Бичлэгийн тоо 11,685
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх өнөөдөр БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр явлаа. Дөрөв хоног үргэлжлэх энэ айлчлалаар тэр БХСУ-ын Хүрээлэн буй орчин, Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын сайд нартай уулзаж,хамтын ажиллагааны хэлбэрүүдээ тогтох гэнэ. Тухайлбал энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор зохион байгуулах Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний чуулга уулзалтад БНСУ-ыг оролцуулах, дэмжлэг авах, хоёр орны Байгаль орчны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар тохиролцох аж. Мөн БНСУ-аас уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд зарцуулахаар тус улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар дэлхий нийтэд зарласан 100 сая ам.долларын санхүүжилтэд Монгол Улс хамрагдан уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг дэмжүүлэхээр ярьжээ. Монгол Улс болон БНСУ нь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор 2003 онд “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан билээ. Сүүлийн жилүүдэд БНСУ-аас Монголд ирсэн жуулчдын тоо жил бүр 8-10 хувиар тогтмол өсч, одоогийн байдлаар ирсэн жуулчдын тоогоор гуравдугаар байранд багтаж байна. 2006 онд БНСУ-аас Монгол Улсад 39 930, 2007 онд 43 930 жуулчин тус тус ирсэн бөгөөд өмнөх онтой харьцуулбал 8 болон 10 хувиар тус тус нэмэгдсэн юм. Харин өнгөрөгч онд 7-р сарын 1-ний онцгой байдал, Бээжинд Олимп болсонтой холбогдуулан Ази Номхон далайн бүс нутгаас ирсэн жуулчны тоо бууран БНСУ-аас 43 396 жуулчин ирж өнгөрсөн онтой харьцуулбал 1.2 хувиар буурсан байна. Түүнчлэн БНСУ руу зорчих Монгол иргэдийн тоо жил бүр тогтмол өсч, 2007 онд БНСУ-руу 43807 Монгол иргэд зорчсон бөгөөд үүнээс 4774 нь албан, 20766 нь хувийн, 6088 нь жуулчлалын, бусад нь суралцах, ажиллах зорилгоор тус тус аялсан байна. Монгол иргэд БНСУ руу бизнесийн, эмчилгээний, худалдаа наймааны зорилгуудыг хослуулан аялах нь түгээмэл болжээ.