин н.Алтанцэцэг эмч эцэст нь III амаржих газар иржээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр ирээд шууд тусламж хүсээгүй нэлээд удаан уг амаржих газрын хүлээн авах дээр суужээ. Хүлээн авахынхан хоёр удаа асууж байж түүнийг ямар хэргээр явааг мэдсэн аж.
Ингээд хохирогч энэ сарын 7-8 найманд шилжих шөнө 02 цагт Нийслэлийн III амаржих газарт хүргэгдэх дээ даралт нь уначихсан, маш их цус алдсан, ухаангүй буюу гүн комын байдалтай байжээ. Тус амаржих газрынхан энэ хүнд одоохондоо амьдын шинж тэмдэг байна гэсэн үндсэн дээр яаралтай тусламж үзүүлэх нь зөв хэмээн мэс засалд орохоор болсон аж. Хагалгаа хийх эмч нарын бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат, эх барихын зөвлөх эмч Б.Бүлтэн, мэс заслын зөвлөх эмч Жаргалбадрах, Нийслэлийн гуравдугаар амаржих газрын орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч н.Ганболд, тус амаржих газрын сэхээний эмч н.Мөнхсайхан зэрэг нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар багтжээ.
Ингээд хагалгаа шөнийн 02 цаг 20 минутад эхлэсэн аж. Хагалгаа эхэлж өвчтөний хэвлийг нээхэд эмч нарын урдаас 3.5 литр орчим цэвэр цус шууд олгойдож сандаргажээ. Мөн хүүхэд нь хэвлий дотроо хөвж явжээ. Түүнчлэн сав нь үндсэндээ тасарч хэвлийдээ энэ тэнд тарсан байдалтай байжээ. Ер нь жирэмсний хожуу үеийн үр хөндөлт хийдэг эх барихын шинжилгээнд нэвтэрсэн олон арга байдаг аж. Ямартаа ч эмч нарын үзэж буйгаар талийгаачийн хэвлийд нь шингэн шахаж дараагаар нь хүчтэй нөлөө бүхий сав агшаадаг эмтэй хавсарч хэрэглэсэн байна. Иймээс сав нь урагдаж байрнаасаа тасарч хөвсөн ажээ. Цус алдаж буй том судсыг барьж нэг ёсондоо цусыг тогтоовол юмыг яаж мэдэх вэ амьдарч мэднэ хэмээн горьдлого тавьсан ч хагалгаа амжилтгүй болжээ. Учир нь хохирогч дахиад цус нэмж алдахааргүй болтлоо цусаа юүлсэн байсан аж. Ийн хожуу үр хөндөлтийг хуулийн бус аргаар хувийн нөхцөлд хөндсөнөөс энэ эмэгтэй амиа алдсан байна.
Хууль зөрчиж хүний амь насанд хүрсэн н.Алтанцэцэг гэгч нь эх барихын эмч ажээ. Тэрээр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд харьяалагддаг байна. Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очирын ярьж буйгаар хоёр жилийн өмнө н.Алтанцэцэг эмч бас яг гурван сарын 7-нд ийм хэрэгт холбогдож уг асуудлаар хууль хяналтын байгууллагаар багагүй явжээ. Түүнчлэн XIII хорооллын “Ану-Үжин” зочид буудлын ард талд байрлах “Ачит ээж” хэмээх хувийн эмнэлгийг нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас хаах хүртэл арга хэмжээ авч байсан байна. Мөн н.Алтанцэцэг эмчийн гэр нь уг эмнэлгийнхээ дээд давхарт байрладаг байна.
Манай улсад үйлчилж буй хуулиар бол жирэмсний эхний гурван cap буюу 12 долоо хоног дотор эх өөрөө үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Мөн 12 долоо хоногоос дээш жирэмсэн тохиолдолд гарцаагүй ургийн заалт буюу ургийн гажиг хөгжил, эсвэл эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан ургийг үргэлжлүүлэн тээвэл амь насанд нь аюултай үед холбогдох мэргэжлийн байгууллагуудын хурал зөвлөлгөөнөөр ордог. Үүнээс гарах шийдвэрийг үндэслэж эмнэлгийн нөхцөлд үр хөндүүлэх ёстой ажээ. Уг хэргээс үүдэн улсын болон нийслэлийн амаржих газрууд, эх барихын эмч нарын нэр хүнд, ёс зүйн асуудал сөхөгдөж буй юм.
Ямартаа ч уг хэргийн тухайд тангараг өргөсөн эмч нар маань хууль бус зүйлийн золиос болсон гурван хүүхдийн эх бүсгүйн амийг аврах гэж чадах чинээгээрээ зүтгэжээ. Гэвч задлан шинжилгээгээр хохирогч бүх цусаа юүлсэн байсан тул амьдрах ямар ч бололцоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Урьд нь хүний амь настай холбоотой хэрэгт холбогдож байсан уг эмчийн хувийн эмнэлэг өнөө болтол оршин тогтносоор байгаа бололтой. Иймээс дахин нэгэн хүн амиа алдлаа. Үүнийг ганц хүний амь ч гэж тооцож боломгүй.
Төрөөгүй л байсан болохоос биш амь орчихсон байсан урагт хууль бусаар үр хөндөлт хийсэн н.Алтанцэцэг эмч хуулийн дээгүүр хэнэг ч үгүй яасан том алхаа вэ.
Манай сурвалжлах хэсэг энэ талаар мэдээлэл авахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Хэргийг одоо тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Уг мэдээллийг амиараа дэнчин тавин байж үр хөндүүлж буй охид, бүсгүйддээ сэрэмжлүүлэг болгох үүнднээс хүргэж буй юм.
Т.Сэлэнгэ
aimar yum aa uuniig unshad zarim neg ni er huntei dotno haritzaand orohooso omno dahin dahin saitar ergetzuulj bodoosooi gej husej bna aa