Moderator : Ixus
Sunday, December 14 @ 22:48:16 GMT+8
/Л.МӨНХБАЯСГАЛАН/
Америкт нэг удаа
Америкт нэг удаа ийм явдал болжээ. 1929 онд гэсэн байх шүү. "Bank of USA" буюу Америкийн нэгдсэн улсын банк нэртэй жижигхэн банк байж л дээ. Түүний эзэн нь еврей үндэстэн байлаа. Тэр үед Америк болон Европод еврейчүүдийг үзэн ядах үзэл газар авсан байж. Ингээд хувхай жүүдийн банкаар оролдох санаа сэдэж тухайн үеийн нэг сонинд өнөөх банкийг санхүүгийн чадваргүй болж байгаа тухай биччихжээ. Ингэтэл тэр банкинд хадгаламж эзэшиж байсан иргэд хадгаламжаа татаж эхлэх нь тэр. Өнөөх банк мэдээж зүв зүгээр ажиллаж байсан болохоор иргэдэд хадгаламжийг нь ч өгч эхлэж л дээ. Тэгээд орой яг хаах цагтаа хаадаг байлаа.
Гэтэл урт дараалалд зогсоод мөнгөө авч чадаагүй иргэд хэл ам хийсээр тэр банкыг үнэхээр доголдуулж эхэлжээ. Том нэртэй жижигхэн банк бусад банкуудаасаа тусламж хүссэн боловч нөгөөдүүл нь "жүүдийн банк дампуурвал дампуураг" гэсэн санаагаар тусласангүй. Ингээд Америкын нэгдсэн улсын банк дампуурах нь тэр.
Жижигхэн ч гэлээ том нэртэй бас өөдөсхөн ч гэсэн банк байсан юм болохоор гадны хөрөнгө оруулагчид болон хадгаламж эзэмшигчид эмээж бусад банкуудаас нь ч мөнгөө татаж зээлээ зогсоосноор бусдыгаа хөлдөө чирч ээлж дараалан дампуурсан түүхтэй гэсэн.
Монголд бас нэг удаа
Өнгөрсөн долоо хоногт Анод банкны үйл ажиллагаа доголдсоныг Монголбанк "илрүүлж" үйл ажиллагааг нь түрж зогсоож "яс баригчид"-аа томилов. Үүнээс хоёрхон хоногийн дараа Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын дарга Э.Гүрранз, ТУЗ-ын гишүүн Н.Даваа нарыг Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьжээ. Энэ дуулиан нь Анодыг ангал руу түлхэхэд улам ч нэрмээс болов. Анодын эзэд ямар гэмт хэрэг үйлдсэний улмаас бөөнөөр нь хорих газар руу илгээх болсоны учир тайлагдах хооронд иргэд ихэд бухимдаж хадгаламжаа авахаар яарч эхэллээ. Гэтэл Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Н.Даваа нар нь мөнөөхөн Ж.Батзандан, О.Магнай нарын ИХ намын гишүүн байсан бөгөөд өнгөрсөн УИХ-д Н.Даваа нь нэр дэвшиж байжээ. Мөн Э.Гүрранз нь бие даан нэр дэвшиж МАХН-ын бодлогыг эсэргүүцсэн юм байх. Ингээд эрх баригч намын үзэл бодол, үйл хэргийг эсэргүүцсэн намын гишүүд Анод банкыг толгойлж байсан учраас энэ банкыг түлхэн унагаах нь зүйтэй гэж үзэв. Мөн долдугаар сарын 1-нд МАХН-ын төв байрыг шатаахад энэ банк санхүүжүүлсэн байж магадгүй гэсэн хардлага давамгайлав. Яг л өнөөх "хувхай жүүдийн банкыг дампууруулъя" гэдэг шиг юм ингэж өрнөв.
Монголд хоЁр дахь удаагаа
Анодын үйл ажиллагаа бага зэрэг доголдсон байхыг үгүйсгэхгүй. Их хэмжээний зээл олгосон байсан бөгөөд Засгийн газар ч Анодод 40 тэрбум төгрөгийн өртэй байж. Үүнээс 20 тэрбум нь хугацаа нь хэтэрчихжээ. Иймийн тулд Анодын гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайдад захидал бичсэн юм байж. Монгол Улсын замын бүх мөнгө энэ банкаар дамждаг бөгөөд хувийн компаниуд Анодоос мөнгө зээлж зам тавьсан бөгөөд тэр зээлийг нь Засгийн газар төлөх ёстой байж. Өөрийн нөөц 170 тэрбум төгрөгийнхөө 140 тэрбумыг зээлд өгчихсөн байж. Энэ бол аль ч банкинд байдаг л жирийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл банк ингэж л ажиллах ёстой байдаг. Гэтэл яагаад Анодын үйл ажиллагаа доголдож эхэлсэн юм бол. Зүв зүгээр ажиллаж байтал нь гар утсаар "Анод банк дампуурах гэж байгаа тул хадгаламжаа татна уу" гэсэн мессеж таржээ. Түүний дараа хэд хэдэн сонинд "Анод" дампуурч байгаа болохоор эздийг нь цагдаад байцааж байна хэмээн мэдээлэв. Ингээд л хадгаламж эзэмшигчид нь бужигнаж эхэлжээ. Байгаа мөнгөө хугацаатай зээлэнд гаргачихсан банкнаас хадгаламж эзэмшигчид нь мөнгөө нэхээд ирмэгц барьц алдах нь тэр. Тэгээд төрөөс тусламж хүсэв. Харин нөгөөдүүл нь бушуухан яс баригч томилож эздийг нь барьж аваад хорьчихов. Яг ийм явдал хэдхэн жилийн өмнө болсон биш үү. Хадгаламж зээлийн хоршоод дампуурах нь гэж ганцхан шуугиулаад л хадгаламж эзэмшигчдийг нь сандруулж орхисон. Тэгээд юу юуны духанд хүрэлгүй эздийг нь барьж аваад хорьчихож билээ. Зарим нь "Намайг битгий хорь, би хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг бариулж байгаа барилгаа дуусгаад хүүтэй нь төлөөд өгье. Бас ийм ийм обьектуудаа зараад ингээд төлчихнө" хичнээн гуйгаад дийлээгүй. Эцсийн бүлэгт баахан ялтантай, мөнгөө алдсан иргэд нь төрийн ордны өмнө үсээ хайчилсанаар төгссөн билээ. Үүнийг хоёр дахь удаагаа давтах хэрэг байна уу.
Юун долдугаар
сарын 1
Хэрвээ Монголд банкууд ээлж дараалан дампуурч эхэлвэл долдугаар сарын 1 байтугай юм болохыг төсөөлж байна уу. Банкинд хадгаламж эзэмшдэг хүмүүс бол бизнесмэнүүд байдагггүй. Бизнесмэнүүд бол мөнгөө байнга зах зээл дээр эргэлтэнд оруулж хөдөлгөж байдаг хүмүүс. Харин насаараа хөдөлмөрлөсөн мөнгөнөөсөө илүүчилж, эсвэл гадаад оронд ажиллаж байгаа үр хүүхдийнхээ мөнгийг хадгалж байгаа хүмүүс л банкинд хадгаламж нээдэг. Дэлхийгээр нэг тарсан мянга мянган монголчууд хөлс цусаа урсган байж олсон мөнгөө хадгалуулж байгаа. Хэрвээ тэдний мөнгийг салхинд хийсгэчихвэл юун долдугаар сарын 1. Тэрнээс ч нэт юм болно гэж сана. Тийм болохоор дампуурлаас, улстөрийн явуулгаас зайлсхийхийн тулд банкуудын ил тод байдал бүхнээс чухал. Нуух юм юу байна. Бүхнээ ил зарлах хэрэгтэй. Байгаа мөнгөө, зээлээ бас тэгээд эздээ бүү нуу. Анод банкны захирлууд шиг болохоос сэрэмжил. Аль банкны цаана хэн байгаагаа л хэлчих. Тухайлбал, Голомт монгол эзэнтэй. ХХБ ч мөн адил. Хаан банк япон эзэнтэй бол Транс оросуудынх. Монгол шуудан банк, Үндэсний хөгжлийн банк, Улаанбаатар банк, Анод банк монгол эзэнтэй бол Хадгаламжийн банк, Чингис хаан банк оросуудынх гэх жишээгээр зарлачих. Банкинд итгэл чухал гээ биз дээ.
С.БаЯр Үнэхээр лайтай
С.Баяр үнэхээр лайтай Ерөнхий сайд юм. Сонгуулиас өмнөх Засгийн газраа тэргүүлж байхдаа түүний 100 дахь хоног нь Монголын ард түмэнд шатахууны үнийн өсөлтөөр бэлэг барьж байсан бол энэ Засгийн газрын 100 дахь хоног нь банкны системийн хямрал байж мэдэх нь. Үүнийг хүсэн хүлээж буй хүн байна. Мөнгөө төлчихөөд захиалсан хөгжмөө хүлээн суугаа хүнийг яах вэ. С.Баярын засгийн газрын 100 хоногт аль нэг банкаар туг дахиж бэлэг бэлдсэн хэмээн учир мэдэх эх сурвалж хэлж байна. Тэгээд Анодын үйл ажиллагааг түр зогсоосон өдрийн ердөө л маргааш нь тус банкны гүйцэтгэх захирал Ерөнхий сайдад хандан бичсэн гэх захидал Ерөнхийлөгчийн мэдлийн сонинд гарч байх нь зүгээр нэг тохиолдол биш. Яагаад банкны үйл ажиллагаа доголдсон мэдээний галыг Засгийн газар руу хандуулахыг зориод байна вэ. Засгийн газарт, С.Баярт дургүй хүн байлгүй л яахав. Анхнаасаа л хууль зөрчиж хуйвалдааны чанартай бий болсон засаг учраас шүүмжлэл хардлагын төв цэг байх нь аргагүй. Гэхдээ ард түмнийхээ хөрөнгөөр тоглож, банкуудыг зулын гол болгож байж С.Баяр болон түүний Засгийн газраас өс тайлна гэвэл арай л үнэтэй санагдана. Энэ Засгийн газрыг огцруулахын тулд, тэдэнтэй тооцоо бодохын төлөө, С.Баяр гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүзэй гэсэндээ зүв зүгээр ажиллаж байсан банкуудыг өшиглөж унагаана гэдэг үнэнийг хэлэхэд арай л ахдаад байна. Тоглоом чинь шоглоом болох нь. Тиймээс банкуудаар оролдох гэсэн увайгүй үйлдлээ зогсоогооч. Хэрвээ энэ Засгийн газар үнэхээр тийм үнэтэй юм бол та нөхөд ард түмнийхээ эрх ашгийг бодоод огцроод өгчихөөч. Салж болдоггүй өгч бардаггүй тийм айхтар албан тушаал биш шүү дээ. Аавын хөвгүүд хашиж л байдаг, алдаж оноод огцорч л байдаг жирийн л нэг төрийн алба ш дээ.
Эцэст нь хэлэхэд улстөрийн өшөө авалт банкинд халдаж байгаа нь энэ. Ард түмнийхээ хөрөнгөөр өс тайлах хэрэггүй л баймаар даа.
Л.Мөнхбаясгалан